2016/05/31

Гэрийнхээ хамаг ажлыг амжуулдаг нөхөр, ажил ажил гэсээр шөнийн бор хоногт гэрийн бараа хардаг завгүй эхнэрийн тухай хөгжилтэй үйл явлдыг өгүүлсэн "Намайг хайрла" романтик, инээдмийн уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. 

 

Зургаадугаар сарын 1-нд нээлтээ хийх тус киноны найруулагчаар А.Чингүн, зохиолчоор Ж.Батсайхан, продюсераар Б.Жаргалсайхан ажиллажээ. 

 

Киноны Цолмон гэх гол дүрийн эмэгтэйн дүрд тоглосон Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Н.Баярмаатай ярилцлаа.

 

-Цахим ертөнц болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Намайг хайрла” УСК-ны трейлэр цацагдаад эхэлчихжээ. Удахгүй кино нээлтээ хийх гэж байна. Дүрийнхээ талаар танилцуулбал? 

 

- Баярлалаа, Энэ кинонд  Цолмон гэх эмэгтэйн дүрийг бүтээсэн байгаа. Энэ эмэгтэй зан характерийн хувьд зарчимч, ажил хэрэгч, өрх гэртээ нэлээн их үүрэг гүйцэтгэдэг өнгөцхөн харвал ууртай эмэгтэй харагдаж байгаа л даа. Ерөнхийдөө харагдах байдал нь оффиссын ажил хэрэгч эмэгтэйн дүр мэт боловч нөгөө талдаа амьдралынхаа төлөө зүтгэж байгаа олон мянган монгол эмэгтэйн төлөөлөл, дүр төрх гэж хэлж болно. Залуугаараа компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдчихсон, ажил нь бүх ертөнц нь болчихсон, гэр бүлдээ цаг зав гаргахаа байчихсан  тэр дүр төрхийг хөгжилтэй байдлаар үзүүлэхийг зорьсон.

 

Азаар маш сайн нөхөртэй, нөхөр нь дутууг нь гүйцээж явдаг. Хүн өөрөө болоод  яваад байна гэдэг боловч яг үнэндээ маш олон зүйл ард нь орхигдчихсон амьдрал зөндөө байдаг. Энэ эмэгтэйд  яг л тийм үйл явдал тохиолдоно. Харин сайн нөхрийнхөө ачаар бүхнийг эргэж харах, өөртөө дүгнэлт хийх боломж олдож байгаа талаар бас өгүүлнэ.

 

 -Тэгэхээр найруулагчийг киногоороо дамжуулан нийгэмд өгөх гэсэн мессэж  залуу гэлтгүй гэр бүлүүдийг харилцаагаа эргэж харах, бие биедээ боломж олгодог байх хэрэгтэй гэсэн санааг гаргаж ирсэн гэж харж болох нь ээ?

 

 - Тэгэлгүй яахав. Өнөөдөр манайд залуу гэр бүлүүд, залуу хосууд хүн амын дийлэнх хувийг эзэлж байна. Тэр хүмүүст амьдралаа эерэгээр харах боломж олгохыг уриалах нь уран бүтээлч хүмүүсийн үүрэг. Тэр утгаараа анх сэдвийн талаар ярилцаж байхдаа ямар сэдвийг барьж авах вэ гэдэг дээрээ их зөвлөлдсөн л дөө. Үзээд өнгөцхөн баясаад гарах биш, өгөөжтэй, үзсэн хүмүүс хоосон гарахгүйгээр ямар нэгэн юмыг зөвөөр бодоод бясалгаад гараасай гэж хүссэн. Энэ киног ч гэсэн үзсэн хүмүүс өөрийнхөө тухай, гэр бүлийнхээ тухай дүгнэж бодох, гэр бүлийнхээ харилцаан дээр юуг анхаарах ёстой юм бэ гэдэг дээр ойлголттой болох байх гэдэгт итгэж байгаа л даа. 

 

- Трейлэрийг нь харж байхад тус кинонд УДЭТ-ын залуу уран бүтээлчид тоглосон харагдсан? 

 

-Ерөнхийдөө залуучуудын баг манай кинонд ажилласан байгаа. Найруулагч маань хүртэл манай театрын залуу найруулагч А.Чингүн ажилласан. Залуу хүн болохоор зоригтой, шийдэмгий найруулж чадсан гэж бодож байна. Түүнчлэн сүүлийн үеийн илэрхийлэл болсон мундаг залуу жүжигчид оролцсон байгаа.

 

-Уран бүтээлч хүнтэй ярилцаж байна. Тиймээс уран бүтээлдээ баримталдаг зарчмынх ньталаар асуухгүй өнгөрч болохгүй байх?

 

-Аливаа ажилд хандах хандлага нь тухайн хүн өөрөө хэрхэн хандаж байгаа хандлагаас шалтгаалдаг гэж боддог. Амжилт нь  ч мөн ялгаагүй түүнээс хамаарна. Удаан хугацаанд оршин тогтнож, илүү сайн уран бүтээлч болохын тулд мэдээж ажилдаа маш хүндэтгэлтэй ханддаг байх ёстой гэдгийг зарчмаа болгож ажилладаг. Мэдээж залуу хүн юм чинь алдах, онох үе байна л даа. Гэхдээ хамгийн наад захын жижигхэн зүйл цаг барилтаас эхлээд л яс байхыг хичээдэг. Тэр чинээгээрээ ажлын бүтээмж дээшилнэ шүү дээ. Хоёрдугаарт жүжигчин хүн эцсийн эцэст хичнээн мундаг байсан ч гол нь тухайн дүрийг гаргах ёстой. Тэр бол хамгийн том зарчим. Аливаа нэг уран бүтээл дээр ажиллахдаа надад юу ч тохиолдож болно. Эцсийн эцэст өөртөө сэтгэл хангалуун, хүмүүст үзүүлэхэд нүүр бардам дүрдээ тэгж тоглох юм сан л гэж хичээдэг.

 

 -Драмын театраар овоглоод хэдийн хэр хугацаа өнгөрөв.Театр ороод анх тоглож байсан дүрээ эргэн санавал? 

 

-Миний хувьд театрт ажиллаад дөрвөн жил болох гэж байна. Азтай гэх үү ямар ч байсан анхны дүр маань сонгодог дүр байсан. Хоёр дахь дүр нь бүр сонгодог жүжгийн гол дүр байлаа.Ер нь теартын хувьд өөрийгөө азтай, хувьтай хүн гэж бодож явдаг л даа. Театрын тухайд театр гэдэг өөрөө том айл. Энд өөрийгөө олж оршин тогтноно гэдэг хувь хүнээс маш их чадвар, тэвчээр ажилдаа хэр дуртай эсэх гэх мэт олон зүйлээс шалтгаалдаг шиг санагддаг. Арчигдаад өнгөрөхөд маш амархан газар. Энд оршин тогтнож, би байгаагаа илэрхийлнэ гэдэг бол нэлээн тэвчээр, шалгууртай. Театраа бол үнэхээр их хүндэтгэдэг. Эндээс бүх зүйлийг сураад явж байна, яваандаа ч өшөө ихийг сурна. 

 

-Театрын хувьд ийм байж байдаг байж. Тэгвэл дэлгэцийн уран бүтээлд тоглох, театрт  тоглох хоёрын ялгааг ер нь яаж хардаг вэ? 

 

-Кино, театр хоёрт тоглох жүжигчний дотоод мэдрэмж бол ижилхэн л дээ. Тэр дүрийг яаж гаргах вэ гэдэг нандин мэдрэмжүүд бүгд байна. Илэрхийлэх илэрхийллийг нь л жаахан ялгаатай гэж хардаг. Кинонд зөвхөн нүднийхээ харцаар аливааг илэрхийлж болдог бол, театрт бол далайцтайгаар бүх биеэрээ илэрхийлж байж уншигддаг байх жишээний.

 

 -Жүжигчин хүний хувьд бас залуу хүний хувьд нэг ийм дүр дээр тоглочих юмсан гэж мөрөөдөж явдаг дүр байдаг байх, хуваалцвал?

 

 -Театртаа бол мэдээж олон төрөлд, олон жанрт тоглож үзэх юмсан гэж хүсдэг. Инээдэм, эмгэнэл гээд өөрийгөө эвдэж янз бүрийн дүрд тоглож үзэх юмсан гэж боддог. Харин киноны тухайд яг л монгол эмэгтэйн төлөөлөл болсон эмэгтэйн дүрд тоглох юмсан гэж мөрөөддөг л дөө. Монгол ахуйтай, монгол үнэртэй, салхитай, Монголжингоо эмэгтэйн дүрд тоглох юмсан гэсэн мөрөөдөл бий.

 

 Ярилцсанд баярлалаа

 

Э.Нашка 






Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:165.197.217.5      2016-10-19 23:51:57
PARTIZANII SANGIIN AJ AHAUIN 74R SURGUULIIN BAGSH NAR BOLOH OTSON NERGUI YANHAN JARGALSAIHANII ULAAN HATSART OHIN GEJ DAJGUI HUUHEN BOLJEE BAGA BAIHAASAA ILUU
 
 
IP:5.188.211.170      2017-04-15 19:20:16
This makes eviterhyng so completely painless.