2017/08/16

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис “Хойд Солонгос АНУ руу халдвал, тэр цагаас дайн эхэлнэ” гэж мэдэгджээ. Энэ талаар “Франц пресс” агентлаг мэдээлсэн байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Хойд Солонгосын эсрэг авах хориг арга хэмжээг чангатгасны дараа Пхеньян АНУ-ын Гуамын арал руу баллистик пуужин харвах төлөвлөгөөгөө ил болгосон. Тэгвэл энэ үед  АНУ ч тус улсын эсрэг цэргийн стратегиа шинэчилсэн байна. Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис “АНУ Пхеньяныг пуужин хөөргөснийх нь дараа чиглэлийг нь тодорхойлно.

 

Улмаар үнэхээр Гуамыг чиглэж байвал шууд устгах болно” гэж ярьжээ. Харин пуужин Гуамд хүрэлгүйгээр ойролцоох далайн усанд туссан тохиолдолд Ерөнхийлөгч тохиролцоо хийх талаар судалж үзнэ гэж тайлбарласан байна. Үүнээс өөр тодорхой мэдээлэл өгөөгүй ажээ. Үүнээс өмнө АНУ-ын Жон Хопкингийн их сургуулийн АНУ-БНСУ-ын судалгааны төвийн мэргэжилтэн Иосеф Бермудез  “38 north” гэх хиймэл дагуулын зурагт үндэслэн Хойд Солонгос пуужин уснаас харвахаар бэлтгэж байх магадлалтай хөдөлгөөн илэрсэн тухай мэдээлж байсан юм.

Дараа нь АНУ-ын Тагнуулын агентлаг Пхеньян шинээр цөмийн цэнэг үйлдвэрлэж буйг тогтоож, Ерөнхийлөгч Доналд Трамп “Дахин заналхийлэл үйлдвэл АНУ-ын сүр хүчийг харуулна” гэж хатуу анхааруулсан удаатай. Тэгвэл Трампын ширүүхэн мэдэгдэлд Хойд Солонгосын цэргийн Ерөнхий командлагч Ким Жон Ун АНУ-ын Гуамын бүс нутаг руу энэ сарын дундуур тив алгасагч баллистик пуужин харвах төлөвлөгөөгөөрөө хариу барьсан юм.

 

Тэрбээр ойрын өд­рүү­дэд пуужингийнхаа стра­те­гийн талаар цэргийн­хэн­­тэй­гээ зөвлөлдөж, энэ үеэрээ “Урт хугацааны төлөв­лө­гөө боловсруулж бай­­гаа” гэдгээ онцолсон бай­на. KCNA агентлагийн мэдээлж байгаагаар Ким Жон Ун “АНУ-ын удирдлагууд бод­ло­го­гүй­гээр өөрсдөө цэргийн хур­цад­мал байдал үүс­гэж бай­гааг тун гайхаж байна. Өөрөө өөрсдийнхөө хоо­лойг багал­зуурд­лаа” гэж шүүм­жил­сэн мэдэгдэл хийгээд амжжээ.

Мөн тэрбээр “Өнөөгийн хурцадмал байдлыг шийдвэрлэж, Солонгосын хойгийн сөргөлдөөнийг зохицуулахын тулд АНУ эхлээд зөв сонголт хийх ёстой” гэдгийг анхааруулсан байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун төлөвлөгөөгөө эцэслэн батлах үед  тус улс Гуамын бүсээс 30 км-ийн зайд дундын зайн тусгалтай 12 пуужинг илгээх юм байна. Гэхдээ энэ алхам нь “Улсаа мөхөөх сонголт” гэж АНУ үзэж байгаа юм. Одоогоор хэзээ Гуам руу пуужингаа илгээх нь тодорхойгүй байна.

 

Гэхдээ барууны зарим хэвлэлд нийтлэгдсэнээр уг үйл явдал болоход 48 цаг хүрэхтэй үгүйтэй хугацаа үлдсэн гэж таамаглажээ. Түүнчлэн, АНУ болон Өмнөд Солонгос жил тутмын хамтарсан цэргийн сургуулилтаа энэ сарын 21-нээс эхэлж хийнэ гэж Пентагон мэдэгдлээ. Төлөвлөснөөр нь 11 өдөр үргэлжлэх энэ цэргийн сургуулиалтад АНУ-ын 17500 алба хаагч оролцох юм. Сургуулилтын зорилго нь Хойд Солонгосын эсрэг ямар ч аюул заналхийллийг сөрөн зогсох чадвараа нэмэгдүүлж, бэлэн байдлыг хангахад оршиж байгаа аж. 

 

Пхеньян ч гэсэн цэргийн армиа байлдааны бэлэн байдалд шилжүүлсний зэрэгцээ Ким Жон Ун  “Дайсны талаас өдөөн хатгасан ямар нэгэн үйлдэл гаргахад тэр даруйд хариуг нь барих” даалгавар өгчээ. Хойд Солонгос өнгөрсөн сард хоёр удаа тив алгасагч баллистик пуужингийн туршилт хийсэн. Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ сарын 5-ны өдрийн хуралдаанаар АНУ-ын талаас тавьсан саналыг хэлэлцэж, 100 хувийн саналаар Пхеньяны эсрэг авах хориг арга хэмжээгээ чангатгахаар шийдвэрлэсэн юм.

Энэ шийдвэрийн хүрээнд НҮБ-ын гишүүн орнууд Хойд Солонгосын нүүрс, төмөр, төмрийн хүдэр, хар тугалга зэрэг ашигт малтмалын импортдоо цэг тавьж, тус улсын гадаад худалдааны банкны дансыг царцааж, тэнгисийн цэргийн хөлөг онгоцыг нь бүх улсын боомт руу орохыг хориглосон билээ. АНУ-ын талаас тооцсоноор энэ хориг арга хэмжээний хүрээнд Хойд Солонгосын эдийн засагт тэрбум гаруй ам.долларын ноцтой хохирол учирна гэж тооцсон байдаг.

 

MMINFO.MN


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.