2017/12/08

Энэ сарын 11-нд “Эрдэнэт хотын өдөр” тохионо. Аймгийн ИТХ-ын хуралдаанаас жил бүрийн 12-р сарын 11-нийг “Эрдэнэт хотын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарсан. Учир нь 1975 оны 12-р сарын 11-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Булган аймгийн Эрдэнэт хороог Эрдэнэт хот болгох шийдвэр гаргасан түүхтэй юм.

“Эрдэнэт хотын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ёслолын үйл ажиллагааны хөтөлбөр гарсан бөгөөд гурав хоногийн турш үргэлжилнэ.  Энэ үеэр тус хотод соёл, спорт, олон нийтийн 30 гаруй үйл ажиллагаа зохион байгуулагдана. Тухайлбал, “Сархиа” цанын бааз, “Хөх монгол цогцолбор”, “Музей” иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх гэнэ. Мөн “Баян”, “Төгөл”, Үйлчилгээний төв, “Номин хоум стайл”-Эрдэнэт салбар, “Эрдэнэт хивс” зэрэг томоохон худалдааны төвүүд бүх бараандаа 10-50 хувийн онцгой хямрал зарлаж баяраа тэмдэглэнэ.  Түүнээс гадна “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас хотын өдөрт зориулж гэрэлт гудамж байгуулж Эрдэнэтчүүддээ бэлэг барих аж.

Ингээд зогсохгүй Эрдэнэт хотын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, үндэсний бөхийн барилдаан, нийгмийн дэмжлэгт хамрагдаж буй эмч, багш нарт “Батламж” гардуулах ёслолын  үйл ажиллагаа болно.

Өдгөө 100 гаруй мянган хүн ам, 29 орчим мянган өрхтэй “Эрдэнэт хотын өдөр”  тэмдэглэлт өдрөөр найрсаг, хамтын харилцаатай улс орноос  зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирэх гэнэ. Баярын үйл ажиллагаа энэ сарын 11-нд тус хотын төв талбай болох А.Амарын талбайд “Гурван бүдүүн”, “Сүнс” хамтлагийн тоглолт, Карнавал шоу, ёслолын буудлага болсноор өндөрлөнө.

Дашрамд дурдахад, Орхон аймаг Эрдэнэт хот нь Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргадаг "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-г сүүлийн 5 жилийн турш тэргүүлж буй. 2016 онд Монгол Улсын нэг иргэнд ноогдох ДНБ 7.9 сая төгрөг байсан бол тус аймагт энэ үзүүлэлт 11.8 сая төгрөг байжээ. Орхон аймагт “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэт хивс”, “Бэрэн металл” тэргүүтэй томоохон үйлдвэр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж өдөрт 3 тэрбум 850 сая төгрөгийн баялаг бүтээж байна.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.