Banner
“Магнай Трейд”-ийн захирал Р.Ганзоригийг хүүтэй нь хамт саатуулжээ
0
2018/10/10

Даваа гаригт буюу аравдугаар сарын 8-ны шөнө “Магнай Трейд” группийн захирал Р.Гонзориг цагдаагийн байгууллагаас саатуулаад байна. Түүнийг ЦЕГ-ын Эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс тусгай ажиллагаа явуулж баривчилжээ. Мөн хүүг нь хамт баривчилсан тухай мэдээлэл байна.

Түүний хүү “Магнай трейд” компанийн дэд захирлын албыг хашдаг. Тэднийг чухам ямар үндэслэлээр цагдан хорьсон нь тодорхойгүй байна. Ямартаа ч хойшлуулашгүйгээр 48 цагаар баривчилсан гэдгээ Сүхбаатар дүүргийн эрүүгийн шүүхэд мэдэгдсэн аж.

Одоогоор цагдан хорих санал шүүхэд ирээгүй байгаа юм байна. Хэрэв прокуророос түүнийг цагдан хорих шаардлагатай гэж үзвэл 48 цагийн дотор саналаа хүргүүлснээр, шүүх хурал өнөөдөр болох ёстой.

Албан бус эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор тэднийг цагдан хорьсон байна. Тодруулбал, сүүлийн үед  шатахуун импортлогч компаниуд үгсэн хуйвалдаж шатахууны үнийг цаг тутам тасралтгүйгээр нэмж байгаа үйл ажиллагаанд “Магнай трейд” компани оролцоогүй буюу шатахуунаа нэмээгүй байна. Иймд МАН-ын удирдах зөвлөлд ганцаараа багтдаггүй тус компани гол асуудал болсон бололтой гэв. 


Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлсэнээр “Жаст” группийн захирал Ш.Батхүүд холбогдох хэрэгтэй холбоотойгоор саатуулсан байх магадлалтай хэмээн бичжээ. Учир нь, "Магнай трейд" групп болон "Жаст" группийн дунд шатахуун түгээх станц худалдсан, худалдан авсан асуудал байдаг юм байна.


Цагдаагийн байгууллагаас “Энэ асуудал шалгагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” хэмээж буй юм. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно. Р.Ганзоригийн хувьд 2013 оны долдугаар сард дампуурал зарласан “Жаст” компанийн “Жаст ойл” ХХК-ийг 40 гаруй тэрбумаар худалдан авч хүүдээ бэлэглэсэн хэмээн тухайн үед хэвлэлүүд бичиж байжээ.

Ш.Батхүүгийн “Жаст ойл” компани Улаанбаатар, Сэлэнгэ, Орхон аймгуудад газрын тосны бүтээгдэхүүний агуулахтай, нийслэл хот болон 16 аймагт шатахуун түгээх станцын сүлжээтэй том компани байсан. Ш.Батхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалан Стандарт банкнаас зээл авсан хэргийг АТГ, ЦЕГ-аас хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа.

Р.Ганзориг “Жаст ойл” компанийг худалдан авсныг ШӨХТГ хууль бус гэж үзэж байна гэх мэдээлэл бас цацагдаж байв.Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжийг худалдаж авахдаа зөвшөөрөл авах ёстой ч хууль зөрчиж, хүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн гэх дуулианд холбогдож байсан билээ. “Магнай трэйд” ХХК-ийг 1994 онд Р.Ганзориг байгуулж байсан бол одоо ерөнхий захирлаар түүний хүү Г.Магнай ажиллаж буй юм.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.