Banner
Монголын төрийн тогтолцоо нь улс төрийн нам-бүлэгт л бүх боловсон хүчнийг томилох эрхийг төвлөрүүлсэн байна
0
2018/10/18

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ШИНЭТГЭЛ

 

ХОЁР: МОНГОЛ УЛСЫН 1992 ОНЫ ҮНДСЭН ХУУЛИЙН ГУРАВДУГААР БҮЛЭГ.

ТӨРИЙН БАЙГУУЛАЛ

 

Монгол Улсын Үндсэн Хуулийн шинэтгэл өгүүллийн нэгдүгээр хэсгийг эндээс уншина уу!!

 http://www.sonin.mn/news/politics-economy/95976

 

БНМАУ-н 1924,1940,1960 оны үндсэн хуулиуд нь улс төрийн нэг намд төрийн эрх мэдлийг төвлөрүүлсэн, тоталитар (дарангуй) тогтолцооны эрх зүйн эх сурвалж болж байсан бол Монгол улсын 1992 оны Үндсэн хууль нь анх удаа олон ургалч үзэл, олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрсөн юм.

Монгол улс 1921-1990 оны хооронд 70 гаруй жил нэг намын тогтолцоотой социалист орон байсан түүхтэй. Төрийн эрх мэдэл улс төрийн нэг намд төвлөрсөн тогтолцоотой нийгэмд  нам төвтэй төрийн тогтолцоо байдаг бөгөөд ийм нийгэмд улс төрийн нам дараах дөрвөн үндсэн үүрэг гүйцэтгэдэг:

Нэг: улс төрийн бодлого боловсруулах, гүйцэтгэх,

Хоёр: хянан шалгах ажлыг хэрэгжүүлэх,

Гурав: боловсон хүчнийг (хүний нөөцийг) сонгох, томилох.

Дөрөв: улс төрийн сонгуульд ард түмний оролцоог хангах, идэвхийг өрнүүлэх ажлыг гардан зохион байгуулах,

Монгол улсын 1992 оны үндсэн хуулиар нам төвтэй тогтолцооноос төр төвтэй улс төрийн байгуулалд шилжсэнээр улс төрийн нам улс орны хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хянах үүргээс угтаа чөлөөлөгджээ.

Мөн түүнчлэн Төрийн албаны тухай хууль батлагдсанаар төрийн боловсон хүчнийг бэлтгэх сонгон шалгаруулах, томилох эрх, үүрэггүй болсон юм.

Монгол улсын 1992 оны үндсэн хуулийн үзэл баримтлалаас харвал улс төрийн нам нь ард түмний хүсэл зоригийг хууль тогтоох үйл ажиллагаанд тусгахын тулд сонгуулийн үйл ажиллагаанд олон түмний оролцоог хангах, хууль тогтоох байгууллагад олонхийн суудал авсан бол гүйцэтгэх засаглалын тэргүүнийг дэвшүүлэх зэрэг төр, ард түмнийг холбогч "гүүр"-ийн үүрэгтэй  болов. 

Энэхүү улс төрийн намын чиг үүргийн талаар Профессор Ханс Кельзен " Мөн чанарын хувьд улс төрийн намын зохион байгуулалт бий болохоос өмнө ард түмэн тогтвортой оршин тогтнох улс төрийн хүч гэж  тооцоход хэцүү байлаа. Харин ардчиллын хөгжлийн шатанд төр тусгаарлагдсан иргэдээ намын зохион байгуулалт хэлбэрээр нийгмийн харилцаанд оролцуулах болсон учир ард түмэн бол нийгмийн хүч гэж тодорхойлдог нь огтхон ч санамсаргүй хэрэг биш юм."  хэмээн 100 гаруй жилийн өмнө тэмдэглэж байжээ.

1992 оны Үндсэн хуулиар Монголын төр нь бодлого, боловсон хүчний асуудлаа улс төрийн намаас ангид шийдвэрлэдэг парламентын тогтолцоог сонгосон боловч төр нь бүхэл цогц систем гэдэг утгаараа хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн салаа мөчир, тэдгээрийн дотоод чиг-үүргийн тэнцвэрийг хангах хяналтын институцийн асуудалд нэн ерөнхий хандсан дутагдал ажиглагдаг.

Энэхүү төрийн эрх мэдлийн салаа мөчир, тэдгээрийн дотоод чиг-үүргийн тэнцвэрийг хангах хяналтын институцийн бүтэц тодорхой биш байдалтай орхигдсон сул орон зайг (хийдлийг)  парламентад олонхийн суудал авсан нам эзэлснээр, төрийн эрх мэдэл улс төрийн намд хэт төвлөрч, хуучин хүчирхэг нам төвтэй тогтолцоо дахин сэргэжээ.

Өөрөөр хэлбэл, Монголын улсын төрийн тогтолцоо албан бус хэлбэрээр буцаад хуучин нэг намын ноёрхлын үетэй адил улс төрийн нам-бүлэг төрийн бодлогыг тодорхойлох, боловсон хүчнийг сонгох, томилох эрхийг өөртөө төвлөрүүлсэн байна.

Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн гуравдугаар бүлгийн 24 дүгээр зүйлд заасан УИХ-ын "18-н онцгой бүрэн эрх"  бодит амьдрал дээр УИХ-д олонхийн суудал авсан намын онцгой бүрэн эрх болж хувирсан юм.

Товчоор хэлбэл, төр, эрх зүйн шинжлэх ухааны профессор Ханс Кельзений хэлсэн "улс төрийн нам ердөө л сонирхлоор нэгдсэн хүмүүсийн нэгдэл, холбоо учраас хувийн ашиг сонирхолд суурилна гэсэн үг, харин төр бүх нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэх учир бүлгийн сонирхол буюу улс төрийн намын сонирхлоос дээгүүрт тавигдаж, тэднийг зохицуулах ёстой"  гэсэн төрөөс улс төрийн намтай харилцах зарчмыг гажуудуулсан байна.

 

Монголчууд бид 1992 онд хөтөлбөр үндсэн хуулиас татгалзаж, түгээмэл үндсэн хуульд шилжих үедээ өмнөө тодорхой зорилго бүхий системийн хувьд төрийн тогтолцооны бүтэц, чиг-үүргийг шинэ үзэл баримтлалд нийцүүлсэн шинэчлэл хийх ёстой байжээ.

 

 

1992 оны шинэ Үндсэн хууль бүтээхдээ  хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн Ш. Л. Монтескьюгийн төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмыг баримталсан боловч системийн онолын талаас авч үзвэл Монгол төр нь бие даасан системийн хувьд төрийн тогтолцооны дэд системүүдийн чиг-үүрэг, хоорондын харилцан шүтэлцээ, уялдааг хангах асуудлыг орхигдуулжээ.

Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн гуравдугаар бүлэгт төрийн байгуулалтыг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн салаа мөчирт тусгаарлаад орхилгүй, цааш нь төрийн  нийгмийн удирдлагыг (менежмент) гүйцэтгэх чиг-үүргийг тодруулж, шийдвэр гаргах процессын  бүтээмжтэй  загварыг институцчлэх шаардлагатай  байсан юм.

 

Хүснэгт 6: Төрийн байгуулалтын механизм

 

 

Үндсэн хуулийн төрийн байгуулалтын бүлэгт "хүний эрх,эрх чөлөө"-г хамгаалах зорилгоор төрийн эрх мэдэл хуваарилах "хяналт-тэнцвэр"-ийн (check and balance)   зарчимд илүү ач холбогдолтой хандсан бол "Түгээмэл" шинж давамгайлсан гэж үздэг.

Харин хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн тус тусын дотоод бүтцийг үндсэн хуульд тунхагласан "хөтөлбөр-зорилго"-ыг хэрэгжүүлэх чадамжийг харгалзан чиг-үүргийн тодруулсан тогтолцоог "функциональ" шинж давамгайлсан  байна гэдэг.

Иймээс төрийн эрх мэдлийг хуваарилах тухай, төр нь бүхэл систем гэдэг утгаар түүний дэд системүүдийн чиг-үүргийг хэрхэн харилцан тэнцвэртэй тогтоох тухай онол, сургаалын түүхийг судлахгүйгээр төрийн байгууламжийн дотоод үйл ажиллагааны зарчим, механизмыг задлан шинжлэх боломжгүй юм.

 

Төрийн эрх мэдэл хуваарилах орчин үеийн сургаал

 

Төрийн эрх мэдлийг хуваарилах онол, сургаалыг цаг хугацаа, агуулгаар нь эртний болон орчин үеийн гэж ангилж үздэг.

Эртний грекийн гүн ухаантан Аристотелийн төрийн эрх мэдлийг нийгмийн ангиуд хооронд хуваарилж, нийгмийн анги бүр өөр өөрсдийн чиг-үүргийг төрийн тогтолцоонд гүйцэтгэсэн  засаглал нь хамгийн шилдэг төр гэсэн номлолыг төрийн эрх мэдэл хуваарилах эртний сургаал гэдэг.

Харин төрийн эрх мэдлийг хуваарилах орчин үеийн онол, сургаал нь анх Английн улс төр судлаач Жеймс Харрингтоны төрийн эрх мэдлийг нийгмийн анги хооронд биш, төрийн тогтолцоог үйл ажиллагааны төрлөөр  нь ангилж хуваарилах ёстой гэсэн үзлээс эхлэн, Английн гүн ухаантан Жон Локкын төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх засаглалд хуваах нь зүйтэй  гэсэн сургаалаар баяжин,  эцэст нь Францын хуульч Ш.Л. Монтескью шүүх эрх мэдлийг хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлээс тусгаарлан, эдгээр гурван эрх мэдлийн хооронд "хяналт-тэнцвэр"-ийн (check and balance)  зарчмаар тэнцвэржүүлэх тухай 1748 онд "Хуулийн Амин Сүнс"  бүтээлдээ цэгцтэй боловсруулснаар улс төр, үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны эргэлтэд орсон байна.

Ш. Л. Монтескью төрийн эрх мэдлийг хуваарилах тухай Хуулийн амин сүнс бүтээлийнхээ 11 дүгээр дэвтрийн VI дугаар бүлэгт тайлбарлахдаа:

“Аль ч улсад гурван төрлийн засаглал буй. Эдгээр нь хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглал, шүүх эрх мэдэл болно.”

“Хэрэв хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал хоёулаа ганц хүний юм уу нэг байгууллагын гарт орох аваас эрх чөлөө гэж байхгүй.”

“Хэрэв хууль тогтоох үйл ажиллагаа гүйцэтгэх болон шүүх эрх мэдлээс ангид бус бол эрх чөлөө мөн л байхгүй гэсэн үг. “

“Хэрэв шүүх эрх мэдэл гүйцэтгэх засаглалтай нэгдэх аваас шүүгчид дарангуйлагч болж хувирах нь буй.”

“Хэрэв ганц хүнд юм уу түшмэд, язгууртнууд, эсвэл жирийн хүмүүсээс бүрдсэн нэг байгууллагад  (1) хууль тогтоодог, (2) улсын шинж чанартай тогтоол зааврыг хэрэгжүүлдэг, (3) гэмт хэрэг, иргэдийн зарга заалхайг шүүдэг энэ гурван эрх мэдэл төвлөрөх аваас бүх юм өнгөрлөө гэсэн үг.”  хэмээжээ.

Төрийн эрх мэдлийг хуваарилах онолын гол цөм нь эрх мэдэл хоорондын "хяналт-тэнцвэр"-ийн   зарчим юм.

Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх эрх мэдлийн хооронд хяналт-тэнцвэрийн зарчим үйлчилж байгаа эсэхийг тогтоохын тулд дараах гурван нөхцөлийг шалгуур болгодог.

Үүнд:

(1) "Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх эрх мэдлийн аль нэг эрх мэдэлд давуу эрх олгохгүй байх,"

(2) "Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх эрх мэдлийн аль нэгийн нь эрх нөгөө хоёртоо шилжихгүй байх,"

(3) "Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх эрх мэдлүүд харилцан нэг нэгнээ хянаж байх ёстой." гэсэн нөхцөлүүд багтдаг.

Эндээс Ш.Л. Монтескьюгийн  "эрх мэдлийг эрх мэдэл л хязгаарладаг" гэсэн алдарт зарчим урган гардаг бөгөөд  дээрх нөхцөлүүдийн дагуу төрийн эрх мэдэл хооронд хяналт-тэнцвэр тогтоохыг "төрийн эрх мэдэл       хуваарилах онол"  (Seperation of power)  гэж нэрлэдэг.

Судлаачид АНУ-н Ерөнхийлөгчийн засаглалыг "төрийн эрх мэдэл хуваарилах"  онолын практик загвар гэж үздэг. 

Гэтэл Хууль тогтоох байгууллагаас Засгийн газрыг байгуулж, Засгийн газар түүний өмнө хариуцлага хүлээдэг парламентын засаглалыг "төрийн эрх мэдлийг нэгтгэсэн" (Fusion of power) загвар гэдэг. 

Парламентын засаглал нь эрх мэдэл хуваарилах зарчмыг бүрэн биш, заримдаг байдлаар ашигладаг эрх мэдлийг нэгтгэсэн өвөрмөц загвар юм.

Өөрөөр хэлбэл, парламентын засаглал нь дээрх төрийн эрх мэдэл хуваарилах "хяналт-тэнцвэр"-ийн  нөхцөлүүдийг харилцан адилгүй олон янзын хувилбараар ашигласан байдаг.

Судалгааны явцад ихэнх амжилттай хөгжиж байгаа парламентын засаглалтай орнууд эрх мэдэл хуваарилах "хяналт-тэнцвэр"-ийн зарчмыг бүрэн биш, заримдаг байдлаар ашиглаж, эрх мэдлийг нэгтгэсэн өвөрмөц талаа институцийн функциональ  чиг-үүргийн дагуу дахин хуваарилах замаар төвлөрлийг задалж, харилцан тэнцвэржүүлэн, зохицуулж байна.

"Төрийн эрх мэдлийг нэгтгэсэн" ( Fusion of power) парламентын засаглал хэрхэн   эрх мэдэл хуваарилах "хяналт-тэнцвэр"-ийн зарчмыг орлуулж, нөхөн зохицуулж байгаа механизмыг  тайлбарлахын тулд төрийн эрх мэдлийг харилцан тэнцвэржүүлэх-хуваарилах  тухай Эртний онол, сургаалтай танилцах шаардлагатай.

 

Төрийн эрх мэдэл хуваарилах эртний онол

 

"Төрийн эрх мэдлийг хуваарилах" тухай үзэл санааг Ш. Л. Монтескью 1748 онд бичсэн "Хуулийн амин сүнс" бүтээлдээ цэгцтэй боловсруулсныг бид өмнө өгүүлсэн.

Гэхдээ Ш. Л. Монтескьюгийн эрх мэдэл хуваарилах онолын үзэл санаа нь Эртний грекийн сэтгэгч Аристотелийн "Холимог дэглэм"-ийн тухай сургаал, грекийн түүхч Полибий, хуульч Цицерон нарын Ромын засаглалын тухай, Флоренцын дэд канцлер Макиавеллийн Венецийн улс-төрийн тогтолцооны тухай өгүүлсэн бүтээл туурвилаас эх сурвалжтай юм .

Эртний грекийн сэтгэгч Аристотель урьд өмнөх болон тухайн үеийнхээ 150 гаруй төр улсын түүхийг судалсны эцэст  "Холимог дэглэм"-ийг шилдэг төрийн загвар хэмээн цохон тэмдэглэсэн байдаг.

Аристотель "Төр" зохиолдоо засаглалыг гурван сайн засаглал, түүнээс гажсан гурван муу засаглал гэж хуваажээ.

Аристотель  хаант (Монархи) засаглалын үндэс нь сайн үйл, аристократ засаглалын үндэс нь сайн нэр, демократын үндэс нь эрх чөлөө бөгөөд эдгээр гурван засаглалын сайн талуудыг нэгтгэсэн засаглалыг "Полити"  гэж нэрлэж байсан.

Аристотелийн "Полити" засаглалын хэлбэрийг орчин үеийн судлаачид "Холимог дэглэм"  гэж нэрлэдэг.

Хэрэв дээрх гурван засаглалын аль нэг нь дангаараа оршин байгаа бол төд удалгүй тэр төр-улс  ардчиллаас олонхын дарангуйлал, язгууртны засгаас цөөнхийн дарангуйлал, хаант засгаас нэг хүний дарангуйлал уруу шилжсэнээр мөхдөг хэмээжээ. 

Аристотелийн  Полити засаглалын загвар нь улс төрийн системийн функциональ  чиг-үүргийн зарчмын үндэс, эх сурвалж юм.

Аристотелийн гурван засаглалын эерэг болон сөрөг талын харьцуулалт:

 

 Хүснэгт 7: Аристотелийн Засаглалын хэлбэрүүд

 

 

Аристотелийн "Холимог дэглэм" нь нийгмийн "анги" (хаан, язгууртан, ард түмэн) хоорондын "ашиг сонирхлыг тэнцвэржүүлж", нийгмийн нэг ангийн эрх ашгийг нөгөө ангийн эрх ашгаар хязгаарласны үр дүн, нийгэм баян-ядуугийн хоёр туйлд хуваагдах, анги хоорондын зөрчлөөс үүдэн хямрал, тогтворгүй байдал үүсэхээс зайлсхийх зорилго бүхий тогтолцоо юм.

Аристотелийн "Холимог дэглэм" нь эртний грекийн Спартаас эхлэн, эртний Ром, дундад зууны Венец, сэргэн мандлын үеийн Их Британийн (Английн) засаглалын түүхтэй холбогддог. 

Их Британийн  хэмжээгүй эрхт Хаант засаглалын эрх мэдэл анх 1215 оны "Их Гэрээ"-д язгууртан ноёдын эрх мэдлийг хүлээн зөвшөөрснөөр Барон, Шашны Эрх мэдэлтнүүд, болон Рыцарь, Хөрөнгөтний төлөөллөөс бүрдсэн Их Зөвлөлийн эрх мэдлээр хязгаарлагдан, хумигдаж эхэлсэн байна.

Улмаар Их Зөвлөл нь  Барон, Шашны Эрх мэдэлтнүүдийн төлөөлөл бүхий Лордын, Рыцарь, Хөрөнгөтний төлөөллөөс бүрдсэн доод буюу нийтийн гэсэн хоёр танхимтай парламент болж өөрчлөгджээ.

Хүний эрхийг хамгаалах талаар парламентаас гаргасан удаа дараагийн "Эрхийн Тунхаг"-ын үр дүнд парламентын үйл ажиллагаа, эрх мэдэл өргөжиж, харин Хааны эрх мэдэл улам хязгаарлагдсаар Их Британи 17 дугаар зуун гэхэд Аристотелийн "холимог дэглэм"-д шилжсэн байна.

Тухайн үеийн Их Британийн эзэнт гүрний захиргаанд  Хойд Америкийн 13-н колони байсан бөгөөд колони бүр хааны томилсон Амбан захирагчтай, Амбан захирагч дээд танхимын сенатчидыг томилдог, харин нийтийн танхимын гишүүд ард иргэдийн дундаас сонгогдох тогтолцоотой байжээ.

Гэтэл 1763-1775 онд Их Британийн эзэн хаан Жорж III  хэд хэдэн шинэ тогтоол гаргаж татвар татаасыг нэмжээ. Тэмдэгтийн хураамж, Цайны татвар зэргийг эсэргүүцсэн колони улсуудын тэмцэл эцэстээ Их Британийн ноёрхлыг түлхэн унаган, АНУ-ын тусгаар тогтнолыг зарлан,  1787 онд Үндсэн хуулиа  баталжээ.

Энэхүү Америкийн Нэгдсэн улсын 1787 оны Үндсэн хуулийн эхийг боловсруулах үед Их Британийн "Холимог дэглэм"-ийг Америкийн нийгмийн онцлогт тохируулан өөрчилсөн бөгөөд Ш. Л. Монтескьюгийн эрх мэдэл хуваарилах  онолыг хослуулан ашигласан байдаг. 

 

Хүснэгт 8: "Холимог дэглэм"-ийг Монтескьюгийн эрх мэдэл хуваарилах зарчимтай хослуулсан засаглалын хувилбарууд.

 

 

АНУ-ын 230 гаруй жилийн Үндсэн хуулийн хэрэгжилтийг судалсан эрдэмтэд "Төрийн эрх мэдэл хуваарилах онол цэврээрээ байх боломж практикт хомс юм. Учир нь Гүйцэтгэх эрх мэдэл олон төрлийн журам гаргах хэлбэрээр Хууль тогтоох эрх мэдэлд хутгалдаг бол, Шүүх эрх мэдэл жишиг эрх зүйн эх сурвалж гарах хэлбэрээр Хууль тогтоох үйл ажиллагаанд гар дүрдэг, Хууль тогтоох эрх мэдлээс Гүйцэтгэх болон Шүүх эрх мэдлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог практик цөөн биш" байгааг цохон тэмдэглээд,

цааш нь, "АНУ-ын улс төрийн тогтолцоонд эрх мэдэл хуваарилах онол,  түүний хяналт-тэнцвэрийн зарчмаас гадна Их Британиас уламжлан авсан Аристотелийн "Холимог дэглэм"-ын зарчмууд багагүй үүрэг гүйцэтгэж иржээ "   гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

 

Зураг 3: Аристотелийн шилдэг төрийн гурван шинж

 

 

Аристотелийн Полити буюу Холимог дэглэм нь нийгмийн "анги"  хоорондын ашиг сонирхлыг тэнцвэржүүлж, нийгмийн нэг ангийн эрх ашиг нөгөө ангийн эрх ашгаар хязгаарлагдаг засаглалын хэлбэр байсан юм. 

Гэхдээ түүхэн хөгжлийн явцад улс төрийн шийдвэр гаргах процесст ард түмний оролцоог хангах, мэргэн шийдвэр гаргах, тогтвортой цомхон-чадварлаг бүтцээр гүйцэтгэх гэсэн гурван чиг-үүрэг  нь цагийн шалгуурт шүүгдэн орчин цагийн улс төрийн системд өвлөгдөн иржээ.  

Төрийн тогтолцоо нь зорилго бүхий бие даасан системийн хувьд дээрх Аристотелийн "Холимог дэглэм"-ийн гурван чиг-үүргийг хариуцан гүйцэтгэх бүтэцтэй байж хэмээн өмнөө тавьсан “Хөтөлбөр”-өө биелүүлдэг байна.

Иймээс цаашдын судалгааны ажлын чиглэлийг 

Нэгд, засаглалын хэлбэрүүдийг харьцуулах, үүний үр дүнд Монгол улсын 1992 оны үндсэн хуулиар тогтоосон засаглалын хэлбэрийг өөрчлөх үндэслэл байгаа эсэхийг нэг мөр тогтоох,

Хоёрт, 1992 оны Үндсэн хуулийн хийдэл, институцийн хямрал,  шалтгаан үр дагаврын тухай, 

Гуравт, буюу эцэст нь тэргүүлэгч гүрнүүдийн төрийн байгуулалтын тэргүүн туршлагаас Монгол Улсын Үндсэн хуулийн төрийн байгуулалтын шинэчлэлд бүтээлчээр нутагшуулах тухай гэсэн дарааллаар үргэлжлүүлье.

 

 

Б.Өлзийбаяр

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.