2017/07/29

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сонгуулийн бужигнаан, баяр наадам дөнгөж өнгөрөөгөөд амарсан. Түүний амралтын сүүлийн хэд хоног Буйр нуурын эрэг дэх “Алтай констракшн” компанийн Жуулчны баазад өнгөрсөн юм.
 
Тэрээр Буйр нуурын эрэгт сайд Н.Номтойбаяр, сайд асан Т.Бадамжунай нарын хамт энэ сарын 24-нд очоод 26-нд ОУВС-гийн төлөөлөгчдийн дуудлагаар Улаанбаатарт нисч иржээ. Ирсэн даруйдаа ОУВС-гийнхантай уулзсан байна.
 
Түүнийг эзгүйд ОУВС-гийнхан Ерөнхий сайдаас тайлбар авна гэдгээ илэрхийлээд байсан юм. Ингээд тэд Ерөнхий сайдтай уулзав. Тайлбараа ч авсан байна.
 
Мэдээж хэрэг, ОУВС-гийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Ма нар “...Танай Засгийн газар Хүүхдийн мөнгөө зогсоо. Зөвхөн зорилтот бүлэгтээ олго. Эс тэгвээс ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй болно” гэсэн байна.
 
Харин манай Ерөнхий сайд “...Хүүхдийн мөнгийг 2017 оныг дуустал өгчихмөөр байна. Ингэхгүй бол бидний хувьд улс төрийн хэцүү байдалд орох гээд байна” гээд үнэнээ л хэлжээ.
 
Гэвч энэ удаагийн уулзалтаар ОУВС-гийн хөтөлбөр зогсох уу, эсвэл хүүхдийн мөнгөний олголтыг зогсоох уу гэдэг дээр эцсийн шийдэл гараагүй аж.
 
Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувьд тун хүнд байдалд ороод үлдэж байгаа юм.
 
Өнөөдөр эрх баригч МАН-ын дотоод нөхцөл байдал ямар байгаа билээ дээ. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгааныг Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газартай холбоод байгаа.
 
Уг нь сонгуульд ялалт байгуулах боломжийг авч үлдэхийн төлөө Засгийн газар дорвитой шийд гаргаж, сонгуулийн санал хураахын өмнөх өдөр улсынхаа бүх хүүхдэд мөнгө тараасан. Энэ шийдвэрт Ерөнхий сайдын шийдэл жин дарсан нь мэдээж. Гээд амжилт олоогүй. МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдав.
 
Ингээд л сонгуулийн маргаашаас нам дотор нь хөдөлгөөн үүсч, МАН-ын удирдлагад өөрчлөлт оруулах тухай яриад эхэлсэн.
 
Одоо бол эрх баригчдын хувьд Ерөнхийлөгчийн сонгууль нэгэнт болоод өнгөрсөн асуудал болж хувираад байна. Хэдийгээр удахгүй болох МАН-ын Бага хурал, Их хурлаар энэ сонгуулийн дүнтэй холбоотой хариуцлагын асуудал ярина. Гэхдээ өнгөрсөний төлөө хүлээх хариуцлага гэхээсээ 2020 оны сонгуулийн бэлтгэл, суурийг хэрхэн хангах вэ гэдгийг ярих хэрэгтэй болоод байгаа ажээ.
 
Энэ бүхэн Ерөнхий сайдын ОУВС-гийнханд өгсөн тайлбартай холбоотой юм. Учир нь хүүхдийн мөнгийг зогсоовол МАН 2020 оны сонгууль хүртэл эргэж хэвийн рейтингээ олж авна гэдэг хэцүү. Ингэхгүй гээд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох аваас ОУВС-гийн хөтөлбөр зогсч, улс орны эдийн засагт үүнээс ч дор юм болно.
 
Тиймээс яг одоо Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг л болоод байна. Тэрээр Монгол Улсаа бодох уу, МАН-аа бодох уу гэдэг салаа замын уулзвар дээр ацан шалаанд орчихоод зогсч байна.
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:202.9.42.175      2017-07-30 08:17:01
Medeej mie yu gene teriig hiine ene yu gaa medeh ve daa yun tor nam bodoh ooriin bodolgui hun dagasan tolgoigui hun iim um toriin udirdagchaar tavij mie mongol toriig doromjlood tegeed erenhiilegch boloh huslee bieluulne gej morooddog bas teneg hunee mongol toroor togloj bno gej dutuu bodjee argagui mongol bish hund baih moroodoj
 
 
IP:202.9.40.150      2017-07-31 10:12:32
MANgaruud ch yah ve .harin ch mgliig arai l togtvortoi blgj bn .harin ANuusuud buulgaj nuraaj samarch l chadah ym .