Banner
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
0
2018/10/16

-ТООЦОО ХИЙХДЭЭ ДӨРВӨН ОРОНТОЙ НУУЦ КОДОО БУСДАД ХЭЛЭХГҮЙ 
БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА-

Сүүлийн үед иргэд бэлэн бус төлбөрөөр тооцоо хийхийг чухалчилдаг болсон билээ. Үйл ажиллагаагаа явуулж буй албан байгууллага болон зоогийн газар үйлчилгээний цэгүүд карт уншигч “Epos” төхөөрөмж ашиглан иргэдэд үйлчилдэг.

Энэхүү үйлчилгээний хялбар аргыг ашиглан Төрийн ордны хажууд байрлах франц ресторанд ажилладаг зөөгч нар бүлэглэн үйлчлүүлэгч нарынхаа картаас их хэмжээний мөнгө авсан хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, тус ресторанд зөөгчийн ажил эрхэлдэг 18-25 насны Н, Э, Д нарын гурван этгээд тооцоо хийхдээ карт ашигласан нийт 19 иргэний картаас зургаан сая төгрөг авсан байна.

Тэд үйлчлүүлэгчдээс картынх нь дөрвөн оронтой нууц кодыг асууж, төхөөрөмжид уншуулах явцдаа туузан мэдээллийг нь хуулдаг аж. Хуулсан туузан мэдээллээ тусгай төхөөрөмж ашиглан олон удаагийн үйлдлээр бусдын картаас мөнгө уншуулдаг байсан нь илэрчээ.

Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс илрүүлэн шалгаж байна. Шалгалтын явцад урьдчилсан байдлаар зургаан сая төгрөгийн хохирол илэрсэн бөгөөд хэргийг үргэлжлүүлэн нарийвчлан шалгаж байгаа хэмээн албаны эх сурвалж мэдээлэв.

Иймд иргэдийг үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхдээ буюу карт ашиглахдаа өөрийн нууц дугаарыг бусдад хэлэхгүй, өөрийн гараар хийж байхыг анхааруулж байна. Карт уншигч төхөөрөмж тухайн мэдээллээ хадгалж үлддэг учраас залилагчид нууц кодыг ашиглан ийнхүү олон иргэнийг хохироодог аж. Картын нууц дугаарыг мэдэхгүй тохиолдолд туузан мэдээлэл ашиглан ийм төрлийн гэмт хэрэг үйлдэх боломжгүй юм байна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.