Бридж Д.Ганхуягийн үнэн төрх
0
2012/06/15

УИХ-д том яриатай, том компанитай хийж бүтээсэн зүйлгүй  гишүүдийн яахын аргагүй  нэг нь ””Бридж”” группээр овоглосон Д.Ганхуяг гишүүн. “Бридж групп”-ийн боссоор ажиллах хугацаандаа япончуудаас мөнгө сааж бэлдээд улс төрд орж ирсэн нөхөр. “Бридж” группын Д. Ганхуяг 2004 онд улстөрд орж ирснээс хойш дорвитой зүйл хийсэнгүй 8 жилийг ардаа хийжээ.  "Шонхор" фракц байгуулах, хүмүүсийн эсрэг хурц үг хэлэх мэтээр хэвлэлийнхний дуранд байнга өртөхийг хичээнэ. Өнгөрсөн онд Баянзүрх дүүргийнхээ намын хороог баахан самраад хаясан.  Учир нь өөрийн гар хөл бологсдыг удирлагад нь  шургуулах гээд чадаагүйн улмаас хийж бүтээсэн зүйлгүй түүнд тус дүүргээс нэр дэвших эрхээ өвөртөлж чадахгүйд хүрч мэдэхээр  болоход  харцага, шонхор гээд фракц байгуулж аваад  намынхаа удирдлагуудыг шантаажилах ажлыг өрнүүлээд авсан.
Мөн мань эр улсын начин Б.Одхүү, олимпийн аварга Н.Түвшинбаяр нартай Сеүл ресторанд  наргиж байгаад  савнаасаа бусдыг дийлдэг сархаданд халамцан начин хуурай ахдаа ухамсарын шанаа өгсөн үүнээс үүдэж  ах дүүсийн маргаан шүүх цагдаадаа хүрч олимпийн аварга Н.Түвшинбаяр өдөржингөө цагдаагийн үүдэнд чулуу нясалсан байна. Томчуудын тухлах дуртай Сеүл ресторанд нэг үдэш цэнгэхэд хагас сая төгрөг элбэг гарахаар. Хоногийн хоолоо аргацааж үмх мах, зүсэм талхаар амь зогоож байгаа хүмүүст энэ бол бараг л амьдралын баталгаа болох мөнгө. Эрхэм гишүүн Д.Ганхуяг нарын идсэн хоол нь шингэхгүй нь зовлон болж, сэтгүүлчдийн өмнө ясанд хахсан нохой шиг наашаа ч үгүй цаашаа ч үгүй бүлтэгнэхэд хүрэв. Ийнхүү тохьтой томоотой төрийн түшээ маань олны нүдэн дээр хэрэг мандааж, шившигээ хутгачихаад олон түмнийг төөрөгдүүлж байгаа нь ямархуу ёс жудагтай эрийгээ харуулсан. Амандаа орсныг амлаж, буруу зөвгүй ярьж гарч ирсэн түшээд яг л тэр зангаараа ажил албандаа ханддаг. Үүний жишээг л Д.Ганхуяг гишүүн тод томруун харуулж, үзүүлдэг
"Өвсний үндэс"-ээр хөлжих Д.Ганхуяг
Тэрбээр хэсэг нөхдийн хамт Монгол, Японы гүүр болгохыг зорин "Бридж" группийг байгуулсан гэдэг. Үнэндээ ч Япон, Монголын харилцааны сайн гүүр болж байгаа. Бүр Японы тусламж туслалцаа хүртэл "Бридж" групп, цаашлаад Д.Ганхуяг гишүүний нэр дээр овоглогдох болсон нь үүнийг гэрчлэх юм. Японы Засгийн газраас хэрэгжүүлсэн "Өвсний үндэс" хөтөлбөрт хамрагдаж, өргөтгөл, засвар хийлгэсэн сургуулиуд дотор өөрийнх нь тойрогт байх 14, 33, 97 дугаар сургууль багтаж л дээ. Харин эрхэм гишүүн эдгээр сургуулийн өргөтгөлийг өөрийн мөнгөөр хийлгэсэн юм шиг л ажлынхаа тайланд хүртэл оруулсан байдаг юм билээ. Эдгээр гурван сургуулиар зогсохгүй Баянзүрх дүүргийн 115, 52 дугаар цэцэрлэгийн их засварт 245 сая төгрөг зарцуулсан, Баянзүрх дүүргийн I амбулаторид 130 сая төгрөгөөр "Ахмады сэргээн засварлах физик эмчилгээний тасаг" байгуулсан зэрэг Японы тусламжаар хийж гүйцэтгэсэн олон ажлыг өөрөө хийсэн юм шиг л ярьдаг нь зүйд нийцэхгүй.
Дээрх хийсэн ажлууд хэдий ард иргэдэд хэрэгтэй зүйлс байсан ч түүнээс илүүтэйгээр Д.Ганхуяг гишүүний хувийн компанийг өсөхөд илүү нөлөөлсөн гэвэл хилсдэхгүй. "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд 2004-2008 оны хооронд хот, хөдөөгийн 60 гаруй ерөнхий боловсролын дунд сургуулийн барилгын болон өргөтгөл засварын төсөл хэрэгжүүлснээс 34-ийг нь "Бридж констракшн" компаниараа гүйцэтгүүлсэн байна. Ингэхдээ нэг сургуулийн барилгыг гурван сая ам.долларын төсөвтэйгөөр барьсан гэх. Хэрэв энэ үнэн бол 34 сургуулийн барилгаас 50 сая гаруй ам.долларын зөрүү ашиг олжээ. Учир нь Засгийн газрын жишгээр бол 320 хүүхэд суралцах зориулалттай, спорт заал бүхий сургуулийг 1.5 тэрбум төгрөгөөр л барьдаг юм байна. Түүний компани ийнхүү ашиг олсноороо 2008 оны сонгуулиар дүүргийнхээ бүх хорооны даргад унах унаа бэлэглэсэн гэж ярилцдаг юм билээ. Ийнхүү нэлээд их мөнгө цацаж байж хоёр дахиа сонгогдсон хэдий ч энэ жилийн сонгуулиар дахин сонгогдох нь юу л бол. Баянзүрхчүүдийн хэлж буйгаар сүүлийн найман жилд эрхэм гишүүний тойрогтоо хийсэн ажил гэвэл "Өвсний үндэс"-ээс цааш гавихгүй юм. 
Тус дүүрэгт байрлах "Бридж" групп л дэвжиж, хөгжөөд байгаагаас биш дүүргийнх нь хөгжил, дэвшил тун маруухан яваа гэдгийг иргэд ярьж байна. Тиймдээ ч тойргийн сонгогч олон нь мөнгөнд хууртаж сонгууль өгдөг цаг дууссаныг сануулж, дахиж сонгохгүй гэж тохироод байгаа аж. Тиймдээ ч Д.Ганхуяг гишүүн энэ удаагийн сонгуульд Архангай аймгаас нэр дэвшиж магадгүй сурагтай. Учир нь дээр дурдсанаар баянзүрхчүүд эрхэм түшээд илтгэл алдарснаас гадна тус Баянзүрх дүүргийн АН-ын хорооны даргатай түнжин муутай байгаа гэх. Уг нь өөрийн гарын хүнээ дүүргийн намын хорооны даргаар тавиад сонгуулийн кампанит ажлаа өөрийн хүссэнээр явуулахаар төлөвлөж байж л дээ. Гэтэл гарын хүн нь дарга болж чадаагүйгээс болоод одоогийн дарга удирдлагуудтай хагаралдах болжээ. Тиймээс ч мань хүн Баянзүрх дүүргээс бус төрөлх нутаг Архангайгаас нэр дэвших хоёрдугаар хувилбар боловсруулсан юм байна.
Д.Ганхуяг гишүүнийг телевизээр харсан хүмүүс зөв яриатай, ухаантай хүн байна гэж дүгнэдэг ч түүний компанийнх нь ажилчид огт өөр бодолтой явдаг. Энэ нь 2009, 2010 оны үйл явдлаар батлагдсан. "Бридж" группын ажилчид хэвлэл мэдээллийнхнийг дуудаж, компани нь цалин мөнгөө өгөлгүй хэдэн сараар луу унжсаныг хэлж, цагаандаа гарсан луйварчид гэж цоллож байж. Тэдний компани гаднаас нь харахад өсч дэвжиж байсан ч ажилчид нь цалингаа ч авч чадахгүй тийм л Зайдал дотоодод нь үүссэн хэрэг. Бизнесээ эхлүүлж, томоохон групп болгосон баян бизнесмэнийг бусад улстөрчөөс арай өөр байх болов уу гэж найдсан сонгогчид нь сүүлийн дөрвөн жил толгойгоо шаан дахин сонгохгүй гэж байгаагийн учир түүний харамч занд байж магадгүй л юм.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.