2018/04/17

НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн X, XI, XII хорооны нутаг дэвсгэр буюу бидний нэрлэж заншсанаар 100 айл орчимд төвлөрсөн барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах, судалгаа хийх, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг байгуулж, бүрэлдэхүүнийг баталсан билээ. Тэд холбогдох санал дүгнэлтээ саяхан болсон НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулсан бол өнөөдөр тус газарт үйл ажиллагаа явуулдаг, бизнес эрхэлдэг иргэдтэй уулзаж байна. “Хангарьд” ордонд болж энэхүү уулзалтад НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга тэргүүтэй Ажлын хэсгийнхэн болон барилгын материалын худалдаа үйлчилгээний төвийн эзэн, түрээслэгч нар оролцлоо.
Өнгөрсөн хугацаанд Ажлын хэсгийнхэн 100 айл орчимд тулгамдсан асуудлыг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч иргэдийн эрх ашгийг хохироохгүйгээр шийдвэрлэхийн тулд иргэд болон төр, захиргааны байгууллагатай хамтран ажиллах шаардлагатай байгаагаа илэрхийлсэн байдаг. Тиймдээ ч энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа аж. Харин тэд 2018-2020 он хүртэлх хугацаанд гурван үе шаттай ажлыг хийхээр төлөвлөөд байгаа билээ. Тухайлбал, Нэгдүгээр үе шат: УБЕГ-ын зарим чиг үүргийг дүүрэг болон холбогдох цэгүүдэд шилжүүлэх, барилгын материалын шинэ зах нээх, ил задгай хоол хүнс, барилгын материал зарахыг хориглох, стандартын шаардлага хангаагүй хоолны газар, ТҮЦ-ийг буулгахаар төлөвлөөд байгаа юм.

Хоёрдугаар үе шат: Таваас наймдугаар сард явган болон авто замын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх. 100 айлын замыг өргөтгөж 4-6 эгнээ болгох, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу орчны тохижилт, гэрэлтүүлгийг сайжруулах, дахин төлөвлөлтийн дагуу дэд бүтцийг сайжруулж, шинэчлэх төлөвлөгөө боловсруулж ажиллах юм.

Гуравдугаар үе шат: 2018-2020 оны хооронд Мэргэжлийн хяналт, Онцгой, Барилга байгууламжийн хяналтын хэлтсээс гарсан дүгнэлтийн дагуу шаардлага хангахгүй хуучин барилгуудыг нурааж, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулна. Орон сууцжуулах хөтөлбөр энэ дотор хэрэгжээд явах юм. Шинээр орчин үеийн барилгын худалдааны төвүүд бий болгоно. 100 айл орчмыг өнөө маргаашгүй нүүлгэж, лангууг нь хаахгүй гэдгийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ойлгох хэрэгтэй. Бид бага багаар 100 айлд бизнес эрхэлж байгаа иргэдийн нөхцөлийг сайжруулах, бүртгэлжүүлж, таатай орчинд ажиллах боломжоор хангаж өгөх гээд байгаа юм. Тиймээс иргэддээ сэтгэлтэй, идэвхтэй хандаж, бидний хийх ажлыг дэмжээрэй гэж хэлмээр байна.




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.