Banner
Оффшорчдын хөрөнгийг оруулж ирэх үлгэр болсон уу Ерөнхийлөгч өө
1
2018/10/17

Монголын нийгэмд хурцаар шүүмжлэгдэн хэлэлцэгдэж байгаа олон асуудлын нэг нь улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд данстай байх, авлига, хууль бусаар олсон мөнгө хөрөнгөө татвараас болон хууль хяналтаас нууж байршуулж байгаа явдал билээ.

Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс, улстөрч, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор дансанд мөнгөн хөрөнгөө байршуулах нь тухайн хөрөнгийн гарал үүсэл хууль ёсны эсэх, татвараа шударгаар төлсөн эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн эсэх зэрэг олон эргэлзээг бий болгож, шударга ёсонд итгэх олон нийтийн итгэлийг бууруулж байна. Манай улс оффшортой тэмцээд бүхэл бүтэн зургаан жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд Оффшорын тухай хууль хүртэл баталлаа.

Гэсэн ч оффшор данстаны тоо нэмэгдэж, хүрээгээ тэлсээр байна. Оффшор буюу “эргээс гадна” гэсэн утгатай энэ үг эхэндээ гэмт хэрэг мэтээр ойлгогдож байсан бол одоо байдаг л зүйл боллоо. Эх орноосоо хумсалж, хулгайлсан хөрөнгөө гадагш гаргаад хав дарсан оффшоруудтай тэмцэж, тэдний мөнгийг оруулж ирнэ хэмээн Ерөнхийлөгч болоод бусад албаныхан сүр дуулиантай зарлаж, уриалга гаргаж байсан цаг саяхан юм. Бүр хуулийн хугацаа ч өгч, хугацаандаа оруулж ирээгүй баячуудтай хатуу тэмцэж, хариуцлага тооцно хэмээн мэдэгдэж байсан юм. Дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэнэ хэмээсэн.

Гэтэл одоо оффшорчдод олгосон дээрх хугацаанд оффшорчдын хэн нь ч мөнгөө таталгүй өдийг хүрлээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргийг биелүүлж, оффшор бүс дэх хөрөнгөө шилжүүлсэн болон уг бүсэд хамаарах нутаг дэвсгэрт эд хөрөнгө, данс эзэмшиж байгаа талаараа нийт 20 албан тушаалтан Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн байдаг. Харин оффшор бүсэд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох зэрэг арга хэмжээг авсан талаар мэдүүлэх хуулийн хугацаа заав. Харин тухайн үед хугацаандаа багтаж оффшор дахь хөрөнгөө дөрвөн хүн шилжүүлсэн талаар АТГ мэдээлсэн.

Тодруулбал, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол банкны газрын захирал Т.Амарсайхан нар хамаарал бүхий этгээдийнхээ эзэмшиж байсан оффшор компаний хувьцааг 2015, 2017 онд бусдад шилжүүлсэн гэдгээ мэдэгдсэн байна. Харин ЦЕГ-ын салбар байгууллагын дарга С.Ганбат өөрийн эзэмшиж байсан гурван дансыг хаалгасан гэдгээ мэдүүлж байсан. Гэвч үнэхээр оруулж ирсэн эсэх нь ямар ч баримт нотолгоогүй. Мөн үлдсэн этгээдүүд хаачив, хэн хэн байв гэдэг мөн л тодорхойгүй.

Тухайн үед Ерөнхийлөгчийн сонгууль угтсан гэж болохоор хэд хэдэн үйл явдлаас харж байхад сонгуульд зориулсан пиарын ажиллагаа юм биш үү гэж хардаж бодохоор. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын зүгээс оффшор бүс, “30 гэр бүл” гэх учир битүүлэг асуудал дэгдээж, улмаар иргэний байгууллагууд талбай дээр удаа дараа жагсаал цуглаан зохион байгуулснаас харвал сонгуульд зориулсан акц гэж хэлэхэд буруудахгүй. Хэрвээ тийм биш байсан бол өдийд “30 гэр бүл”, “оффшорчид” гээд бүгд илэрчихээр цаг хугацаа өнгөрчээ. Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил өндөрлөсний дараа “Оффшор бүсээс дөрвөн сая 370 мянган ам.доллар оруулж ирлээ” гэх мэдээллийг Ерөнхийлөгчийн нэрийг дурдан мэдээлсэн зэрэг нь ямар ч баримтгүй.

Мөн “Оффшорчдыг халз мэтгэлзээнд дуудаж байна” гээд хэний ч нэрийг дурдсангүй. Халз мэтгэлзээнд дуудаж байгаа бол тодорхой нэр ус байх ёстой. Үүний цаана чухам ямар улстөр нуугдаад байна вэ. Нөгөө талаас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Оффшор бүсэд 31 их наяд төгрөг байгаа” хэмээсэн мэдээлэл хүртэл дэлгэж, УИХ-аас “Оффшорын хууль” ч батлаад авсан. Сүүлийн гурван жилийн хугацаанд болж өрнөсөн “оффшор”-ын асуудал ингээд эзэнгүй үлдэж байгаа учраас Монгол Улсад оффшорчид байна уу гэж Ерөнхийлөгч Х.Баттулга, З.Энхболд нараас асуух цаг иржээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • түй 2018 оны 10 сарын 18 [192.82.64.215]

    юу юу гэж гарч ирлээ. энэ төрийн хулгайчуудтайгаа тэмцээчээ. цусаар ч болов тэмцэж авилгачдыг дуусгахгүй бол хэдэн үеэрээ дуусч газар нутгаа өрөнд алдах нь. тийм эрэлхэг хүү монголд байна у. адгийн амьтад насаараа энэ суудалд суух юм шиг хэзээ нэг цагт үйл тамаа үзэх л байх

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.