Banner
У.Бямбасүрэн: “Эрдэнэт”-ийн хохирлыг буруутай этгээдээр төлүүлнэ
1
2018/08/16

Монгол Улсын эдийн засгийн дийлэнхийг бүрдүүлдэг төрийн өмчийн томоохон үйлдвэрийг гадны банкинд барьцаалсан асуудал сөхөгдөөд багагүй хугацаа өнгөрсөн. Энэ талаарх Лондонгийн Арбитрын шүүхийн шийдвэр  Монгол Улсад таагүй  гарчээ. Нэр бүхий улс төрч болон сөрөг хүчнийхний хэлж буйгаар  “Стандарт” банкнаас Английн Дээд шүүхэд хандаж, арбитрын шүүхээр шийдвэрлүүлсэн нийт өр төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлж авахын тулд эд хөрөнгийг царцааж, битүүмжлэх захирамж гаргасныг шүүх хүлээн авсан. Ингэснээр “Стандарт” банкнаас “Эрдэнэт” үйлдвэрийн санхүүгийн мэдээллийг  ил гаргуулах, шүүхийн шатанд гарсан зардлуудыг тус үйлдвэрээр төлүүлэх нөхцөл байдал үүссэн гэж байгаа юм. Баттай бус ч  98 сая ам.долларын төлбөрийн асуудал яригдаж байгаа гэх.

Тэгвэл үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан “Эрдэнэт” үйлдвэрээс Ажлын хэсэг гаргасан байна. Лондонгийн Арбитрын шүүхийн шийдвэрийг хүлээж авсан учраас Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.

 

Дээрх асуудлыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэх байсан ч хойшлуулжээ. Бид нөхцөл байдлын талаар “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэнгийн байр суурийг сонссон юм. Тэрээр “320 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэдэг үйлдвэрийн 40 жилийн түүхэн дэхь хамгийн өндөр үзүүлэлт. Эхний хагас жилийн үр дүн ч маш сайн гарсан. Шүүхийн шийдвэрээс болоод ард иргэдийн амьдралд нөлөөлөх зэргээр олон нийтийн сэтгэл санааг үймүүлсэн зүйл яримааргүй байна. Нэгэнт бизнесийн байгууллагын үйл ажиллагаа урт болон дунд хугацааны төлөвлөгөөтэй явдаг. Ялангуяа санхүүгийн хувьд үйлдвэр маш сайн байгаа гэдийг хэлмээр байна. Мэдээж аль нэг буруутай этгээдээс болоод “Эрдэнэт” үйлдвэр олон улсын шүүхэд татагдсан нь харамсалтай. Шүүхэд үйлдвэрийг татсан байгаа. Тиймээс үйлдвэрт ямар нэг байдлаар санхүүгийн хохирол учирсан тохиолдолд буруутай этгээдээр төлүүлэх ёстой. Монгол Улсын төрийн өмчийн томоохон үйлдвэрийн үйл ажиллагаа хэн нэгэн этгээдийн хариуцлагагүй үйлдлээс болж хохирох ёсгүй. Хохирлыг буруутай этгээдээс нэхэмжилнэ. Улс төрийн өнцгөөс буруу зөрүү тайлбарлах зүйл ч гарч байна.Санхүүгийн хариуцлага хүлээхээр болсон ийм нөхцөлд янз бүрийн мэдээлэл гаргах нь бидний дараа дараагийн хэлцэлд муугаар нөлөөлнө.

Бизнесийн байгууллагыг удирдаж байгаагийн хувьд бидний зүгээс хамгийн зөв, аль болох хохирол багатай шийдлийг гаргахын төлөө ажиллаж байна. Шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч талтай яриа хэлцэл хийх асуудал яригдаж байгаа” гэлээ.

 

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • Ганзоригоор төлүүл. 2018 оны 08 сарын 18 [66.181.179.242]

    Ганзориг,С.Баяр нараар төлүүл. Тэдний офшор дансанд байгаа мөнгө Монголынх . Ганзоригийн гарын үсэг биш гээд байгаа ч энэ хэргийг хийх эхлэлийг ,болно гэсэн зөвшөөрлийг анх Ганзориг. л Батхүүд өгсөн. Эхний гэрээнээс Ганзориг авилгалаа аль эрт авчихсан учир сүүлийнхэд нь оролцоогүй байж болно. Ганзоригтой 100 хувь холбоотой.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.