Banner
Найман машин танигдахааргүй болтлоо шатжээ
0
2012/11/05

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Сүмбэр-Орд” хотхоны оршин суугчдын дулаан гражид өчигдөр 22.00 цагийн үед найман машин шатсан осол гарсан мэдээллийн дагуу өнөөдөр тус хотхонд очлоо. 


“Сүмбэр-Орд” хотхоны нэг хэсэгт барилгын ажил үргэлжилж байна. Ашиглалтад ороод төд удаагүй барилгын доод давхрын дулаан гражид чухам ямар шалтгаанаар ийнхүү олон машин төмрийн сэг болтлоо шатаж, олон хүн эд хөрөнгийн, эрүүл мэндийн хохирол амссан нь тодорхойгүй. Азаар хүний амь эрсдээгүй ч галын угаарт хордсон таван ч хүнийг эмнэлэгт хүргэжээ. Түүнчлэн “Сүмбэр-Орд” хотхоны оршин суугч 150 гаруй хүнийг түр хугацаанд байрнаас нь гаргаж, угаартах аюулаас хамгаалсан гэнэ.


“Сүмбэр-Орд” хотхоны хашаагаар ороход осол гарсан ул мөр алга. Орон сууцны барилгын ар талд байрлах нууц гэмээр гражид осол гарчээ. Граж нь доошоо уруу тогтоцтой, гаднах гарц хавиар ус асгарч, хөлдсөн байдалтай, харин дотор талд таг харанхуй. Гражийн үүд хэсгээс шатсан машинууд харагдах бөгөөд ямархан өнгө үзэмжтэй, ямар маркийн машин байсныг таах ч арга алга. Товчхондоо бол төмрийн сэг болжээ. Хүний эд хөрөнгө гэхэд танигдахын аргагүй болсон байна. Машины эздийн зарим нь ослын талаар тодорхой мэдээлэлгүй, дор бүрнээ түгшингүй. Тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдсан нэг нь даатгалын компани дуудаж, зарим нэг нь хэрхэх учраа ололгүй ийш тийшээ утас цохиж зогсоно.

Ослын талаарх нэгдсэн дүгнэлт, хохирлын хэмжээ тодорхойгүй байгаа тул Баянзүрх дүүргийн цагдаагийн байгууллага ослын газрыг хамгаалалтад авчээ. Ослын шалтгааныг тодруулахаар шинжээчид ажиллаж буй тухай цагдаагийн ажилтан хэлж байсан. Онцгой байдлын албаныхан ослын газарт ирж, нөхцөл байдалтай нь танилцаад, шалгалт хийгээд буцжээ. Галын улмаас угаартаж, “Сүмбэр-Орд” хотхоны таван оршин суугч эмнэлэгт хүргэгдсэн, зарим нэг нь түр хугацаанд гэрээсээ нүүж, зарим нь угаар намдсан тул гэртээ эргэн орсон тухай оршин суугчид хэлж байв. 

Ямартай ч юунаас болж гал гарсан, хэчнээн хүн угаарт хордсон, хэдий хэмжээний хохирол учирсан болохыг одоогоор яаравчлан тодорхойлох боломжгүй байгаа тухай албаныхан хэллээ.

У.БОЛОР
Гэрэл зургийг О.МӨНХНАСАН
Эх Сурвалж www.news.mn

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.