Banner
УИХ-ын гишүүн Б.Батзоригийн асуудлыг чуулганаар ЭЦЭСЛЭНЭ
0
2018/11/07

УИХ-ын гишүүн Б.Батзоригийг асуудлыг өнөөдөр чуулганаар эцэслэн шийдэх юм. Тодруулбал, МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Б.Батзоригийг гишүүнээс нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн ч процессийнхоо дагуу дэд хороо, байнгын хороо, чуулганаар заавал хэлэлцэх аж. 

Энэ дагуу өчигдөр Халдашгүй байдлын дэд хороо, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хуралдсан байна. Учир нь Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн хүсэлтийг УИХ-аар хэлэлцээд, 48 цагийн дотор хариу өгөх ёстой. Энэ дагуу намын бүлэг, дэд хороо, байнгын хороод шуурхай хуралдсан аж. Харин өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж эцэслэнэ.  

Хэрэг явдлыг сануулбал, ЖДҮХС-гийн хөрөнгөнөөс УИХ-ын гишүүдэд зээл олгосон асуудлаар Б.Батзориг ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаа өгөв. Тодруулбал, тэрбээр өөрийнх нь эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг ЖДҮХС-гийн асуудалтай холбогдуулан ёсзүйн хариуцлагаа хүлээж, сайдын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн юм. 

Харин прокурорын байгууллагаас түүнийг гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэн ч МАН-ын бүлэг өчигдөр улстөрийн шийдвэр гаргаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв. 

Үүнийг Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд "Энэ гэмт хэргийг шалгах процесстой холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Батзориг цааргалсан, татгалзсан, хориглосон үйлдэл гаргаагүй. Тиймээс заавал түдгэлзүүлж шалгах шаардлага байхгүй. Хуулийн байгууллагын шалгах процесст ямар нэгэн байдлаар нөлөөлж чадахгүй. Учир нь сайдын ажлаа өгсөн. Сайдын ажлаа өгөөгүй байсан бол магадгүй ЖДҮХС-гийнханд нөлөөлж магад. Одоо тийм асуудал байхгүй. Хэрэг шалгах процесст нөлөөлөх боломжгүй гэж гишүүд үзсэн" хэмээн тайлбарласан юм. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.