Banner
У.Хүрэлсүхийн "айдас" хаачив...
0
2018/11/08

Ерөнхий сайд У.Хүрэлсүх одоогоос жилийн өмнө тус суудалд залрах болсон. Тэрээр Ерөнхий сайдын албан тушаалыг хүлээн авах үедээ "Ард түмэн ууртай байна. Эрх мэдэл өнгө мөнгөний хүчинд мөхөжсөн хууль цааз төр засагт тэд бухимдаж байна. Монгол Улсыг хуульгүй мэт үзэж байгаа хүмүүст хуультай гэдгийг мэдрүүлнэ. Монгол төрийн алтан сүлд өнгө мөнгөнд гундах ёсгүй. Одоо л бид эрс шийдэмгий үйлдэл хийхгүй бол оройтлоо. Энэ цагаас эхлэн Засгийн газрын бүх төвшинд хууль дээдлэх ёсыг хатуу баримтална. Төрийн мөнгө гэж байдаггүй. Энэ бол ард түмний татвар төлөгчдийн мөнгө. Би амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан ард түмний итгэл алдрахаас айж байна" хэмээж байсан удаатай. Харин түүний тэргүүлж буй засгийн газрын гишүүд албан тушаалаа урвуулан ашиглан зээл авсан байх бөгөөд тэрээр зээл авсан гишүүдийг зээлээ эргүүлэн төлж ард түмнээс уучлалт гуйхыг хүсэв. Хэрэв гишүүдийг уучлалт гуйж алдаагаа засахгүй бол засгийн газраа тараах хүртэл арга хэмжээ авахаа У.Хүрэлсүх мөн илэрхийлсэн байх аж.

Тэрээр мөн "Энэ зээл авсан гишүүд ард түмнээс уучлалт гуйхгүй бол та нар дахиж нэр дэвшихгүй шүү гэдгийг дахин хэлчихье" хэмээсэн нь олон нийтийн бухимдлыг төрүүлсэн гэхэд хилсдэхгүй. Учир нь зээлээ эргүүлэн төлж уучлалт гуйвал дахин УИХ-д нэр дэвшин үргэлжлүүлэн ажиллах боломжтой болох нь хэмээх айдас олны дунд төрж эхлэв. Ерөнхий сайдын суудалд суухдаа түүний хэлж байсан "Засгийн газрын бүх төвшинд хууль дээдлэх ёсыг хатуу баримтална" хэмээх үг өнөөдөр зөөлөрч уучлалт гуйх зарчимд шилжин гишүүдийнхээ толгойг илээд өнгөрөхөөр шийдсэн бол тун ч харамсалтай.

Гэхдээ тус асуудалтай холбоотойгоор гишүүдэд хандаж хэлсэн үгэн дунд авах зүйлс ч байв. Тэрээр "Ард түмний итгэл найдварын төлөө би ажиллах цаг болсон. Хариултыг нь ч би өгөх ёстой гэж би бодож байгаа. Энэ бол нөхөр Хүрэлсүхтэй хамааралгүй. Энийг хийх үүрэгтэй хүн нь би байгаа юм. Удирдан зохион байгуулах үүрэгтэй хүн нь би мөн" хэмээсэн байх бөгөөд гишүүд өөрсдийн хийсэн зүйлийн хариуцлагыг саналаараа хүлээхгүй бол засгийн газар тун удахгүй огцорч ч мэдэх юм. Дашрам дурьдахад ерөнхий сайд болохдоо "ард түмний итгэл алдрахаас айж байна" хэмээн хэлж байсан нь итгэл нь алдарсан ард түмний сэтгэл тодоос, тодхон байна. Тэрхүү айдасаа яагаад далдалж гишүүдийнхээ толгойг илэн сууна вэ....

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.