Banner
Оюутолгойн гүний уурхайд гарсан ослын үеэр 505 уурхайчныг гаргажээ
0
2018/10/17

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюутолгойн гүний уурхайд энэ сарын 15-нд томоохон осол гарчээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Жавхлант” багт “Оюутолгой” ХХК-ийн гүний уурхайн нэгдүгээр босоо аманд дунд оврын  LO-055 улсын дугаартай JCВ загварын дугуйт ачигч шатсан байна.

Энэ үеэр утаажилтын бүсээс 505 уурхайчныг гаргасан аж. Одоогоор ослын нөхцөл шалтгааныг тодруулахаар ажиллаж эхэлсэн байна. 

Тус компаниас гаргасан мэдээлэлд “Компанийн гүний уурхайд дунд оврын хөдөлгөөнт тоног төхөөрөмжид гал гарсан бөгөөд тус ослын улмаас ажиллагсдын эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй болно.

Манай баг, хамт олон уурхайн ослын үед авч хэрэгжүүлэх аюулгүй ажиллагааны төлөвлөгөө ба дарааллын дагуу түргэн шуурхай ажилласаны үр дүнд нийт уурхайн бие бүрэлдэхүүн, туслан гүйцэтгэгч компанийн ажиллагсад аливаа бэртэл, гэмтэл авсангүй. Энэ цаг мөчид бид ослын шалтгаан тодруулах, хохирлыг тодорхойлохоор Ханбогд сумын Онцгой байдлын алба, Цагдаагийн газартай хамтран ажиллаж байна.

"Оюутолгой” компанийн үнэт зүйлсийн эрэмбэд хүний алтан амь, сайн сайхан байдлыг нэн тэргүүнд тавьдаг" хэмээжээ.

Ослын шалтгаан нөхцөлийг тогтоож, дүгнэлт гарахад 14 хоногийн хугацаа шаардлагатай юм байна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.