Banner
"Гацуурт"-ын шүүх хурал цагдаагийн хамгаалалтад болов
0
2018/09/14

Ноён уул дахь Гацууртын ордын дөрвөн зөвшөөрлийг цуцлуулах иргэний нийгмийн байгууллагуудын нэхэмжлэлтэй шүүх хурал өчигдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо.

Шүүх хурал өнгөрсөн хугацаанд 39 удаа хойшилж байсан юм. Иймд энэ удаагийн хурал олон нийтийн анхаарлын төвд өрнөж, шүүхийн байрны гадна иргэд олноор цугласан байв. Гэвч хэдэн давхар цагдаагийн хамгаалалт гаргасан байсан тул иргэдийг оруулсангүй. Үүнийгээ өмнөх шүүх хурлын үеэр үл ойлголцол болж, шүүгчийн биед халдсан тохиолдол гарсан учир хамгаалалт гаргасан хэмээн тайлбарлаж байлаа.

Захиргааны хэргийн давж заалдах шүүхийн байрны гадаа цугласан иргэдийн дунд “Ноён уулаа аваръя” ТББ-аас Үндсэн хуульд заасан иргэдийнхээ эрхийг зөрчиж буй УИХ-ыг тараая гэсэн санал асуулгыг явуулж, гарын үсэг цуглуулж, чөлөөт индэрт үг хэлцгээсэн.

Харин шүүх хурлын танхимд хариуцагч талыг төлөөлж Ашигт малтмал, газрын тосны газар болон Засгийн газрын 8-9 төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагын 6-7 төлөөлөл орсноор шүүх хурал дөрвөн цаг гаруй үргэлжилсний эцэст 19:30 цагт завсарласан. “Шүүхийн байранд гар утасны сүлжээг унтраасан” гэдгийг эх сурвалжууд хэлж байлаа. Иймд гадагш ямар нэгэн мэдээлэл гарахаас сэргийлсэн бололтой. Дугаар шилжих мөчид шүүхийн шийдвэр гараагүй байв.

 

Ч.Зотол

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.