Banner
Кёкүшюзан Д.Батбаяр АН-ын шинэ байрыг барина
0
2018/12/05

Ардчилсан нам УИХ-ын зарим гишүүнээ намаасаа хөөж, Их хурлаа хуралдуулах гээд ойрын хэд хоногт хөл хөдөлгөөн ихтэй байна.

Өдгөө 29 жилийн нүүр үзэж буй Ардчилсан нам өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн байртай болж амжаагүй байгаа. Н.Алтанхуягийн үед Соёлын төв өргөөний хүзүүвчинд шав тавьж, ард түмнээсээ тоосгоны хандив гуйсан ч бүтэлтэй зүйл болоогүй тэгсхийгээд өнгөрсөн. Тэгвэл АН-ын шинэ дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өчигдөр (2018.12.04) намын гишүүдийнхээ хамт Яармагийн дэнжид АН-ын  шинэ байрны шав тавилаа.

Нийт 10 давхар барилгын ажлын гүйцэтгэгчээр сүмоч, Их хурлын гишүүн асан, Кёкүшюзан Д.Батбаярын үүсгэн байгуулсан “Кекүшю” групп, “Хөрш заан” ажиллахаар болжээ. АН-ын шинэ байрыг тус намын 30 жилийн ойн босгон дээр буюу 2019 оны арваннэгдүгээр сард хүлээлгэн өгөхөөр барилгын ажлыг шавдуулах бололтой.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаярыг өчигдөр /2018.12.04/ намын дээд шагнал “Чингисийн одон”-гоор шагнаж урамшуулсан. Кёкүшюзан Д.Батбаяр шагнал гардсаныхаа дараа “Миний бие 30 жилийн түүхтэй ардчиллын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явна. Энэхүү нэр хүндтэй шагналыг хийж буй бүтээн байгуулалтын ажлыг минь үнэлж өгсөн болов уу хэмээн харж байна. Гучин жилийн дараа АН өөрийн гэсэн байртай болж байна. Яармагийн хүүхдийн эмнэлгийн урдхан талд намын байрны шав тавих ёслол боллоо. Намын удирдлагууд журмын нөхөд минь итгэл үзүүлж, намын байрыг барьж гүйцэтгэх хариуцлагатай ажлыг “Хөрш заан” компанид хариуцуулж байгаад талархаж байна. Бид энэхүү бүтээн байгуулалтын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн, цаг хугацаанд нь хүлээлгэн өгөх болно” гэсэн юм.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.