Banner
Талийгаач Т.Гомбосүрэнгийн хэрэгт Б.Махбалаас гадна н.Лхагвасүрэнг яллагдагчаар татжээ
1
2018/10/16

ЗТХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал нь архидан согтуурсан үедээ хамт ажиллаж байсан Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэгт буруутгагдан өдгөө ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригдож байгаа. Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сард тэрбээр яамандаа газрынхаа дарга нартай архидаж байгаад улмаар талийгаач Т.Гомбосүрэнг өрөөндөө дуудаж, маргалдсаны улмаас аминд нь хүрсэн хэрэгт буруутгагдаж байгаа юм. 

Энэ хэрэгтэй холбогдуулан ЗТХ-ийн сайд, дэд сайд, ТНБД нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, тухайн үед хамт байсан гэх  Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Артур, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхбат нар ажлаасаа халагдаад байгаа юм. 

Хэргийг хоёр сар гаруйн хугацаанд шалгаж байна. Энэ хугацаанд УИХ-ын гишүүдийн зүгээс хэрэгт авагдсан нотлох баримтууд алга болсон, тухайн өдрийн бичлэг алга болсон зэрэг янз бүрийн мэдээллүүд өгсөн. 

Харин асуудалд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман албан ёсоор тайлбар өглөө. Тэрбээр "Нотлох баримт, бичлэг алга болсон гэдэг мэдээллүүд огт ор үндэслэлгүй. Ташаа мэдээлэл. Дээрх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хэргийн газраас хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтаар тооцон авах ажиллагаа явагдсан. Өнөөдрийн байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтуудаас алдагдсан, үрэгдсэн зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэлээ. 

Уг хэрэгт ЗТХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбалаас гадна Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн н.Лхагвасүрэнг яллагдагчаар татан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Гэхдээ н.Лхагвасүрэнг өдгөө батлан даалтад буюу гадуур шалгаж байгаа юм байна. 

Саяхан талийгаач Т.Гомбосүрэнгийн аав хүүгийнхээ хамгийн сүүлд утсаар ярьсан ярианы бичлэгийг сонсгосон. Энэхүү бичлэгт нэгэн залуу талийгаач Т.Гомбосүрэн рүү залгаж "Яасан бэ та. Би таныг Махбал даргын өрөөнд хүлээгээд л байна ш дээ" хэмээн ярьсан байдаг. Тэгвэл яамны ажилчдын ярьж буйгаар энэхүү бичлэгэн дээрх залуу нь н.Лхагвасүрэн. Түүнийг хамгийн анх талийгаачийг Б.Махбалын өрөөнд дуудаж оруулсан. Мөн маргааны эхлэлийг тавьсан хэмээн жиг жуг гэлцэж байна. 

Юутай ч цагдаагийн байгууллагаас Б.Махбалаас гадна н.Лхагвасүрэнг ч мөн яллагдагчаар татан шалгаж эхэллээ. Хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч нарын ажлын хэсэг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • s 2018 оны 10 сарын 16 [202.131.243.190]

    malnuudaar duuren mongol ulsaas yawzgaa zaluusaaa Americ, Australia yawzgaa tend l jinhene az jargal ardchilsan saikhan oron bga zaluusaa yawzgaa bitgii uuruu uurtuu yalagdaj nasan turshdaa nowsh bolj amdar !!!

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.