Banner
Эрээнд мөнгөний барьцаанд үлдсэн хүүхдүүд БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД өртсөн байжээ
0
2018/10/09

УИХ-аас 2018 онд Хүүхдийн хөгжил хамгааллын зардлыг таван тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж баталсан чинь 3.7 тэрбум төгрөгийг нь тавилга худалдан авахад зарцуулсан гэх мэдээлэл сошиалд тарсантай холбогдуулан өчигдөр /2018.10.08/ Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх мэдээлэл хийж, төсвийн зарцуулалтаа дэлгэрэнгүй танилцуулсан билээ.

Түүний дараа Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхтэй уулзаж, мэдээлэл солилцсон юм.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь хүүхэд хамгааллын зардалд 2018 онд 6.4 тэрбум төгрөг баталснаас 2.4 тэрбум төгрөгийг 21 аймаг, нийслэл, есөн дүүргийн гэр бүлийн газар, хэлтсүүдэд хуваарилжээ. Түүнчлэн 1.3 тэрбум гаруй төгрөгийг бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч охидыг нөхөн сэргээх, хараа хяналтгүй хүүхдийн асрамж зэрэгт, “Нартхангай” хүүхэд хөгжил, сургалтын төвийн үйл ажиллагаа, хүүхэд хамгааллын мэдээллийн санг хөгжүүлж, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг даатгалд хамруулахаар төрийн үйлчилгээ хүрэхгүй байгаа үйл ажиллагаанд зориулж 590 сая төгрөгийг төрийн болон төрийн бус байгууллагуудад зарцуулсан байна.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь хүүхэд хамгааллын чиглэлээр олон салбартай хамтарч үйл ажиллагаа явуулдаг онцгой салбар бөгөөд зөвхөн Монгол улсад төдийгүй шаардлагатай тохиолдолд хилийн чанадад хамгааллийн чиглэлээр ажил явуулдаг. Улмаар чиг үүргийнхээ дагуу хилийн гадна эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхдээ 18 сая төгрөг зарцуулсан гэх мэдээллийг өгсөн юм.

-БНХАУ-Д БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХЭРЭГТ ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА-

Дээрх мэдээллийн мөрөөр албаны эх сурвалжаас тодруулахад, "Бага насны гурван хүүхэд хилийн чанадад хүчирхийлэлд өртсөн гэх мэдээллийн дагуу хүүхэд хамгааллын чиглэлд төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж, хохирогч хүүхдүүдийг эх оронд нь эсэн мэнд авчирсан" гэлээ.

Энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хуулийн зөвлөх А.Энхбаатараас тодрууллаа.

-Эцэг, эх нь гурван хүүхдээ БНХАУ-д барьцаанд үлдээсэн байсныг Монголд авчирсан гэх мэдээлэл байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ бол гурван тусдаа хэрэг. Болсон хэрэг явдлын тухайд хувь хүний нууцад хамаарч байгаа учраас хохирогчдын талаарх нарийн мэдээллийг нууцлах нь зүйтэй. Эхний хэргийн тухайд өсвөр насны хүүхэд хилийн чанадад бэлгийн хүчирхийлэлд өртөж байна гэх дуудлага мэдээллийн дагуу Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас эрх нь зөрчигдсөн гурван хүүхдийн хэрэг дээр ажилласан.

-Энэ хэрэг хэзээ, хаана гарсан юм бэ?

-2018 оны эхээр өсвөр насны эмэгтэй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэрэг Эрээн хотод үйлдэгдсэн. Хохирогч охин өмнө нь бэлгийн хүчирхийлэл, ар гэрийн үл хайхрах хүчирхийлэлд өртөж, эрх нь зөрчигдсөн байсан ба энэ хэргийг БНХАУ-ын цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Харин энэ хэрэг дээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хамгааллын үйлчилгээ үзүүлж байна.

-Одоо хүүхдүүдийн биеийн болон сэтгэлзүйн байдал ямархуу байна вэ?

-Хятадаас хүүхдүүдийг авчирч, хамгааллын үйлчилгээ үзүүлэн, эрүүл мэндийн үзлэгт хамруулж, боловсролын үйлчилгээтэй холбон зуучилж өгсөн. Одоо хүүхдүүдийн биеийн болон сэтгэлзүйн байдал дээрдсэн. Хүүхдүүд ерөнхий боловсролын сургуульд сурч, хүүхэд хөгжлийн үйлчилгээ буюу дугуйлан, секцэнд явж эхэлсэн. Асрамж хамгааллын байгууллагад хүмүүжиж байгаа.

-Эцэг, эх нь бизнесийн барьцаанд үлдээсэн гэх мэдээлэл байна үүнд тайлбар өгөхгүй юу?

-Барьцаанд тавьсан тухайд хүүхдийг наашаа авчирах гэхээр эцэг, эхэд нь мөнгөгүй байснаас асуудал эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийн эцэг, эх амьдарч байсан буудлынхаа мөнгийг төлж чадахгүй байсан учраас хүүхдүүдийн баримт бичгийг буудлын барьцаанд авч үлдсэн байдаг. Тус улсад 30 хүртэлх хоног визгүй зорчих хугацаа хэтэрсэн, дахин төлбөр мөнгө төлж чадаагүй байсан учраас дээрх байдал үүссэн.

-Дээрх хэргүүдийг Монгол Улсын хууль цагдаагийн байгууллагад шалгах боломжтой юу? Хүүхдүүдийн асран хамгаалагч нарт ямар хариуцлага тооцсон бэ?

-Энэ хүүхэд маань БНХАУ-ын нутаг дэвсгэрт бэлгийн хүчирхийлэлд автаж, хохирогч болсон учраас тус улсын хуулийн дагуу шалгаж байгаа. Асран хамгаалагч нарын хувьд нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Хариуцлагын асуудал мэдээж яригдаж байгаа.  

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.