2017/01/12

Тавантолгойн хувь заяатай холбоотой сэдвээр хэвлэлүүд янз бүрээр л бичиж байна. УИХ-аар хэлэлцүүлэлгүй, шууд засгаас шийдвэрлээд явахаар бүхэл бүтэн хуулийг хүртэл хүчингүй болгох гэж байна хэмээн хэлж ярьж байна. Гэхдээ хэрэг дээрээ тэгж шийдвэрлэх боломжгүй гэдгийг хэлье. Ямар ч байсан Тавантолгойн төслийг УИХ хэлэлцэх ёстой. Монгол Улс парламентын засаглалтай улс хэвээрээ л байгаа бол, Тавантолгой стратегийн чанартай тэр утгаараа үндэсний аюулгүй байдалтай холбогдох хэмжээний нөлөөтэй орд газар л юм бол асуудал чуулганаар орох ёстой. Тавантолгойн нөөцийг төр олж тогтоосон байдаг. Тэр ч утгаараа стратегийн орд газрын 51-ээс доошгүй хувь төрийн мэдэлд байна гэсэн заалт үйлчлэх ёстой орд газар. За харин засаг хийгээд хөрөнгө оруулагч талуудын хэлэлцээрээр бол 49 хувь Шинхуад, 51 хувь MCS-д очихоор болоод байна гэгдэж буй. MCS-ийн хувьд төрийн өмнөөс менежмэнт хийнэ гэсэн үг.

 

Ерөнхий сайд хэлэхдээ Тавантолгойг зарж үрнэ гэсэн ойлголт байж болохгүй гэж үзэж байна гэсэн. За харин мэдээллээс үзэхэд талуудын уулзалтаар хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний хугацаа 22 жил байх, дотоодын ААН-үүдтэй таваас доошгүй жилийн хугацаатай гэрээ байгуулах, ашиглагдах дөрвөн талбайн геологийн нөөцийг 2.2 тэрбум тонноор тооцох тал дээр тохиролцсон гэх мэдээлэл бий. За мөн Тавантолгойн төслийн 51-ээс доошгүй хувийг Монголын талын хөрөнгө оруулагч эзэмшинэ, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн компанид Монголын тал 51 хувь, “Шинхуа” компани 49 хувь тус тус эзэмшинэ гэсэн Ерөнхий сайдын мэдээллийн цаана Эрдэнэс Тавантолгой, MCS гэсэн нэг нь төрийн нөгөө нь хувийн хоёр компанийн эрх мэдэл эрэмбийн асуудал яригдаж таарна. 51 хувь нь төрийн мэдэлдээ үлдэх ёстой шүү дээ уг нь.

 

Тавантолгойн ажилчдын “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ ярихдаа   “MCS”, “Сумитомо”, “Шинхуа” компанийн хувилбарыг З.Энхболд УИХ-ын дарга байхдаа асар их хууль зөрчсөн, Монгол Улсад ашиггүй гэж томъёолоод нам нь засаг барьж байхад унагаасан. Тийм байхад түүнээс илүүг даваад хийчихнэ гэдэгт итгэхгүй байна. “Шинхуа” аваад хөрөнгө оруулалт хийгээд, төмөр зам тавья гэж байгаа бол “Монголын төмөр зам”-тай ярих ёстой. Төмөр замын ашиг олох эсэхийг хэлэлцэх “Монголын төмөр зам” хэмээх субъект байгаа. “Сумитомо”-ийн хувьд тухайн үед тийм компани байсан ч юм уу үгүй ч юм уу. Нэг л нэр яваад байгаа. Японы Засгийн газар өөр бодолтой л байх. Япон нэртэй компани гэнэт сайхан болгочихно гэдэгт итгэхэд бэрх. Харин “MCS’’-ийн хувьд үйлдвэрлэлийн алдагдалд орчихсон, цаанаа өртэй байгаа компани. Тэдний энд байгуулсан бүтээн байгуулалт нь Монголын гэхээс гадны хөрөнгө оруулагч нарын хөрөнгө шүү дээ. Миний харж байгаагаар “MCS” олборлолтын ашиг нь өндөр Тавантолгойг аваад эрх мэдлээрээ далимдуулаад гэрээ хийгээд өөрийнхөө алдагдлыг нөхөх бодлого барьж байгаа болов уу. Түүнээс бол өөрийнхөө ажлыг хийж чадахгүй байж гэнэт ард түмний төлөө, төрдөө хайртай болоод явчихна гэдэг эргэлзээтэй. Тиймээс шийдвэр гаргах гэж байгаа хүмүүс олон талаас нь харах нь зүйтэй. “MCS” Тавантолгой дээр ирээд ажилчдын асуудлыг шийдээд явна гэхэд би итгэхгүй байгаа. Гэдний өөрсдийнх нь хөдөлмөрийн үнэлэмж, хөдөлмөрийн харилцаа маш муу. Миний бодож байгаа зүйл бол Монгол Улс өөрийн гэсэн хөдөлмөрийн соёлтой, хөдөлмөрийн туршлагатай, зохион байгуулалт хийж чаддаг Үүнийгээ өөрийн болгох стандарт тогтоохгүй бол Европынх тийм, Оросынх тийм, Хятадынх ийм гээд хуулаад яваад байж болохгүй. Хөдөлмөрийн сахилга баттай ард түмэн нийгмийн сахилга баттай, эв нэгдэлтэй байдаг. Өөрсдийихөө хөдөлмөрийг өрөөлөөр зөв үнэлүүлэх шударга тогтолцоог бий болгол чадаж байж ниигэм эв нэгдэлтэй, шударга зүйлийн төлөө тэмцдэг болно” гэсэн байсан.

 

Тэгвэл АН-ын дарга З.Энхболд хэлэхдээ “MCS сүүлийн хоёр жилийн турш энэ хувьцааг үнэгүй цаас гэдэг суртал ухуулгыг хийсэн. Гэхдээ нэгж хувьцааг 1,000 төгрөгөөр худалдаж авсан нь энэ бол үнэ цэнэтэй зүйл гэдгийг нотолсон. 100 жил Монголыг тэжээх баялаг. 4 жилийн дотор Улаанбаатарын утааг Таван толгойн орлогоор шийдэж чадах орлого. Ийм үнэ цэнэтэй байгаа зүйлийг зарж, үрэх гэж байгаа бол ард түмэн биднээс санал аваарай. Учир мэдэх УИХ-ын гишүүд эсэргүүцээд эхэлсэн нь сайн байна” гэсэн.  За мөн “Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарын тухайн үед оруулсан ирж байсан хувилбар бол бантан байсан. Гэтэл Ж.Эрдэнэбатын Засгийн газрын оруулж ирж буй хувилбар Ч.Сайханбилэгийн оруулж ирсэн хувилбараас дээрдэх бус дордсон байгаа нь өнөөдрийн хийх гэж байгаа гэрээ ямар вэ гэдгийг харуулж байна… Манай нам дотор ард түмний  өмчийг үнэгүйгээр авч, өрөө төлөх гэсэн “МSC”-ийн төлөөлөл олон байсан. Жишээ нь, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар. Тавантолгойн ажлын хэсгийн дүгнэлтийн дараа гарсан Тавантолгойг ингэж явуулах ёстой гэсэн хувилбарыг 40 гишүүн гаргасан. Энэ 40 гишүүний хувилбараар явуулах байсан  боловч МАН-д  ч, АН-д ч эсэргүүцэгчид байсан. Тиймээс одоогийн УИХ өмнөх парламентийн 40 гишүүний гаргасан хувилбараар явж болно эсвэл өөрсдөө Тавантолгойтой холбоотой өмнөх шийдвэрүүдийг эргэж харж  шийдвэр гаргах ёстой гэж үзэж байгаа юм. УИХ-ын тухай хуулиар дээрхи 40 гишүүний 50 хувь нь одоогийн парламентад байгаа бол хэрэгжүүлээд явах боломжтой. Үгүй бол МАН өөрсдөө шинэ хувилбар гаргах ёстой. Энэ бүх зүйлийг МАН нууж хийж байна. Тавантолгойн бүх асуудал ил тод байх ёстой.”  гэсэн юм.

 

Ер нь бол нэг зүйл ил тод байгаа нь, Тавантолгойн асуудлыг эрх баригчид нууж хааж шийдвэрлэх үндэс байхгүй юм. Эрдэнэтийн 49 хувь шиг Тавантолгойн хувь заяагаар тоглох үндэс байхгүй гэдгийг хэлье!

 

 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.