Banner
С.Эрдэнэ: АЖИЛ ХАЯЛТЫН АРД НАМАЙГ БАЙГАА, БАЙХГҮЙГ БАГШ НАР Л МЭДНЭ
1
2018/09/13

-Улсын хэмжээнд ерөнхий боловсролын 81 сургуулийн багш нар ажил хаялтад нэгдээд байна. Олон нийт хүүхдийн сурах эрх зөрчигдлөө гэж шүүмжилж буй. Багш нарын ажил хаялтын асуудлаар АН ямар байр суурьтай байна вэ?

-Багш, сурагчдыг яг адил түвшинд, хүний эрх талаас нь харах хэрэгтэй. Багш нарын хувьд  хөдөлмөрийнх нь үнэлэмж үнэхээр бага байна. Үүнийхээ төлөө Засгийн газарт шаардлага тавьсан. Хуулийн хүрээнд л тэмцэж байна. Харин Засгийн газар багш нарын тэмцлийг хууль бус үйлдэл хийж байгаа юм шиг хүлээж авсан нь буруу. Багш нарын эсрэг нийгмийг өдөөн хатгаж байгаа нь зохисгүй хэрэг юм. Ардчилсан нийгэмд хүн өөрийнхөө эрхийн төлөө үгээ хэлэх эрхтэй. Үг хэлснийхээ төлөө буруудах ёсгүй. Багш нарыг янз бүрийн байдлаар дарамталж, зохион байгуулалттай дайралтууд хийхийн зэрэгцээ эцэг эхчүүдийг өмнөөс нь турхирч байна. Миний хувьд багш нарын тэмцлийг зөв гэж харж байна.

-Айл бүрт сурагчид бий. Хүүхдүүд нь хичээлдээ явж чадахгүй болохоор эцэг эхчүүдийн бухимдал төрөөд байж болох юм. Та юу хэлэх вэ?

-Эцэг эхчүүд асуудлыг зөвөөр харж, ойлгож, хүлээж авах ёстой. Боломжийн амьдралтай айлын хүүхдүүд хувийн сургуульд суралцдаг. Амьжиргааны түвшин нь дундаж буюу доогуур түвшний айлын хүүхдүүд улсын сургуульд суралцаж байна. Гэтэл улсын сургуулийн багш нарын цалин хөлс үнэхээр муу байна. Хүүхдийн суралцаж буй орчин нөхцөл муу байна. Энэ бүхнээ бид өнөөдөр эргэж харах хэрэгтэй.

-Та багш нарын цалинг нэмж болох бодит эх үүсвэрийг хэрхэн харж байна?

-Энэ хэмжээ хязгааргүй тансаглал, төсвийн зардлаа танаж хасаад багш, эмч нарын цалинг нэмэхэд болохгүй зүйл байхгүй. Цалин нэмэх боломж бол бий. Засгийн газар багш нарын цалинг нэмэх асуудал дээр санаачлагатай ажиллахгүй байна. 50 хувь нэмж чадахгүй байг, ядаж 20-30 хувь нэмэх хэрэгтэй. Тэр нэмэгдсэн гээд байгаа 8 хувь бол доромжлол. Ингэж нэмсэн ч, нэмээгүй ч ялгаагүй. Нэг дор шууд нэмэх боломжгүй байж болно. Үе шаттайгаар нэмээд явж болно. Гол нь энэ төрлийн зохицуулалт хийх эрмэлзэл Засгийн газарт харагдахгүй байна.

-Багш нарын ажил хаялтын ард АН байгаа, таныг зохион байгуулж байна гэсэн хардлага байна. Та үүн дээр ямар хариулт өгөх вэ?

-Би заавал дуугараад яах юм бэ. Ажил хаялтын ард намайг байгаа, байхгүйг багш нар л мэднэ. Би ажил хаялтад нэгдсэн багш нартай нэг ч уулзаагүй. Саяхан гадагшаа явсан хойгуур багш нар уулзах хүсэлт тавьсан байна лээ. Би өнөөдрөөс уулзана. Өөрсдийнх нь буруугаас болж, нийгэмд бухимдал үүсгэсэн асуудал гараад ирэхээр л АН руу аваачиж наадгаа эрх баригчид болих хэрэгтэй. Өнөөгийн эрх баригчдын хуучин коммунист арга барил байна. Тэр нь бусдыг дарамтлах, гүтгэх. Үүндээ ч гаргууд. МАН өнөөдөр ард түмний төлөө юу ч хийхгүй байна. Ямар ч бүтээн байгуулалт өрнөхгүй байна. Цалин нэмнэ гэсэн яав. Өрийг өрөөр дарахгүй гэж амласан. Гэтэл юу болов.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • эрка 2018 оны 09 сарын 13 [49.0.218.161]

    Эрдэнэ ард байгааг мэдэж байна битгий худлаа ярь хулгайч минь Нигймийн даатгалын хөрөнгө идсэн хулгайч

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.