Banner
Завхан аймагт шуналын сэдлээр хүн буудаж, машиныг нь дээрэмджээ
0
2018/09/13

Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг дэвсгэрт орших Отгонтэнгэр хайрханы Бадархундага нууранд жилийн жилд хүн тасардаггүй. Нууранд мөнгөн ембүү өргөж хүслээ шивнэвэл биелдэг гэсэн аман яриаг бид мэднэ. 2016 онд нутгийн иргэд Отгонтэнгэр хайрханы тахилгад оролцох сүсэгтэн олонд хадаг яндар, дугуй булантын оронд мөнгөн аяга л өргөх уриалга дэвшүүлж байсан. Өнөө хүртэл Чулуутын голын эх Бадархундагын ёроолд хэр хэмжээний үнэт эдлэл тунаж байгааг таашгүй. Ердөө гурав хоногийн өмнө нуурын ёроолоос алт, мөнгөн эдлэл тонох гэсэн оролдлого дахин гарлаа.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, есдүгээр сарын 9-ний өдөр Бадархундагын рашаанаас хүртэхээр уулын бэлд Тоёота Ланд-200 маркийн хар болон цагаан өнгийн хоёр автомашинаа тавиад, 10-уулаа өгсөж байсан иргэд нуурын захаас сэжигтэй зүйл авч яваа гурван залууг харжээ. Гэтэл нуураас шумбагчийн хувцастай гарсан залуу холоос хараад бүгд машин руугаа гүйжээ. Улмаар Ц.Даваабат нь машиныхаа цонхыг хагалан хувцсаа сольж өмсөөд, шаргал үүргэвч үүрэн, машинаасаа Тоз-8 винтовоор зэвсэглэж цааш зугтсан байна. Нөгөө хоёр нь мөн зугтжээ. Ц.Даваабат нь 1993 онд төрсөн 25-тай залуу. Түүнтэй хамт Баян-Өлгий аймгийн харьяат 1987 онд төрсөн Үмитханы Төлөпберген, 1996 онд төрсөн Ердамыс овогтой Тасхын нар явжээ.

Сэжигтэн Ц.Даваабат нь машинтай хүмүүсийг буугаар сүрдүүлж, Ч.Отгонбатын хүзүүний баруун хэсэгт, Б.Батхишигийн баруун гарын тохойн дээд бугалганд буудаж гэмтээжээ. Ингээд дээшээ хоёр удаа буудаж тэднийг холдуулаад Тоёота Ланд-200 маркийн цагаан өнгийн машиныг нь дээрэмдэж зугтсан байна.

Завхан аймгийн цагдаагийн газрынхан сэжигтнүүдийг хоёр хоног хайсан талаар прокурорын байгууллагын эх сурвалж өгүүлж байна. Ингээд өчигдөр буюу есдүгээр сарын 11-ний 14.00 цагийн орчимд Бумбатын даваанаас барьжээ. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.