УИХ-ын гишүүн Л.Болд:

 


 

Манай Үндсэн хууль ерөнхий зарчим, үзэл баримтлалын хувьд алдаагүй, тун чиг оновчтой хийгдсэн бүтээл дээ. Харин эрх мэдэл, засаглал хуваарилалтын асуудлууд дээр анхаарал татахуйц, тодорхой нөхцөл байдалд мухардал, давхар  утга үүсгэхээр томьёоллууд бий.

 

Үүнийг бид бултаараа хэлэлцэж илүү тод, зөрчилгүй байхаар сайжруулах нь зүй ёсны асуудал.

 

Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын хооронд үүсдэг зөрчлүүд энэ 25 жилийн хугацаанд Үндсэн хуульд оруулах гэсэн, оруулсан өөрчлөлтүүдийн шалтаг, шалтгаан нь болж байсныг бид мэднэ.

 

Улс төрийн намын тэргүүн нь Засгийн газраа толгойлохоор УИХ-ын дээр гараад суучихдаг зүй бус алдаа бишгүй гарсан. Гүйцэтгэх засаглал хүч муутай байвал парламент нь татаад унагачихдагийг ч бид харсан. Хууль тогтоох ба гүйцэтгэх засаглалууд харилцан уялдаатай, эхнийх нь чиглүүлдэг, удаахь нь гүйцэтгэдэг, нэг нь хянадаг, нөгөө нь хэрэгжүүлдэг гэсэн санааг тодорхой хүмүүс, бүлэглэлүүд Засгийн эрх авахаараа бүдгэрүүлж бүр утгыг нь алдагдуулж чаддагийг бид цөөнгүй харсан даа.

 

Зарим тохиолдолд Засгийн газар нь УИХ-аа атгачихдаг, эсрэг тохиолдолд УИХ нь Засгийн газраа залгичихдаг алдаа оноо гарсаар байгааг Үндсэн хуулиас илүү хязгаарлах, зохицуулах боломж байхгүй л дээ. Тэгээд л энэ ганц суурь хууль руугаа үе үе гар сарвайдаг нь харамсалтай. Азаар би нэг ч удаа ийм хариуцлагагүй, түүхий шийдэлтэй зууралдаж оролцож байсангүй дээ.

 

Одоо шүүх засаглалын гажуудлаар дамжиж Ардчилсан Үндсэн хуулийн маань үндсэн ололт болох хүний эрх онц ноцтойгоор ил зөрчигдөх боллоо. Ерөнхийлөгчийн эрх мэдэл, Цэцийн бие даасан байдал, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эрх чөлөө гэсэн сэдвүүдийг өнөөдрийн өндөрлөгөөс аваад үз л дээ.

 

Анхаарч нягтлан үзэж Монголын бодит амьдрал дээр гарч буй сөрөг чиг хандлага, үйл явц Үндсэн хуулиас улбаалж буй эсэхийг бид байнга анхаарч судалж нэгтгэж нийтэд ил тод зарлаж байх учиртай юм даа. Ийм ил тод мэдээлэл, хэлэлцүүлгийн дараа бид эцэг хуулиа улам сайжруулж ололтоос нь ухраалгүй шинэчилж байх учиртай юм.

Харин хэсэг бүлэг хүнд тохируулсан өөрчлөлтүүдийг огт хийж болохгүй. Тийм санаархлыг зогсоодог механизмтай болох ёстой. Засаглалын нэг бүрэлдэхүүн нь нөгөөгөө боомилох боломжийг олгодог байдлыг ч эцэслэх учиртай.