2017/01/11

г шуудай нүүрс. Зарим хүмүүсийн хувьд ад гай, утаа тортогийн үүр болж байхад харин зарим айл хөлдөж үхэлгүй өвлийн шөнийг давах амь тариа болж буй. Баян ядуугийн зааг ялгаа улам томорч, нийгмийн ороо бусгаа үзэгдэл ихсэх үед хамгийн өрөвдөлтэй, гэм буруугүй хохирогч нь хүүхэд болж хоцордог. Үүний төлөө төрүүлж өсгөсөн эцэг эх, төр засаг аль аль нь огт хариуцлага хүлээхгүй байна гээд хэлчихэд хилсдэхгүй болов уу. Харин хүүхэд бол Монголын ирээдүй, өнөөдөр “Орхигдсон” хүүхдүүд ирээдүйн Монгол улсыг авч явах бүтэн үе болно гэдэгтэй бүх хүн санал нийлэх байх. 


Мянган удаа хэлээд ойлгохгүй зүйлийг нэг зураг өгүүлэх нь бий, мянган удаа сонсоод ойлгоогүй зүйлээ өөрийн амьдралаар туулж байж ухаарах нь бас бий. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг "Лантуун дохио" ТББ, UB Art Gallery, Тусгал гэрэл зургийн бүлгэм хамтран өнөөгийн Монгол улсад “Хүүхдэд” тулгамдаад байгаа хурц асуудлуудыг баримтат гэрэл зургаар илэрхийлж, тоо судалгаагаар нотолж, шийдэл гарцын хамт таны өмнө өнөөдөр дэлгэж байна.



Өнөөдөр, Монгол Улсад хүүхдийн эрх ялгаварлан гадуурхагдах, үл хайхрагдах, бэлгийн мөлжлөг, зодуулж бэртэх, хүний наймаа, орон гэргүй тэнэмэл, хүнд хөдөлмөр эрхлэх, сэтгэл санааны гэх мэт 10 гаруй хэлбэрээр өдөр бүр зөрчигдөж байна. Үүний гол буруутан эцэг эх, төр засаг, хөрш айлууд иргэд бид атал хийсэн буруу зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээх нь тун ховор. Харамсалтай нь үүнийг мянгантаа сонсоод ухаарахгүй байгаа учир "Лантуун дохио" ТББ Тусгал гэрэл зургийн бүлгэм хамтран “Зэрэгцээ ертөнц” гэрэл зургийн үзэсгэлэнгээр  дамжуулан хүргэж байгаа юм.  


Ингээд та, бидний  дэндүү их мэдэх зэрэгцээ ертөнцөд юу болж байгааг энэхүү сурвалжлагаараа өгүүлье.


Биднийг "UB Art Gallery"-н үүдээр дөнгөж ороход танхим дүүрэн хүн аль хэдийн цугларсан байлаа. Тэд тус үзэсгэлэнд дэлгэгдсэн хүүхдүүдийн  хар бараан зургыг нухацтайхан ажиглаж, магадгүй дотроо хэдэнтээг эргэцүүлж байгаа нь нүднийхэн харцнаас бэлхэн харагдав Үнэхээр л "Мянга сонсохоор нэг үз" гэдгийн тод жишээг тус үзэсгэлэн батлан харуулсан мэт.  Ертөнцийн баяр баясал болсон бяцхан үрсийн маань эрх чөлөө нь хэрхэн зөрчигдөж улмаар жаргалын мишээл тодруулах харцанд нь хэдийнээ гуниг суусныг баримтат гэрэл зургууд бүрэн өгүүлжээ. Тэр ч бүү хэл  та, бидний дэндүү их мэдэх тэр зэрэгцээ ертөнцөд хогийн цэг тэдний Оюутолгой мэт,  16-тай ээж дүү нараа тэжээн уртаас амьдралын бор хоногуудыг там  мэт өнгөрөөж буйг,  өвлийн өвөөг хараад нүдэндээ ч үл итгэн баярлан догдолж байгаа  тэр бараан дүр зураглалууд гагцхүү үзэсгэлэнгийн хананд өлгөөстэй байв.  


Бодит байдлыг харуулахыг зорьсон  учир хүчирхийлэлд өртсөн хүүхдийн хувцас, гутал, 40-ийн битон хүртэл тэнд байлаа.




 Үзэсгэлэн энэ бүхнийг хар, бараан, гэгээлэг, шийдэл гэсэн гурван хэсгээр илэрхийлжээ. Тус үзэсгэлэнг нээж “Лантуун дохио” ТББ-ыг үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан үг хэлэв. Тэрбээр “Өнөөдөр та бүхэн хамгийн чухал газраа иржээ.  Энэхүү үзэсгэнгийн маань  гол амин судас нь шийдэл юм. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн  хар бараан гэрэл зургуудыг та бүхний өмнө дэлгэж байгаа ч “Тэгээд юу гэж...” гэдэг асуулт үүн дундаас урган гарах нь лавтай.  “Улаанбаатар” зочид буудлын орчимд орой 22.00 цагийн үед биеэ үнэлэлт нэрэн дор хүний наймаа, бэлгийн мөлжлөг явагдаж байна. Цаашлаад хөдөө аж ахуйн буудал дээр мөн л явагдаж байгаа. Багшийн дээдийн нүхэн гарц дотор тэнэмэл, орон гэргүй хүүхдүүд  гуйлга гуйгаад сууж байдаг. Энэ бүгдийг бид хараад л өнгөрдөг. Энэ бол бидний “Зэрэгцээ ертөнц”. Энэ бүгдийг бид шинэлэг байдлаар олон нийтэд эхлээд ойлгуулахыг зорьсон. Ингэхдээ  асуудлыг бид мянгантаа сонсоод ойлгохгүй байгаа учир үүнийг баримтат гэрэл зургаар бусдад ойлгуулан таниулах зорилгоор энэхүү үзэсгэлэнг нээж байгаа юм” гэлээ.


 

Түүнчлэн бодит баримтуудыг бичиж  хүүхдийн хувцас, гутал дээр наажээ. Тухайлбал, Иргэн М, төрсөн охин Н-ээ 14 настайгаас нь эхлэн 3 жилийн турш бэлгийн харьцаанд оруулж удаа дараа жирэмсэн болгон үр хөндүүлж байсан байна. Уг гэмт хэргийг илрэх үед охин Н нь жирэмсэн, бэлгийн замын халдварт өвчтэй байв. /Бодит баримт, ХЭҮТ, 2001 он/. Энэхүү бичгийг  хүүхдийн богино даашинз дээр наан хананд өлгөсөн байв.


Бидний зэрэгцээ ертөнц ийм л дүр зураглалтай байна. Тус гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл “Ub art Gallery”-д олон нийтийн хүртээл болох тул иргэн та  зэрэгцээ ертөнцөө тэндээс тольдож нэгийг бодоосой...

 

Б.Алтжин

 

Zindaa.MN


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.