Banner
“НЭХҮҮЛ” ХӨДӨЛГӨӨНИЙХӨНД УИХ-ЫН ДАРГА ХАРИУ ӨГӨВ
0
2018/11/16

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “Нэхүүл” нам бус залуучуудын хөдөлгөөний төлөөллийг өчигдөр (2018.11.15) хүлээн авч уулзлаа. “Нэхүүл” нам бус залуучуудын хөдөлгөөнөөс УИХ-ын дарга М.Энхболдод хандан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас өөрийн болон хамаарал бүхий компанидаа зээл авсан асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгуулж, хуулийн цээрлэл хүлээлгэх ёстой гэсэн шаардлага ирүүлээд байсан юм.

Уулзалтын үеэр залуус нийгэмд шударга бус байдал газар авсны нэгэн жишээ нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, баялаг бүтээгчдийг дэмжих зориулалттай зээлийг УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан авсан нь увайгүй хэрэг мөн. Үүнийг иргэдийнхээ эрхэнд, нийгмийн баялагт халдсан нэг ёсны дээрэм, хулгай, эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж байгаа. Тиймээс хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой. Сайдаас огцруулаад юм уу, уучлалт гуйсан төдийгөөр өнгөрөх ёсгүй. Төрийн өндөр албан тушаалтан, жирийн иргэд ялгаагүй хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Иргэн О.Мөнх-Эрдэнэ Засгийн газрын тусгай сангуудыг шалгахдаа иргэд, жижиг, дунд бизнес эрхлэгчид, татвар төлөгчдийн төлөөллийг оролцуулах, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн Төсөл шалгаруулалтын хороонд баялаг бүтээгчдийн оролцоог хангах ёстой гэв.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон тэдний шаардлагад өгсөн УИХ-ын дарга М.Энхболдын хариуг гардуулан өгсөн юм.

УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарт албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөх шаардлагыг тавих үеэрээ энэ талаарх байр сууриа тодорхой илэрхийлсэн байдаг.

Хариу албан бичигт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлд гэмт хэрэгт холбогдсон гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокуророос УИХ-д оруулж, УИХ шийдвэрлэхээр заасныг дурдаад, нэр бүхий гишүүдийн ёс зүйн асуудлаар дүгнэлт гаргаж, ёс зүйн хариуцлага тооцох, ЖДҮ-ийг хөгжүүлэх сан болон Засгийн газрын тусгай сангуудыг шалгах ажлыг хуулийн дагуу яаралтай зохион байгуулах чиглэлийг Төсвийн байнгын хороо, Ёс зүйн дэд хороонд өгснийг тэмдэглэсэн байна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.