Banner
Шатахууны үнэ: Импортлогчдын дэгээ...
1
2018/07/17

Шатахууны үнэ нэмэгджээ. Энэ мэдээлэл иргэдийг сошиал орчинд багагүй бухимдуулав. Баяр наадмын дараахан гарсан мэдэээлэл болохоор бухимдуулах нь аргагүй. Гэвч улаанбаатар хотод байх 1300 гаруй шатахуун түгээх станц наадмын өмнө зарж байсан үнээрээ шатахуун борлуулж байна. Наадмын өмнөхөн буюу зургадугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод байх шатахуун түгээх станцууд АИ-92 автобензиний үнийг 70-90 төгрөгөөр нэмсэн юм. Яг одоогоор импортлогчдоосоо хамаарч АИ-92 авто бензин 1800-1825 төгрөгөөр худалдаалагдаж байна. Тухайлбал АИ-92 автобензинийг “Петровис”, “Сод Монгол” компаниуд 1800 төгрөгөөр, “Тэс Петролиум” компани 1810 төгрөгөөр, “Магнай Трейд” 1820 төгрөгөөр, “Шунхлай” 1825 төгрөгөөр борлуулж байгаа аж.

Жилийн жилд шатахуун нэмэгдсэн тухай мэдээлэл гарч, импортлогчид нэмдэг ч нэмэхээс өөр арга байгаагүй гэж мэдэгдсээр өдийг хүрчээ.

 

Нэмэгдэл, нэмэгдэл, нэмэгдэл

Одоогоос гурван долоо хоногийн өмнө буюу зургадугаар сарын 26-ны өдөр шатахууны үнэ нэмэгдэв. АИ-92 автобензин литр тутамдаа 70-90 төгрөгөөр нэмэгджээ. Үнэ нэмэгдсэнийг далимдуулан цагаан идээ, махны үнэ 50-100 төгрөгөөр, бусад хэрэглээний барааны үнэ нэмэгдэв. Хамгийн гол нь “халтуур” хийдэг хувь иргэд км-ийн үнийг 1000 төгрөг болгосон явдал байлаа. Гэвч Улсын их баяр наадмын дараа шатахууны үнэ нэмэгдсэн мэдээлэл иргэдийг багагүй бухимдуулав. Улаанбаатар хотод шатахуун борлуулдаг 1300 гаруй түгээх станц наадмын өмнө нэмсэн үнээр буюу 1800-1825 төгрөгөөр борлуулж байна.

“Шатахуун импортлогч компаниуд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Үнийн зөвлөл хуралдаж байж үнээ тогтоох ёстой. Гэвч Үнийн зөвлөлийн хурал болоогүй байхад дур мэдэн үнээ нэмж байна. Бид энэ талаар холбогдох байгууллагад нь хандана. Оны дөнгөж эхэнд нэгдүгээр сард мөн л ийм зөрчил илэрч бид холбогдох арга хэмжээг нь авч байсан” гэж ШӨХТГ-ын дэд дарга Н.Бямбадорж ярьсан юм.

Шатахуун импортлогч компаниуд өнгөрсөн 10 жилийн хугацаанд нэг өвөрмөц онцлогтой болжээ. Энэ нь цагаан сар юм уу, наадмын өмнө үнээ нэмдэг явдал. 2008 оны сар шинийн баярын өмнө литр тутамдаа 20-30 төгрөгөөр, 2010 онд наадмын өмнө 50 төгрөгөөр, 2011 онд мөн л наадмын өмнө 50 төгрөгөөр гэх мэтчилэн үндэсний хэмжээний томоохон баяр наадмын өмнө нэмэгдэж байлаа. Энэ жил ч мөн ялгаагүй өнгөрөгч нэгдүгээр сарын эхээр литр тутамдаа 20-150 төгрөгөөр нэмсэн бол зургадугаар сарын 26-ны өдөр мөн л 70-90 төгрөгөөр нэмэв.

Жич: Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ердийн хэрэглээний газрын тосны бүтээгдэхүүний 33 хоногийн нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 50 хоног, АИ-92 автобензин 23 хоног, дизелийн түлш 35 хоногийн нөөцтэй байгаа ажээ.

 

Үнэ нэмэгдэх шалтаг

Өнгөрсөн хугацаанд шатахуун импортлогчдын тоочдог зовлонт шалтаг бол экспортлогчдын тогтоосон үнэ, үнийн нэмэгдэл байсан, байгаа. Наадмын өмнөхөн нэмэгдсэн шалтаг, шалтгаан мөн л ийм байсан. ОХУ-н Роснефьт компани шатахууны төрлөөс хамааран үнэ нэмэгдүүлэх шийдвэрийг 2018 оны гурав, тавдугаар сард, БНХАУ-н Үнэ тогтворжуулах хороо шатахууны үнийг дөрөв, зургадугаар сард хоёр удаа нэмжээ. Гэвч энэ нь шатахууны үнийг нэмэх бодитой шалтгаан биш гэж мэргэжлийн байгууллага дүгнэсэн байна.

“Тэд жилийн, жилд л алдагдалд орж байгаа, экспортлогчид үнэ нэмсэн гэх шалтгаан ярьдаг. Хамгийн гол нь Үнийн зөвлөл энэ асуудлыг хэлэлцээд үнэ нэмэгдүүлэх бодитой шалтгааныг нь тогтооё, ярилцаж байж шийдвэрлэе гэхэд импортлогч компаниуд огт хүлээж авдаггүй” гэж Н.Бямбадорж ярьсан юм.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар шатахуун импортлогч компаниудад чухам ямар шалтгааны улмаас нэмэх болсон талаар тайлбар ирүүлэх албан шаардлагыг хүргүүлжээ. Тэдний хариу ирсний дараа Үнийн зөвлөлийн хуралдааныг хуралдуулж импортлогч компаниудад ямар хариуцлага тооцохоо шийдвэрлэх аж.

Жич: Монгол Улсын Засгийн газар үнэ нэмэгдсэний дараа шатахууны онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргажээ.

 

Бусдаас хамаатай шийдвэр

Монгол Улсын Засгийн газар ОУВС-н өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсаны дараа 2016 оны сүүлээр нэг, 2017 онд хоёр удаа шатахууны онцгой албан татварыг бууруулах шийдвэр гаргасныг 2017 оны аравдугаар сард буцааж нэмэгдүүлэх талаар тусгасан байжээ. Яг үүний дараахан 2018 оны нэгдүгээр сард шатахууны үнэ нэмэгдэж Монгол Улсын Засгийн газар онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргаж байв. Монгол Улсын Засгийн газар сүүлийн арван жилийн хугацаанд шатахууны онцгой албан татварыг хилийн үнэ нэмэгдэхэд бууруулж, хилийн үнэ буурахаар нь өсгөх замаар зохицуулж ирсэн. Гэтэл энэ жил БНХАУ болон ОХУ-д шатахууны үнэ нэмэгдүүлэх хоёр ч удаагийн шийдвэр гаргав. Энэ жил хилийн үнэ нэмэгдэхээс өмнө буюу шатахуун импортлогчид шалтгаангүй үнээ нэмсний дараа нэгдүгээр сард онцгой албан татварыг тэглэжээ. ОХУ-н Роснефьт компани гурав, тав, БНХАУ-н Засгийн газрын шийдвэрээр дөрөв, зургадугаар сард нэмсэн гэдгийг дахин сануулъя.

Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ердийн хэрэглээний газрын тосны бүтээгдэхүүний 33 хоногийн нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 50 хоног, АИ-92 автобензин 23 хоног, дизелийн түлш 35 хоногийн нөөцтэй байгаа ажээ.

 

Хуурамч уу, жинхэнэ үү?

Шатахуун импортлогч компаниуд АИ-92 гэх нэрээр өөр төрлийн шатахууныг хольж, хуурамч шатахуун борлуулж байгаа тухай Шатахуун хэрэглэгчдийн холбоо мэдээлж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт шинжилгээний дүнгээ явуулсан ч өдийг хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй тухай хэлж байлаа.

“Бид өнгөрсөн тавдугаар сард судалгаа хийж, холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Гэвч өдийг хүртэл ямар нэгэн хариу хэлээгүй байна. Энэ хугацаанд биднийг хуурамч шатахуун илэрсэн гэх компаниудын байршил мэдээллийг өг гэж олон удаа шаардсан. Бид өөрсдөдөө үүсч болох эрсдэлээсээ эмээж энэ мэдээллийг хүргэлгүй өдийг хүрлээ. Хэрэв энэ хэвээр байвал төрийн байгууллагуудад биш хэвлэл мэдээллийн хэрэгслээр байршлыг нь зарлах болно” гэж Шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр ярив.

Тэдний хийсэн судалгаагаар Транс Гайд”, “Хар мөрөн импекс”, “Ай Си Ай Си”, “Петролиум продакшн” компаниудын 17 шатахуун түгээх станцын бензинд шалгалт хийхэд стандартын шаардлага хангахгүй элдэв төрлийн бодис хольсон болох нь тогтоогджээ.

Харин Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар 2017 оны сүүлээр нэр бүхий томоохон шатахуун түгээх станцуудад шалгалт хийхэд ямар нэгэн зөрчил илрээгүй байна. Харин “Трафигур” “Транс Гайд”, “Хар мөрөн импекс”, “Ай Си Ай Си”, “Петролиум продакшн” компаниуд хууль зөрчин октанд хүрэхгүй шатахуун нийлүүлсэн тул мэргэжлийн байгууллагаас тусгай зөвшөөрлийг цуцалж байжээ.

 

Шатахуун импортлогч компаниудаас үнэ нэмсэн талаар тодруулга авах гэсэн боловч аль ч компани хариу өгсөнгүй. Зарим нь цаг тохирсон ч товлосон цагтаа ирсэнгүй. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нэгдүгээр сард ирүүлсэн албан бичигт “...Олон улсын зах зээл дээрх шатахууны үнийн ханш, хоёр хөрш улсын хилийн үнэ өнгөрсөн хугацаанд нэмэгдсэн нь шатахууны хомстол үүсгэх, шатахууны үнэд нөлөөлөх бодит үндэс боллоо. Бид өнгөрсөн гурван жилийн хугацаанд алдагдалтай ажилласан...” гэх тайлбарыг хийж байжээ.

Орон нутагт шатахууны үнэ 2000 төгрөг болсон гэх сошиал шуугиан худал аж. Яг одоо орон нутагт борлуулж буй шатахууны дундаж үнэ 1850-1900 төгрөгөөр хэлбэлзэж байна. Үнийн зөвлөл наймдугаар сарын сүүлээр хуралдаж наадмын өмнө нэмсэн импортлогчдын шийдвэр бодитой эсэхийг дэнсэлнэ. Нэгдүгээр сард үнийн зөвлөлийн шийдвэрийг үл харгалзан үнээ нэмэгдүүлсэн. Гэвч ямар ч арга хэмжээ аваагүй!

 

Эх сурвалж: newspress.mn

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • importlogch 2018 оны 07 сарын 17 [43.242.242.13]

    avahgui baildaa pezdaa alba bish shdee

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.