Banner
500 мянган машинаа төмрийг хог дээр аваачиж шатаа!
3
2018/09/11

Хотын даргын гаргасан сүүлийн шийдвэрийг сонсоод ингэж хэлмээр санагдав. Өнөөдөр Улаанбаатар хотод бүртгэлтэй нийт 534,000 автомашин байна. Үүнээс 350 орчим мянга нь өдөр болгон замын хөдөлгөөнд оролцож байгаа. Үүн дээр орон нутгаас товчоодоор дамжин 90 гаруй мянган тээврийн хэрэгсэл орж ирдэг. Нийтдээ 450 мянга орчим автомашин замын хөдөлгөөнд оролцож байна гэсэн үг.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд саяхан нэгэн захирамж гаргажээ. СБД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэр буюу Драмын театрын хойд тал, мөн дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр буюу МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны өмнөх төлбөртэй авто зогсоолуудын үйл ажиллагааг зогсоож, газрыг нь чөлөөлөн олон нийтийн чөлөөт цагийг өнгөрөөх ая тухтай нөхцлийг бүрдүүлсэн иж бүрэн тохижолт хийх үүрэг өгсөн гэнэ. Энэ ажлыг энэ сарын 20-ны дотор зохион байгуулах үүргийг холбогдох нөхдөд өгчээ. Авто зогсоолуудын газрыг 20-ны дотор чөлөөлнө гэсэн үг.

Хотын захирагчийн уг шийдвэрийн дор иргэдийн бичсэн сэтгэгдлийг үзвэл,

-Тийш шүү арай ч дээ, зогсоол 2000 ч гэх шиг

-Зөв зүйтэй ажил байна.

-Зогсоол болгоныг явган зорчигчийн амрах суух аятайхан газар болгохыг дэмжиж байна.

-Бүгдийг нь болиул. Зүгээр зогсоод хүнээс мөнгө авдаг ажилгүй луйварчид ш тээ.

-Маш зөв. Төлбөрт зогсоол ихэссэнээс машин тавих газаргүй болсон.

-Зөв. Нийтийн эзэмшлийн зам талбайг хашиж машины зогсоол хийж байна.

-Тэгэх хэрэгтэй, үүнээс болоод замын ачаалал нэмэгдэж байна.

-Урт цагааны урдах зогсоолыг төлбөргүй болгомоор байна даргаа.

-Тэди төвийн урдах зогсоол гэж жинхэнэ түгжрэл үсгэдэг зогсоолыг татан буулгамаар байна, хотын дарга аа...

Бүр нэг ЗДТГ-ынхан, хотын даргын албатууд өөрсдөө ороод сэтгэгдэл биччихсэн юм шиг.

Уг нь бол хүн машин хоёр нь дээр дээрээ гишгэх нь холгүй багтаж ядаж байгаа нийслэлд зогсоол шиг хэрэгтэй зүйл байхгүй. Таван минут ороод ажил амжуулаад гарах газар 50 минут машинаа тавих гэж тойрох энүүхэнд. Харин зогсоолын төлбөр хэдэн төгрөг байх, хэний халаас руу ордог нь дараачийн асуудал. Хотын төвд 30 минут нь 500, цаг нь 1000 төгрөг, түүнээс дээш. Одоохондоо Централ Тауэрийн доод талын зогсоол л цагийн 2000 төгрөгийн төлбөр авч байгаа. Төлбөртэй зогсоолууд нэмэгдсэнээр иргэд ч машин ачилтын компанид өгдөг мөнгө, араас нь гүйдэг цаг заваа хэмнэх болсон нь үнэн.

Сүүлийн үед нийтийн эзэмшлийн зам талбайг хашиж төлбөртэй зогсоол хийснээс явган хүний зорчих хэсэг хаагдаж, замын хөдөлгөөнд саад учруулах болсон талаар иргэдийн зүгээс гомдол гаргадаг болсон нь гэнэ. Гэхдээ тэр нь авч байгаа төлбөртөө байна уу, эсвэл үнэхээр хөдөлгөөнд саад учруулаад, түгжрэл үүсгээд байна уу гэдгийг хотын захиргаа өөрөө судалж тогтоох ёстой. Ер нь бол нийслэлчүүд өөрөө өөртөө “дайсан” болчихоод байгаа нь үнэн. Нэг хэсэг нь машин тавих зогсоол хайж цагаа барж байхад нөгөө нь “зогсоол байгаагүй бол зам түгжрэлгүй болно” гэж хараал ерөөлөө урсгах.

Энэ хоёрын аль алиных нь хэрэгцээ шаардлагыг хангая гэвэл авто зогсоолуудыг газар доор барих, эсвэл олон давхар зогсоол барих шаардлагатай болно. Одоо үйл ажиллагааг нь зогсоох гээд байгаа хоёр зогсоолыг ч гэсэн нэг мөсөн арчиж хаяхын оронд газар доорх зогсоол хийгээд дээр нь тэр яриад байгаа “тохижилт соёлжилтоо” хийж болох шүү дээ.

Гэхдээ бидэнд гашуун туршлага бий. “Хурд” группийн эзэн, Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн гэхэд Төв цэнгэлдэхийн баруун талбайн цэцэрлэгийн газрыг хусахдаа “Давхар зогсоол байгуулна” гэж хотын удирдлагаас газрын зөвшөөрөл авсан байдаг. Харин одоо “Наадам центр” хэмээх томоос том худалдааны төв боссон. Газар доорх зогсоол нь зөвхөн худалдааны төвөөр үйлчлүүлэгчдэд зориулагдсан (ядаж тэр нь байгаа нь их юм даа). Уг нь бид төсөөлөхдөө Төв цэнгэлдэхийг буулгаж, шинэ стадион барисны дараа тэнд өвөл зунгүй шоу, уралдаан болж, цэнгэлдэхийг зорьсон наадамчид, үзэгчид 10 давхар авто зогсоолд (төлбөрөө төлөөд шүү дээ) машинаа тавиад тансаглана гэж бодож байлаа. Газар олгосон дарга нар ч бас ингэж амласан. Харин одоо бүхэлдээ Б.Чойжилсүрэнгийн өмч болсон.

Бас нэг туршлага бий. Зайсан толгойг ухаж тансаг зэрэглэлийн үйлчилгээний цогцолбор, брандийн дэлгүүр, оффисийн барилга барьсан “Оюуны ундраа групп” ч бас анх газрын зөвшөөрөл авахдаа (Тусгай хамгаалалттай бүсэд газар өмчлүүлэхийг хуулиар хориглодог) “Түүхийн дурсгал бүхий аялал жуулчлалын цогцолбор байгуулна” гэсэн байдаг. Одоо ямар болсныг бүгд харсан. Зайсан толгой руу өгссөн цементэн шат, орой дээрх хөшөө хоёроос бусад нь бүгд “Оюуны ундраа”-гийнх болсон. Хэрвээ Э.Бат-Үүл төлбөртэй зогсоол болгоогүй бол Сүхбаатарын талбайн өмнөх газар ч гэсэн MCS-ийнх болох байсан биз.

Тэгэхээр Су даргын “Олон нийтийн чөлөөт цагийг өнгөрөөх ая тухтай нөхцлийг бүрдүүлсэн иж бүрэн тохижилт” гэдэг үг нэг л сэжигтэй сонсогдоод байна. Бас нэг олигархи нь ирээд хоолны газар, кино театр, брэндийн дэлгүүр барьчихвал мань мэтийн “зуны өдөр усан оргилуур ширтсэн шиг мөхөөлдөс долоож суух” хөг өнгөрнө гэсэн үг. Хотын дарга ажлаа авангуутаа Их дэлгүүрийн өмнөх фантаныг нурааж, “Битлз”-ийн хөшөөг (Э.Бат-Үүлийн барьсан) нурааж хаясныг санахул яавч сайн юм болохгүй. Уг нь бол их хотын хүмүүст их хотын хүмүүс шиг чихцэлдэж амьдрахаас гадна их хотын хүмүүс шиг хөлөө жийж суугаад хааяа нэг нарлах, өвөлд нь ядаж “цасан дээр нэрээ бичих” багахан ч гэсэн зай, талбай хэрэгтэй л байна шүү дээ.

Тэгэхээр Су даргыг хотын төвийн хоёр зогсоолыг татан буулгахаас өмнө чөлөөлсөн газар дээр босгох гэж байгаа барилга байшин, хийх гэж байгаа тохижилтых нь зураг төслийг хармаар байна. Болдог бол нийслэлчүүд бүгдээрээ гэрээ байгуулж, ам тангаргыг нь авмаар байна. Хэрэв тэгэхгүй гэвэл одоо явж байгаа 350 мянган машинаа, өнгөрөгч наймдугаар сард гаалиар орж ирсэн 6500 (зөвхөн нэг сарын дотор шүү дээ) машинтайгаа хамт төмрийн хог дээр аваачиж шатаах хэрэгтэй болж. Тэртэй тэргүй зам талбай хүрэлцэхгүй, машин, хүн хоёр багтаж цөхөж байхад байгаа ганц, хоёрхон зогсоолоо хаагаад эхэлбэл нийслэлчүүдэд өөр арга алга. Хэрвээ ийм маягаар түгжрэлтэй тэмцэнэ гэж бодож байгаа бол ёстой нөгөө “сэрүүн зүүдэлж сэрж мартах” гэгч нь болох байлгүй.

Түүнийхээ оронд шинээр баригдаж байгаа барилга байшин болгондоо “зогсоолынхоо асуудлыг шийд, гэхдээ ил зогсоол биш газар доор зогсоол барь” гэж хэл. Одоо байгаад нь ч гэсэн тийм шаардлага тавь. Хэрвээ тэгж чадахгүй компанид барилгын зөвшөөрөл өгөхөө боль. Хотын төв чинь угаасаа ганц шон босгоё ч гэсэн сул газар байхгүй болсон. Тийм болохоор иргэдэд хэрэгцээтэй байгаа ганц, хоёрхон зогсоолоор битгий оролд, зарах гэж байвал захдуухан газраас дэл сул юм хай гэж хотын даргад зөвлөе! Хэрвээ хувийн компани ашиг олоод нүдийг нь хорсгоод байвал хот өөртөө аваад хураа л даа. Мөнгө ямар хэрэггүй гэх биш.

Түгжрэлийг хүчээр шийдэх боломжгүй ээ, эдийн засгийн аргаар шийдэх ёстой гэж олон жил ярьж байгаа. Төлбөртэй зогсоол ч гэсэн нэг шийдэл. Ажлын найман цаг төлбөртэй зогсоолд тавьж мөнгөө үрэхгүй гэвэл автобусандаа суугаад өглөө ирэхэд л болох шүү дээ.

Б.СЭМҮҮН

http://www.inews.mn/a/2640

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
3
  • ZOCHIN 2018 оны 09 сарын 13 [103.14.38.44]

    Humuusiin sanal bodol shuu dee dandaa buruu talaas ni harhiin

  • ZOCHIN 2018 оны 09 сарын 13 [103.14.38.44]

    Husvel unendee holoo jiih baitugai ger buleeree 5 hoshuu bolood hevteh gazar ch bga nemj helhed mongold uilchilgeenii barilga barihad bidend l sain biz

  • ZOCHIN 2018 оны 09 сарын 13 [103.14.38.44]

    Bat-uuliig huurhun havchuurgatai magtaad odoogiin hotiin darga dandaa muulaad bhiin medeegeesee iluu pr shig haragdaj bn

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.