Banner
Б.БАТСАЙХАН: УЛСАД 700 ТЭРБУМ ОРЧИМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛСАН БАЙНА
0
2018/09/13

Геологич Б.Батсайхан өнгөрсөн даваа гаригт хууль бусаар олгогдсон хуурамч тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас төмрийн хүдэр олборлон ажиллаж байгаа талаар мэдээлэл хийж байсан. Энэ талаар болон бусад холбогдох асуудлын талаар түүнтэй цөөн хором ярилцлаа.

 

-Баянхонгор аймгийн тусгай хэрэгцээний газарт хууль бус хайгуул хийх гэж байгаа гэсэн. Энэ талаар яриагаа эхэлье?

- Бид чинь геологич учраас байнгын эрэл хайгуулд байдаг. Сар гаруй хугацааны өмнө “Эрдэнэ Монгол” гэх компани Хөрөнгийн биржид хувьцаа гаргасан байдаг. Уг компаний хоёр талбайд том нөөц илэрсэн юм. Тэдний ярьж байгаагаар таамаг нөөцөө 40-50 тонн алт өөрөөр хэлбэл, Бороогоулд ХХК шиг. Уг хоёр нөөцийн завсар 14 орчим мянган га газар байгаа. Гэтэл тухайн нөөцийг илрүүсний дараа завсрынх нь газар орд байгааг мэдээд Баянхонгор аймгийн Засаг дарга болон хэсэг хүмүүс хууль бусаар авчихаад байгаа юм.

-Баянхонгор аймгийн Засаг даргатай холбоотой гэх ямар үндэслэл байна вэ?

-Тэр баримт нь надад бий. УУХҮ-ийн сайд асан Ц.Дашдорж Өвөрхангай болон Баянхонгор аймгаас сонгон шалгаруулалт явуулах хүсэлт ирүүлсэн. Журмын дагуу шийдэн хариу өгнө үү гэсэн байсан. Баянхогор аймгийн Засаг даргаас ямар бичиг Ц.Дашдорж сайд руу явуулсан бэ гэвэл хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлсэн ба дээрх талбайд сонгон шалгаруулахаар төлөвлөсөн талбай нь Баянхонгор аймгийн орон нутгийн тусгай хэрэгцээнд давхцаж байгаа тул орон нутгийн өмчийн аж ахуй нэгжийг давуу эрхтэй оролцуулмаар байна гэсэн бичиг байгаа юм. Тэгээд орон нутаг дээрээ жижиг компани байгуулчихсан. Харин ашигт малтмалын газар сонгон шалгаруулалтыг нь  явуулаад орон нутгийн тусгай хэрэгцээний  газарт хайгуул хийх зөвшөөрөл өгчихсөн.

-Сонгон шалгаруулалтаар ямар компани шалгарсан бэ?

-Хэд хэдэн журмыг үндэслэн хязгаарлагдмал сонгон шалгаруулалтын дээрх Засаг даргын санал болгож ирүүлсэн талбайг зарласан ба Кадастрын хэлтсийн даргын 2017 оны долдугаар сарын 27-ны өдрийн 457 дугаар шийдвэрээр тухайн талбайд сонгон шалгаруулалтад орж шалгарсан “Корунд гео” ХХК-д ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл өгсөн. Энэ талаар хуулийн байгууллагуудаар шалгуулж байгаа.

-Тэгвэл тусгай хэрэгцээний газрыг ашиглах асуудлын талаар хуульд юу гэж заасан байдаг юм бэ?

-Ашигт малтмалын тухай хуулинд олон нутгийн, аймгийн тусгай хэрэгцээний газарт тусгай зөвшөөрөл өгч болдоггүй. Ашигт малтмалын тухай хуулинд, тусгай хамгаалалттай газрын аль алинд нь хамаарна. Өөрөөр хэлбэл, жижигхэн дархан цаазтай газар гэсэн үг юм.

 

 

-Мөн “Болд төмөр Ерөө гол” ХХК, “Инфинитиспейс” ХХК зэрэг компаний талаар мэдээлэл хийж байсан. Энэ талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч?

- Аль хэдийн зөвшөөрөл нь хүчингүй болчихсон уг хоёр компани хууль бус хүдэр олборлодог. Нэг тонн төмрийн хүдэр нь 50 гаруй доллорын ханштай. Сая тонн гэж үзвэл 50 сая төгрөг. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Discovery Mongolia” хэлэлцүүлэгт оны эхний долоон сарын байдлаар 1.7 сая төмрийн хүдэр гарчээ хэмээн ярьсан. Үүний дийлэнхийг уг компаниуд гаргадаг гэсэн үг. Хууль бусаар.

-Хуулийн байгууллагаас ямар хариу өгсөн бэ?

Хуулийн бүх шатны байгууллагаар явсан. Мөн энэ асуудлаар Улсын ерөнхий Прокурорт хандсан. Хариу нь материалыг авч таны дор дурдсан асуудлыг хянан шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн шүүх, Улсын дээд шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр байна гэсэн. Ашиглалтын тусгай зөвшөөрлүүд нь шүүхээр шийдсэн хүчин төгөлдөр байна гэж байгаа юм. Гэтэл уг шүүхийн шийдвэрүүд нь 2010 онд бүгд хүчингүй болчихсон байдаг. Мөн энэ шийдвэр Улсын ерөнхий Прокурорын эцсийн шийдэр болно гэж мэдэгдсэн.  Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа, үүнээс өөр хариу өгөхгүй гэчихэж байгаа юм. Учир нь Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэж заасан байдаг байна. Үүний дараа энэ талаар Д.Сумъяабазар сайдад мэдэгдсэн. Харин сайд Ашигт малтмалын газар руу үүнийг шийдүүлэхээр өгсөн ч тус байгууллага нь цуцлахгүй гэсэн юм. Тэгээд Үндсэн хуулийн цэцэд хандсан байгаа.

-Хэрэв Үндсэн хуулийн цэцээс маргааны шинжтэй биш гэвэл яах вэ? Хариу хэзээ ирэх билээ?

-Үндсэн хуулийн цэцэд наймдугаар сарын 14-ны өдөр өгсөн. Сар орчмын дараа хариу ирүүлдэг. Маргаан үүсгэх үү, үгүй юу гэх асуудлаар үйл ажиллагаа нь явагдаж байгаа байх. Төмрийн хүдрийн хууль бус олборлолтоос үүдэн өнгөрсөн жилүүдэд дунджаар бодоход дор хаяж улсад 700 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. Энэ нь нэг багшид 500 мянган төгрөгийн цалингийн нэмэгдэл өгье гэж бодоход 14 мянган багшаар бодож олговол тус цалинг 96 сараар, хэрэв сая төгрөг өгвөл  дөрвөн жил өгчих хэмжээний мөнгө. Тэгэхэд хоёр компани л ийм юм хийж байгаа байхгүй юу.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.