2017/11/22

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын “Forbes” сэтгүүлд анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгөв. Тус сэтгүүлд бичихдээ, Халтмаагийн Баттулга нь 1963 оны гуравдугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төржээ. Тэрбээр ерөнхий боловсролын сургуулиа төгсмөгцөө Дүрслэх урлагийн сургуульд элсэв. 1982 онд Х.Баттулга зураачдын холбоонд ажиллаж байв. Харин 1979-1990 он хүртэл самбо бөхийн төрөлд Монгол Улсын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж байлаа.

Х.Баттулга нь 1983 онд Украины Киев хотод зохион байгуулагдсан Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, алтан медаль хүртэж байсан түүхтэй. Харин 1986 болон 1990 онд тэрбээр мөнгөн медаль хүртсэн юм. 2004 онд Х.Баттулга нь УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Улмаар 2008-2012 онд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд, 2012-2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байв.

2017 оны долдугаар сарын 7-нд Х.Баттулга нь УИХ-д цөөнх болсон Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулав. Х.Баттулга нь хоёр удаа гэрлэж байсан. Түүний гэргий Анжелика Даваин хэмээх орос бүсгүй байдаг” хэмээн бичжээ. Түүний өгсөн ярилцлагын онцлох ишлэлүүдээс толилуулъя.

-Үндэсний бөхийн барилдаан жүдотой адил уламжлал, ахмад настан, дасгалжуулагч нараа хүндэтгэхэд тус дэмтэй. Мөн бөхчүүд спортын салбар болон амьдрал дээр биеэ зөв авч явж сурдаг. Жүдогийн хатуу дэглэм хүнийг сахилга баттай болгодог.

-Бөхийн барилдаанд би нэг хүний үйлдлийг урьдчилан таамаглаж чадна. Харин улс төрд олон тоглогч бий.

-Миний улс төрд орсон гол шалтгаан бол эх орныхоо ирээдүйг бүтээлцэхэд өөрийн хувь нэмрээ оруулах.

-Бид сул талаа давуу тал болгох боломжтой. Монгол Улсын эдийн засаг уул уурхайн гаралтай түүхий эдийн экспортоос хараат. Гэхдээ энэ бол түр зуурын үзэгдэл.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр би улс эх орноо хөгжүүлэх мөрийн хөтөлбөрөө танилцуулсан. Иймээс өөрийн багтайгаа хамтран тэрхүү мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн. Бид Монгол Улсын сул талыг давуу тал болгохын төлөө ажиллана.

-Орос-Монголын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр хоёр улсын хамтын ажиллагааны тод илрэл байсан. “Эрдэнэт” үйлдвэрийн туршлага бидэнд бүтээгдэхүүнээ боловсруулах боломжтой гэдгийг харуулсан.

-Бид хөдөө аж ахуйн салбартаа чухал ач холбогдол өгч байна. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байна. Энэ салбарт хүн амын 42 хувь нь ажиллаж байна. Энэ тоон үзүүлэлт бол гурван сая хүн амтай Монгол Улсын хувьд томоохон үзүүлэлт. Жил бүр бид 10 сая арьс шир ялган авч байна. Гэхдээ энэ бол хангалттай биш. Хэрвээ бид арьс шир боловсруулах үйлдвэртэй болвол бүтээгдэхүүнээ экспортлох бүрэн боломжтой болно.

-Миний мөрийн хөтөлбөрийн товч агуулга монголчуудыг эх орондоо сэтгэл ханамжтай, сайхан амьдруулах, ядуурлыг бууруулахад оршино.

-Ерөнхийлөгчийн сонгуульд би намын дарга, Засгийн газрын сайд гэдэг утгаар бус энгийн иргэний үүднээс оролцсон.

-Харамсалтай нь, Монгол Улс төрийн бодлогодоо үндэсний ашиг сонирхлыг харгалзан үздэггүй. Хүн амын хөгжил, шударга ёсыг хангахад төвлөрч ажиллах ёстой гэдэг асуудалд сонгогчдын анхаарлыг төвлөрүүлэхийг хичээсэн.

-Би 12 өдрийн дотор Монгол Улсын 21 аймаг, гурван хотоор явж, сонгогчтойгоо уулзсан. Машинаар Монгол орноо бүтэн тойрсон.

-Ерөнхийлөгчийн сонгууль хамгийн хэцүү хүнд байлаа. Учир нь, Засгийн эрх барьж буй МАН бүх хэвлэл мэдээллийг атгаж байсан. Монголын хэвлэл мэдээллийн 90 хувь нь миний өрсөлдөгчийн сурталчилгааг бүхэлд нь хийж байлаа. Би бууж өгөөгүй. Орчин үеийн технологи, ухаалаг утасны тусламжтайгаар сошиал медиаг ашиглан, Facebook live-р сонгогчтойгоо харилцаж эхэлсэн. Энэ нь зурагтаар сурталчилгаа хийхээс илүү үр дүнтэй байсан. Үүнээс гадна мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж Асашоёрюү “Аса” явуулын станц ажиллуулж, намайг дэмжсэн шүү.

-Агуу зорилгын төлөө монголчууд нэгдэж чадвал агуу улсыг бий болгож болно. Монголчууд Чингисийн удам шүү дээ. Монгол Улс эдийн засгийн хараат бус байдлаа бэхжүүлэхийн тулд нэг зорилго дор нэгдэх хэрэгтэй. Ингэсэн цагт би агуу эзэнт гүрэн биш юмаа гэхэд эдийн засгийн хараат бус, бие даасан улсыг цогцлоох бүрэн боломжтой.

-Бид баялаг, агуу түүх, уламжлалтай. Энэ нь шинэ эзэнт гүрэн бий болгоно гэсэн үг биш. Бид цаг үеэ дагаж хөгжих нь чухал. Би Монголоо ард түмэн нь аз жаргалтай, нийгэм нь хөгжингүй, эдийн засаг нь бие даасан улс байгаасай гэж хүсдэг. Бидэнд амьдралаа дээшлүүлэх хангалттай байгалийн баялаг, уламжлал, хариуцлагатай нийгэм байна.

-Монгол Улсын дэлхийн ноолуурын хэрэгцээний 30 хувийг үйлдвэрлэж байна. Гэхдээ энэ хангалттай гэсэн үг биш. Бид зэсийн нөөцөөрөө дэлхийд нөлөө үзүүлэх боломжтой. Мөн бид дэлхийд газрын ховор элемент, ураны зах зээлд идэвхтэй тоглогч болох бололцоо байна. Гэхдээ бидний өмнө тулгамдаж байгаа асуудал бол боловсруулах үйлдвэр.

-Гажуудсан ардчиллаас үүдэлтэйгээр монголчууд олон жилийн үр дүнгүй улс төрийн намаас залхаж байна. Иргэдийн итгэл, найдвар алдарлаа. Шийдвэртэй, бодит үр дүнтэй бодлого үгүйлэгдэж байна.

-Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй ханддаг. Бид гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөлийг бүрдүүлэхэд бэлэн байна. Хамгийн гол нь хоёр тал харилцан ашигтай хамтын ажиллагаа, шударга ёсыг эрхэмлэх ёстой. Ажлын байр бий болгож буй монголчуудад үр өгөөжтэй, экспортод чиглэсэн хөрөнгө оруулалтыг би үргэлж дэмждэг.

-Би алт олборлолтын салбарт гадаадын хөрөнгө оруулагчид лиценз эзэмшихийн эсрэг зогсдог. Алт бол валютын нөөцийг илэрхийлэх, онцгой бүтээгдэхүүн гэдэг утгаар би энэ салбарт онцгой бодлого баримтална. Өөр сонголт бидэнд байхгүй.

-Алс Дорнод бол монголчуудын хувьд хол биш гэсэн үг юм. Миний бие  энэ бүс нутагт хамтын ажиллагаа хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Би ОХУ, БНСУ-ын төрийн тэргүүн болон Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй хэлэлцээр хийсэн. Бидэнд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх маш их боломж байгааг би олж харсан. Ерөнхийлөгч Владимир Путин үүнд чухал ач холбогдол өглөө.

-Монгол Улс далайд гарцгүй орон. Гэхдээ ашигт малтмалаар баялаг. Бид өөрсдийн бүтээгдэхүүнээ экспортлох зам хайж байна. Ази, Номхон далайн улсын хувьд бид Приморский хязгаарын Восточный боомтыг сонирхож байна. Энэ бол далайд гарцтай болох гарц бөгөөд бүс нутгийн улс орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх, дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах боломж олдож байна гэсэн үг юм.

-Орос, монголчууд бидний дунд түр хугацааны зөрчил байсан нь үнэн. Бид асуудлыг шийдэж чадна гэж бодож байна. 2014 онд Монгол Оросын иргэд харилцан визгүй зорчдог болсон Заримдаа хоёр тал тохиролцсон хэлэлцээрээ биелүүлэхгүй байгаа үед улс төрийн үйл ойлголцол ажиглагддаг.

-Бидний өвөг дээд урьдаас газар зүйн ашигтай байрлалыг тооцоолсон байх гэж боддог. Ялангуяа, бид хоёр том гүрний дунд оршиж байна. Энэ нь аюулгүй байдал талаасаа маш тааламжтай гэж хэлж болно. Иймээс бид өнөөдөр ардчиллын тухай нээлттэй, чөлөөтэй ярьж чадаж байна.

-1990 оноос хойш өнөөдрийг хүртэл БНХАУ бол Монгол Улсын худалдааны том түнш орон болж байна. Цаашид ч байх болно. Энэ нь хоёр улсын хувьд ашигтай байж болно. Гол нь, бие биеийнхээ ашиг сонирхлыг хүндэтгэх нь чухал.

-Монгол Улсын гадаад худалдаанд БНХАУ онцгой байр суурь эзэлнэ гэдэгт муу зүйл байхгүй гэж харж байна. Монгол Улс гадаад худалдааны харилцаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ тэнцвэртэй байдлыг хадгалах хэрэгтэй.

-Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Монгол Улсын гадаад бодлогод өөрчлөлт орохгүй. Бид нэг цонхны бодлогоо тууштай баримтална. Бид БНХАУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаагаа хумихын төлөө бус, тэнцвэртэй байдлыг хангах чиглэлд бодлого баримталж байна. Энэ нь БНХАУ-аас гадна бусад улс оронтой эдийн засгийн харилцаагаа өргөжүүлнэ гэсэн үг юм.

-Бид эдийн засгаа төрөлжүүлэхээр хичээж байна. Орчин үеийн Монгол улс 1921 оноос Оросын тоног төхөөрөмжийн тусламжтай, ганц Зөвлөлтийн зах зээлд тулгуурлан хөгжсөн. Иймээс бидэнд энэ чиглэлд адилхан зүйл их байна гэж харж байна.

-Орос Монгол хоёулаа нийлээд дэлхийн хэрэгцээг хангаж чадахгүй. Иймээс өрсөлдөх бус, худалдааны тодорхой салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бэхжүүлэх нь чухал.

-Орос болон Хятад манай мөнхийн хөрш. Бид худалдаа, эдийн засаг, соёл зэрэг бүх салбарт ойлголцож, иж бүрэн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сонирхолтой байна.

-Гуравдагч хөршүүд бидний харилцаанд мөн адил чухал үүрэг гүйцэтгэж байна. Тусгаар тогтносон улсынхаа хувьд бид ашиг сонирхол нэгтэй ямар ч улстай хамтын ажиллагаа өргөжүүлэхийг тэмүүлж байна. Мөн бид бүс нутгийн улсуудтай бүтээлч, ажил хэрэгч харилцаатай байх бүх боломжийг ашиглана.

-Монгол Улсын уул уурхайн салбар хөрөнгө оруулалт татах үүднээс Орос төдийгүй гадны хөрөнгө оруулагч нарт нээлттэй хандаж байгаа. Бид Оросын уул уурхайн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байсан арвин туршлагатай.

-Орос-Монголын хамтарсан нийгэмлэг гэвэл Улаанбаатар төмөр зам л үлдсэн. Энэ төмөр зам бидний найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлсэн гэж хэлж болно. Монголчууд үүнийг найрамдлын зам гэж нэрлэгдэг. Өнөөдөр Улаанбаатар төмөр зам техникийн хувьд эрс шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгарчээ. Үүнд ойролцоогоор 100 тэрбум рублийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Энэ хөрөнгөөр эхний ээлжинд 467 км үндсэн замын засвар, Салхит-Эрдэнэтийн 165 км хэсгийн засвар, Эмээлт-Хөөт болон Хонхор хэсэгт 25 км радиусыг тэгшитгэх зэрэг засварын ажил хийх шаардлагатай байна.

-Улаанбаатар төмөр замын шинэчлэл гацаж буйтай холбоотойгоор ачаа тээвэрлэлт тасалдаж, хүчин чадал нь ачааллаа дийлэхгүйд хүрч байна. Иймээс бид ОХУ-Монгол-БНХАУ-ыг холбосон цор ганц коридороо бэхжүүлэх нэн шаардлагатай байна.

-Зочид буудал удирдах тийм ч хэцүү биш ээ. Харин махны үйлдвэр удирдана гэдэг маш хэцүү шүү. Тухайн үед Монгол Улсын хувьд шилжилтийн үе байлаа. Хүмүүс цалингүй ажиллаж байсан.

-Монгол Улсад олон шинэ үйлдвэр бий болж, ард түмэн нь сэтгэл ханамжтай амьдраасай гэж хүсэж байна. Ингэж л эх орноо удирдахсан гэж хүсдэг.

-Хамгийн гол нь хулгай хийхгүй байх. Би уул уурхайн салбарт тулгуурласан эдийн засагтай улс орны туршлагыг судалсан. Иймээс тэрхүү туршлагад тулгуурлан ажиллах болно.

-Би Монгол Улсын өмнөх Ерөнхийлөгч нартай бүгдтэй нь найз. Тэдгээр хүмүүстэй би өөрийгөө харьцуулж үзсэн. Тэднийг бодвол би маш их бүтээлч сэтгэлгээтэй. Үүнээс гадна би аж ахуйч, бизнес эрхэлж байсан туршлагатай. Монгол Улсын өмнөх Ерөнхийлөгч нар бүгд улс төрийн туршлагатай хүмүүс. Харин би томоохон бизнес эрхэлж байсан туршлагатай. Иймээс би асуудлыг шийдэх өөр гарц харж чадна. Үүнийгээ би ойлгосон цагаас Ерөнхийлөгч болохоор шийдсэн.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.