2017/08/16

МАН-ын гишүүд дэмжигчдийн "Цэгцрэх" хөдөлгөөнөөс намынхаа удирдах зөвлөлд хандаж шаардлага хүргүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
Шаардлага

 
2016 оны УИХ-н сонгуулийн үр дүнгээр МАН-ын байгуулсан Засгийн газар Монгол улсын сан хөмрөгийг Нэг ч грамм алтны нөөцгүй, Нэг ч цент валютийн нөөцгүй олон тэрбум долларын өртэйгөөр хүлээн авсныг ард түмэн санаж байгаа. Эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлж, хямралыг гэтлэн, цочир хүндрэлээс гаргах нэн хариуцлагатай үүрэг хүлээсэн. Засгийн газар өндөр хүүтэй зээлийг бага хүүтэй зээлээр сольж бууруулах, хугацаа дуусч буй зээлийн хугацааг сунгах, дотоодын үйлдвэрлэлийг сэргээн ажлын байр нэмэгдүүлэх гэх мэт олон тулгамдсан асуудалыг ойрын хугацаанд шийдвэрлэж, дунд хугацаанд зээлийн тодорхой хэсгийг төлөх зэрэг ажлыг хийж цочир хямралаас амс хийж амжсан боловч энэ нь ЭЗ хямрал, хүндрэлээс гарсан явдал биш юм. Улс эх орны нөхцөл байдал хүнд байхад, ерөнхийлөгчийн сонуулиас хойш улс төрийн хариуцлагын асуудал үүсэж МАН-н дарга нарын дунд үл ойлголцол үүсэж эхлэв.
 
МАН-ын дотоод асуудлаас болж төрийн ажил цалгардах ёсгүй. Иймд МАН дотоод асуудлаа яаралтай цэгцлэх шаардлагатай байна. Мөн намын их хурлын өмнө фракц бүлэглэлийн дарга нар намыг талцуулж, эв нэгдлийг алдагдуулах, өөрсдийн шатрын хүүнүүдээрээ хэвлэлийн хурал ээлжлэн хийлгэж, элдвээр нэгнээ харлуулж байгаа нь хэн нэгний идэш болох вий хэмээн МАН-ын гишүүд дэмжигчид эгдүүцэж байгааг үүгээр мэдэгдэж байна.Нөгөө талаас “яаралтай шийдэх” нэрийн дор асуудалд хайнга хандаж, ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болон сонгуулийн үеэр нийгэм эдийн засгийн бодлогын алдаа гаргаж, буруу ажилласан. Томилгоо, 60 тэрбумын асуудлуудын эзэдтэй хариуцлага тооцох ажлыг хойшлуулж, орхигдуулж болохгүй бөгөөд 2020 оны сонгуульд ялалт байгуулах нь ЭЗ-н хүндрэл, их хэмжээний гадаад өрнөөс чөлөөлөх үйл ажиллагааг үр дүнтэй үргэлжлүүлэн явуулах үндэс болох юм.
 
Хариуцлага

 
Гэвч энэ хариуцлагатай цаг хугацааны өндөрлөгт ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдаж, улс төрийн тогтворгүй үл ойлголцсон байдал бий болох нөхцөл байдлыг МАН-ын бага хурал нийгэм ЭЗ, иргэдийн хүлээлт, намын гишүүд анхан шатны нэгж, үүрийн дарга нарын санал бодлыг тусгалгүйгээр “нэр дэвшигчийг тодруулснаар” ялагдал хүлээх нөхцөл байдлыг бий болголоо. Иймд дээрх нөхцөл байдлыг бий болгосон холбогдох албан тушаалтнуудтай яаралтай намын дүрэм журмын дагуу улс төрийн хариуцлага тооцож, шинээр яаралтай ЖИНХЭНЭ Мэргэжлийн засгийн газрыг эмхлэн байгуулах нэн чухал шаардлагатай байна.
 
Намын дотоод хурал, зохион байгуулалт,

 
Дээр дурдсанчлан төрийн ажлыг цалгардуулалгүй явуулахын тулд намын дотоод асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай байгааг дээр дурдсан. Үүний тулд намын бага хурлыг яаралтай хуралдуулж, намын их хурлын товыг 2017 оны 09 –р сард багтаан зарлах. Намын их хурлыг хийх бэлтгэл ажлыг өндөр түвшинд зохион байгуулах, Намын их хурлын төлөөлөгчдийг сонгох анхан шатны нэгжүүдийн хурлуудыг улс орон даяар ажлын 5 хоногийн өмнө ил тод нээлттэйгээр зарлаж, намын гишүүдийн бүрэн оролцоог хангаж, үүрийн дарга нарыг дээд удирдлагаас ямар нэгэн дарамт шахалтанд оруулалгүйгээр, намын дүрмийн дагуу дотоод ардчилалтай зохион байгуулахыг шаардаж байна.Жирийн иргэд, залуус тодорхой хэдхэн зүйлийг л төрөөс хүсдэг. “Ажлын байр, тогтмол орлого, тогтвортой байдал, эрүүл нийгэм, гэрэлтэй тодорхой ирээдүйг л хүсч байгаа” МАН-ын дарга, удирдлагууд эвээ эрхэмлэн эвлэлдэж, үүргээ биелүүлэн ажиллах шаардлагатай байгааг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.