Banner
Мөн ч Их хүлээсэн дээ МӨНГӨӨ минь
1
2018/07/14

Мөнгөний начин байснаас - Мөнгөнбаатар шиг арслан бай.
Сүүлийн хэдэн жилийн туршид начны тааварт явж байгаа ч арай л хүртэж чадахгүй байсан хүчтэн бол Ш.Мөнгөнбаатар. Мөнгөө арслан Сүхбаатар аймгийн Онгон суманд 1983 оны 12 дугаар сарын 17 нд мэндэлсэн. Тэрбээр энэ жилийн наадмаар 6 даван Монгол улсын харцага цол хүртэн монгол түмнийг баярлуулав. Олон жил том бөхчүүдэд доогуур даваанд унасан түүнийг дөрвийн даваанд О.Хангайтай оноолт таарахад бүх хүмүүс харамсаж байсан. Гэвч Мөнгөө арслан сэтгэлээр уналгүй хүч шавхан ноцолдсоор хүнд даваагаа давлаа. Тавын даваанд заан М.Өсөхбаярыг, зургаагийн даваанд харцага А.Цацавширыг даван Харцага цол хүртсэн юм.

Шинэхэн харцагаын удам сударт нь даншиг наадмын цолтой бөх байсан бөгөөд ах нар нь ч орон нутагтаа сайн барилддаг бөхчүүд юм.  Аав Донойн Шар нь хурдан хар азаргаараа нэрд гарсан аймгийн алдарт уяач цолтон. Аймгийн начин Цогтбаатар агсан, Булганхүү арслангийн аав Чулуунжав нар бол түүний анхны багш нар юм. 1998 оны өвөл анх удаа өсвөр үеийн аймгийнхаа аваргын тэмцээнд барилдахдаа нэг унаж түрүүлээд улсын аваргад ирж оролцох үеэр 1998 оны 12 дугаар сарын 28-нд болсон бөхийн өргөөний нээлтэнд барилдаж нэгийн даваанд улсын харцага Н.Алтансүхийн аманд томдсон зодогтой гарч давж байсан нь түүний улсын цолтныг өвдөглүүлсэн анхны тохиолдол.

Харин хоёрын даваанд Х.Баянмөнх аваргатай оноолт тааран унажээ. 2002 онд өдгөө цагийн онц хурдан хүлгүүдийн өлгий нутаг Асгат сумын наадамд түрүүлж сумын заан цол хүртсэн. Тэр жилээ Сүхбаатар аймгийн 60 жилийн ой зүүн бүсийн даншиг наадам болоход шинэхэн сумын заан маань зодоглосон ч хоёрын даваанд унажээ.

Дараа жил нь 20 насандаа Сүхбаатар аймгийнхаа баяр наадамд Сүхбаатар сумын харьяат аймгийн заан Д.Энхнаранг өвдөг шороодуулан түрүүлж аймгийн арслан цолонд хүрсэн. Арслан цол хүртсэнээсээ хойш бөхийн өргөөнд улсын цолтой болон аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд сайн барилдсаар байна. Аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд олон түрүүлсэн. Баргийн бөхийн хөмрөө тонгороонд унадаггүй онцлогтой, түүний хоёр хөлийг эвгүй гэж үеийн хүчтэнүүд нь үнэлдэг. 2010 оны хавар болсон Бар жилийн шилдэг дэвжээ шалгаруулах барилдаанд Жавхлант дэвжээгээ төлөөлөн орж нутгаасаа хамгийн сайн барилдсан бөх бол Мөнгөнбаатар арслан юм.

Мөн 2011 оны сар шинийн барилдаанд түрүүлж байсан бөгөөд энэ нь аймгийн цолтойдоо түрүүлсэн хоёрхон тохилдолын нэг болж үлдсэн билээ.

Улсын их баяр наадамд анх 2004 онд зодоглож хоёрын даваанд одоогийн улсын өсөх идэр начин Ц.Цогтжаргалд унасан. Дараа жил нь мөн л хоёрын даваанд өсөх идэр начин Г.Эрхэмбаярт өвдөглөсөн. Харин Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой 2006 оны улсын наадмаар гурав давж дөрөвт Магалжав начинд унасан. Магалжав начин тэр наадмаар улсын харцага цол хүртсэн билээ. 2007, 2008 онуудад мөн л гурав даваад дөрвийн даваанд хүчит харцага Г.Элбэг, улсын заан Ч.Батзориг нарт унасан. 2009 онд хоёрын даваанд аймгийн арслан Ч.Баянмөнхөд, 2010 онд аймгийн арслан Б.Дэлгэрсайханд, 2011 онд дөрвийн даваанд Сэлэнгэ аймгийн арслан Б.Одгэрэл, 2012 онд дөрвийн даваанд улсын заан Ч.Санжаадамба, 2013 онд хоёрын даваанд аймгийн арслан Ж.Алтаншагай, 2014 онд хоёрын даваанд аймгийн арслан Б.Эрдэнэхүү, 2015 онд дөрвийн даваанд улсын харцага Э.Оюунболд, 2016 онд тавын даваанд Дорнод аймгийн арслан Д.Анарт тус тус унаад байна. Аварга биеийн тамирын дээд сургуулийг төгссөн, 2010 оны улсын наадмын өмнөхөн төрөлх Сүхбаатар аймгийнхаа баяр наадамд аймгийн заан Сэнгэдоржийг орхин хоёр дахиа түрүүлж аймгийн хурц арслан цол хүртсэн. Жил болгоны улсын баяр наадмаар өнгөтэй сайхан барилддаг ч дөлгөөн зан, үнэнч байдлаасаа болж тавын даваанд өвдөг шорооддог арслан маань энэ жил ийнхүү хүссэн цолондоо хүрч АРД ТҮМЭН, Нутаг усаа баярлууллаа. 

Монгол бөхийн босоо цагаан хийморь үргэлж ивээх явах болтугай Улсын харцага Ш.Мөнгөнбаатар таныг

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • Bayr hurey 2018 оны 07 сарын 15 [106.251.120.130]

    Bayr hurgey,Uuriin unen huch chadlaaraa barildsan mundag bna.Avarga bolooroi gej eruue.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.