Б.Чойжилсүрэн сайд та АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлэхийг тоглоом гэж бодоо юу?
0
2016/10/21

АТГ-аас эрх мэдэлтнүүдийн хөрөнгө орлогын мэдээллийг ил болгоод байна. Шинээр сонгогдсон, томилогдсон төрийн өндөр албан тушаалтнууд дотор байргүй, машингүй хүмүүс нэлээд олон харагдана. Гэхдээ тэр дундаас итгэхийн аргагүй нэг хүн байгаа нь Сангийн сайд Б.Чойжилсүрэн юм. Түүний хөрөнгийн мэдээллийг харахад 1 байртай, машингүй, 6 адуутай гэжээ. Үнэндээ бол энэ тун хачирхалтай мэдүүлэг юм. Тэгсэн хэрнээ Хурд Хүнс ХХК, Хурд Авто ХХК, Хурд групп ХХК, Рапид харш ХХК, Хаус инвест ХХК, Сауд гоби блейк гоулд ХХК, Апартмент Кей Эйч ХХК, Говь гоё сайхан ХХК, Өмнийн гоё говь ХХК, Хурд Транс ХХК, ДЦ-Улаанбаатар ООО ХХК, Хурдпропертийз ХХК, Эйжнложистик бридж ХХК, Юнайтедтранс групп ХХК, Хурдресурс ХХК, Хурдцентр ХХК, Юнайтедложистик групп ХХК, Хурдстандарт ХХК, Хурдмайнинг ХХК, Хурдкапитал ХХК, Хурд-Энержи ХХК, Нэшнлмайнинг групп ХХК,Монконс ХХК, Беллвью пропертис ХХК, Түмэн найрамдал ХХК-ууд 100 хувь Чойжилсүрэн сайдынх байгаад байдаг.

 

Тэгэхээр эрхэм сайдтай үнэнд нийцэхгүй л мэдүүлэг гаргаж өгсөн болж таарах  гээд байна.

 

Дашрамд өгүүлэхэд, хэдэн өдрийн өмнө Улаанбаатар хотоос 60 гаруй км зайд байрлах 22-ын товчооны нэвтрэх постны уулзварт ачааны автомашин “Ланд круйзер-100” болон “Тоёота Приус” маркийн дөрвөн автомашиныг мөргөж, машинд сууж явсан нэг эмэгтэй гэмтсэн гэх мэдээлэл гараад байсан билээ. Осол гаргасан “Ниссан Кондор” ачааны машин нь 10 тонн ачаатай явсан байна. Уг машин нь хурд хэтрүүлсэн, бүрэн бус техник хэрэгсэлтэй, даац хэтрүүлсэн ачаатай явсан гэх мэдээллийг зарим гэрчүүд хэлж байсан.  Түүнчлэн осол гаргасан машиныг  “Хурд” группийн тээврийн машин байсан гэх мэдээлэл гарсан. Ослын газарт Нийслэлийн замын цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн болон түргэний эмч нар очсон ч “Хурд” группийг төлөөлж эрэгтэй эмэгтэй хоёр дарга нь зэрэгцэж ирээд, осолд өртсөн жолооч зорчигч нартай уулзалт хийснээр цагдаагийнхан асуудал үүсгэлгүй явсан гэх мэдээлэл гарч байсан юм. За мөн мөргүүлсэн машинд зорчиж явсан нэг эмэгтэй бэртэж, түргэний эмч нар яаралтай авч явахаар болсон хэдий ч эмчийн утсанд дуудлага ирснээр гэмтсэн бүсгүйг зүгээр  байна хэмээгээд орхиод явсан гэх мэдээлэл medee.mn сайтад гарсан байдаг. Ер нь бол мэдээллээс үзэхэд талууд хоорондоо зохицоод өнгөрсөн гэж харагдахаар байдаг.  “Хурд” группын эзэн нь УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн эрхэм уг ослыг чимээгүй шийдэх тал дээр анхаарал тавьсан гэх мэдээлэл байдаг.

 

Учир нь ослын газарт “Хурд”-ыг төлөөлөн ирсэн нэгэн эмэгтэй хамт ирсэн хүндээ  “Наад хүмүүсийнхээ бүх машиныг шинээр сольж өг гэж Чойжоо дарга хэллээ” хэмээн хэлж байсныг тухайн газарт байсан хүмүүс сонсчээ. Тэгэхээр яах аргагүй л мөнгө эрх мэдэлтэй хүн гэдгээ, асуудлыг дор нь зохицуулдаг нэгэн гэдгээ харуулаад авсан байгаа юм. Тэгэхээр хэд хэдэн хүнд нэг дор нь машин авч өгдөр баян сайд маань ганц ч машингүй гэж мэдүүлдэг нь ямар учиртай юм бол. Эсвэл тэрбээр АТГ-аар тоглоод байгаа хэрэг үү?

 

Эх сурвалж: Шуурхай.мн

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.