2017/09/14

-5,7 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХАМГИЙН ХЯМД, ЧАНАРГҮЙ 7,2 ТУН ВАКЦИН 
ХУДАЛДАН АВЧ БАЙЖЭЭ-


Нийслэлийн төсвөөс тэрбум орчим төгрөг зарлагадаж тэмцсэн шүлхий хүрээгээ улам тэлсээр байна. Тодруулбал, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин 2017 он гарсаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат, Сүхбаатар, Мөнххаан, Баруун-Урт, Түмэнцогт, Баяндэлгэр, Дарьганга, Түвшинширээ сум, Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр, Цагаан-Овоо сум, Хэнтий аймгийн Норовлин, Батноров, Баянхутаг, Галшар, Хэрлэн сум, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Эрдэнэ, Алтанширээ сум, Төв аймгийн Сэргэлэн, Дундговь аймгийн Өлзийт, Гурвансайхан сум зэрэг гурван аймгийн 21 суманд оношлогдож, хорио цээрийн дэглэмтэй байсан. Гэтэл энэ өвчин төд удалгүй нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэгдлээ.

Шүлхий өвчин ийн тархах болсон нь вакцины дархлааны идэвхи маш сул байсантай холбоотойг албанаас хийсэн шалгалтууд нотолж буй юм. Өнгөрсөн зургаа, долдугаар сард малд хийсэн шүлхийн вакциныг 2016 оны наймдугаар сарын 31-нд Засгийн газрын тогтоол гарч, есдүгээр сарын 19-нд тендэр зарлаж худалдаж авсан байдаг.

Тодруулбал “Глобал бизнес линк” гэх, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Улсын мал эмнэлэг үржлийн газрын дэд дарга асан З.Батсүх гэдэг хүний компаниас худалдаж авсан бөгөөд вакцин худалдан авах ажлын хэсгийн ахлагчаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле ажилласан байдаг.

Нийт 5 тэрбум 760 сая төгрөгөөр 7,2 сая тун вакцин худалдаж авахдаа хамгийн хямдхан, хамгийн чанаргүй вакцин худалдан авсан нь өнөөгийн нөхцөл байдлаас тодорхой харагдаж байна.

Өнгөрсөн зургадугаар сарын 10-наас наймдугаар сарын 4 хүртэл Мал эмнэлэг, үржлийн газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, 17 аймгийн Мал эмнэлгийн алба, мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори хамтран шүлхий өвчний халдварын болон вакцины дархлааны идэвхийн тандалт судалгаа хийжээ.

Тандалтад хамрагдсан нийт 17 аймгийн 65 сумын 130 багийн 810 суурийн 10822 малын дээжээс 2015-2017 онд шүлхий өвчин бүртгэгдсэн аймгуудын дээжийн 3157/351 (11,1%)-д, шүлхий өвчин бүртгэгдээгүй аймгуудын дээжийн 7665/11 (0.1%)-д  шүлхий өвчний бүтцийн бус уургийн эсрэг бием илэрсэн байна.

Мөн Ховд, Баян-Өлгий аймгаас тандалтад хамруулсан дээжинд хийсэн вакцины дархлааны хариу урвал шалгах шинжилгээгээр дархлааны идэвхи 0,0%, Хэнтий, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр аймагт 5,0-45,0 хувьтай байжээ. Түүнчлэн Хэнтий аймагт 5%, Дорноговь аймагт 22,5%, Дорнод аймагт 20%, Говьсүмбэр аймагт 45% байсан нь малд тогтсон шүлхий өвчний эсрэг вакцины дархлаа хангалтгүй байгааг харуулсан байна.

 

-ЧАНАРАА АЛДСАН ВАКЦИНЫГ БУРУУ ТУНГААР ТАРЬЖ БАЙСАН НЬ ТОГТООГДОВ-


Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал эмнэлгийн ажил, үйлчилгээний стандартын шаардлагыг хангуулах, болзошгүй эрсдэлийг бууруулах зорилгоор НМХГ-ын даргын баталсан 2017 оны 02-01/198, 539 тоот удирдамжуудын дагуу 2017 оны гуравдугаар сарын 25-ны өдрөөс наймдугаар сарын 8-ны хооронд хяналт шалгалт хийж гүйцэтгэжээ. Шалгалтад Нийслэлийн мал эмнэлгийн газар, есөн дүүргийн 21 мал эмнэлгийн аж ахуйн нэгж, нэг жижиг амьтны мал эмнэлэг хамрагджээ. Гэтэл шалгалтаар хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн байна.

1. Найман дүүргийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн жилд урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулах малын төрөл, тоо нь тодорхойгүй, А данстай малын тоо зөрсөн, сүүлийн гурван жилийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины захиалгын тоо өөрчлөгдөөгүй, дуудлагын журналыг үндэслээгүй, жил бүр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх авах арга хэмжээний вакцины захиалгыг үнэн бодитой хийдэггүй.


2. Багануур, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Багахангай, Баянгол дүүргийн Засаг дарга бүрэн эрх үүргийн дагуу мал эмнэлгийн үйлчилгээний нэгжтэй байгуулсан гэрээгээ жилийн эцэст дүгнээгүй, Засаг даргын зөвлөлөөр хэлэлцүүлдэггүй.


3. Малын эмч нар урьдчилан сэргийлэх арга хэмжээний тарилга, туулгалт, угаалга, боловсруулалтыг өөрийн биеэр гардан хийдэг боловч малын эрүүл мэндийн үзлэг хийдэггүй, энэ талаар бүртгэл хөтөлдөггүй, малчин өрхүүдээр дзвтрийг бүрэн тараагаагүй, тэмдэглэл хөтлөөгүй, тарилгын акт жагсаалтыг буруу үйлдсэн, анхан шатны бүртгэл хөтлөлт хангалтгүй, мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний нэгжийн стандарт, технологийг мөрдөж ажиллаагүй.


4. Жишээ нь, Буянхөхий, Баяндэмбэрэл, Рэз, Бамбуу, Ганганбуга, Гүнтэрэм, Туда, Алтан бэлчир, Молор чандмань, Дүүрэн чандмань, Тэгш таван эрдэнэ, Мэг, Жижиг зээрд, БөхМо, Цэф трейд ХХК-иудад малын гоц халдварт, халдварт өвчнөөс сэргийлэх вакцинтай цодонг нээсний дараа 24 цагийн турш хэрэглээгүй бол малд тарьж болохгүй гэсэн хориглосон заалттай байхад чанар байдлаа алдсан вакцинаар мал тарьсан байна.

Мөн Баяндэмбэрэл, Молор чандмань, Дүүрэн чандмань, Рэз, Бамбуу, Гүнтэрэм, Туда ХХК дотрын халдварт хордлогоос сэргийлэх вакцины тарилгыг 14 хоногийн хугацаанд хоёр удаагийн давтамжтайгаар (I удаа 2 гр, II удаа 3 гр) тарихаар байхад шууд 5 гр-аар тарьсан. Жижиг Зээрд, Буянхөхий ХХК малын гоц халдварт шүлхйй өвчнөөс сэргийлэх вакциныг үхэр тугалд 2 мл-ээр тарихаар байхад тугалд 1 мл, шүдлэн 2 мл-ээр тарьсан, тарилгын зааврыг мөрдөөгүй;


5. Мал эмнэлгийн нэгжүүдийн 52.3 хувь нь шаардлага хангасан агуулахгүй, малын эмийг фаомакологийн ангилал болон хадгалалтын горимын дагуу хадгалаагүй;


6. Мал эмнэлэг, үйлчилгээний нэгжүүд нь сэг зэм халдварын эх булаг болох бусад зүйлсийг устгах8 шатаах зориулалт бүхий устгалын нүх, төхөөрөмжгүй байгаа нь “Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн бүтэц, үйл ажиллагаа. Ерөнхий шаардлага МNS 5368-2.2011’’ стандартын шаардлагын 8.3 дахь заалтыг тус тус зөрчсөн байна.

 

-ВАКЦИН ХИЙЛГЭСЭН Е.СЕРИКБОЛЫН ҮХЭР СҮРЭГТ ШҮЛХИЙН ШИНЖ 
ТЭМДЭГ ДАХИН ИЛЭРЧЭЭ-


Улаанбаатар хотод Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/478 дугаартай захирамж дагуу малын гоц халдварт шүлхий, цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд өнгөрсөн 6,7 сард мал сүргийг төлөвлөгөөний дагуу вакцинжуулсан. Гэтэл нэг сарын хугацаа өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Шижирийн өвөр аманд Е.Серикболын үхэр сүрэгт шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, улмаар Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 2017 оны долдугаар сарын 23-ны өдрийн 17-1489 дугаартай шинжилгээний дүнгээр малын гоц халдварт шүлхий өвчин болох нь батлагдсан. Уг нь тус айлын мал вакцинжуулалтад хамрагдсан байжээ.

Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдсан малаас дахин шүлхий өвчин гарсан шалтгааныг тодорхойлох зорилгоор Нийслэлийн мал эмнэлгийн газраас Сонгинохайрхан дүүргийн 7, 9. 22, 25, 26 дугаар хорооны мал бүхий иргэдийн 153 толгой үхэр, хонь, ямаанаас түүвэрчилсэн цусны дээж авчээ.

Улмаар 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид ийлдсэнд шүлхий вакцины эсрэг дархлаа буюу эсрэг бием илрүүлэх шинжилгээнд хамруулсан байна. Тус лабораторийн 2017 оны наймдугаар сарын 7-ны өдрийн 17-1546 дугаартай шинжилгээний дүнгээр 153 дээжээс 56 малд эсрэг бием илэрсэн буюу эерэг урвалтай, харин 97 малын дээжээс эсрэг бием илрээгүй буюу сөрөг урвалтай гарчээ.

Техникийн тодорхойлолтоор БНЭУ-аас нийлүүлэгдсэн вакцины малыг шүлхийгээс хамгаалах идэвхи нь 85 хувь байхаас шинжилгээний дүнгээр хамгаалах идэвхи нь (О хэвшлээс 36.6 хувь, А хэвшлээс 35.2 хувь, Аsiа 1 хэвшлээс 33.3 хувь) дунджаар 35 хувьтай гарсан нь шүлхийн эсрэг дархлаа тогтоох идэвхит чанар муу байгааг нотолсон байна. 100 хувь хамгаалах ёстой вакцин 35 хувийн хамгаалах чадвартай байгаа нь ердөө л ус савлаад, түүнийгээ вакцин гэж нэрлэж буйтай адил гэдгийг эх сурвалжууд хэлж байлаа.

Энэ асуудлаар Мал эмнэлэг, үржлийн газрын холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл авах гэсэн боловч утсаар мэдээлэл өгөх боломжгүй гэв. Бид энэ асуудлаар эргэн мэдээлсээр байх болно.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.