Banner
Монгол Улс Антарктид тивд судалгааны бааз байгуулна
1
2019/01/03

ӨМНӨД ТУЙЛД СУДАЛГААНЫ БААЗ БАЙГУУЛАХАД 200 ОРЧИМ САЯ АМ.ДОЛЛАР ШААРДЛАГАТАЙ-

Антарктид судлалын төвийн захирал, профессор, туйл судлаач Sc.D Лхамсүрэнгийн Дүгэржав Антарктид тивд ажиллах багийнхан болох далай судлаач Д.Ганбаатар, докторант Д.Чинзориг, доктор Д.Батмөнх нарын хамт алсын замд 12 дугаар сарын 12-ны өдөр хүлгийн жолоо залсан. Л.Дүгэржав 2009 онд мөсөн тивд монгол гэр барин төрийн далбаагаа мандуулж анхны баазаа байгуулсан гэдэг. 2012 оны 12 дугаар сараас 2013 оны нэгдүгээр сарын хооронд Антарктидын Ливингстоны арал дахь Болгарын баазад дэлхийн цаг уурын өөрчлөлтийн талаарх судалгаа хийх явцдаа цэвдгийн температурын өөрчлөлтийг судалсан нь дэлхийн бөмбөрцгийн өмнөд туйлын 0 цэг рүү аялж байсан нь түүний дөрөв дэх аялал байсан аж.

Манай улс 2013 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Олон улсын Антарктидын конвенцид элссэн. Тус конвенцид элсэж орсноор Монгол Улс Антарктид тивд /Өмнөд туйл/ бааз байгуулах албан ёсны эрхээ авсан юм. Туйл судлаач Л.Дүгэржав сая өмнөд туйлд очсоныхоо “Ирээдүйд Монгол Улсын Чингис хааны нэрэмжит Антарктид судлалын бааз барих газар ирээд байна. Энэ газарт цаг уурын автомат станц суурилуулсан. Мөн бааз барих газар дээрээ жижигхэн овоо босгож, төрийнхөө далбааг мандуулсан байгаа. Өмнөд туйлд зургаан хүн амьдарч болох бааз баригдах юм. Эхний ээлжид бааз барих барилгын материалаа Испаниас татах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэсэн бичлэгийг өөрийн цахим хуудаснаа оруулжээ. Өмнөд туйлд бааз байгуулахад 200 орчим сая ам.доллар шаардлагатай аж. Монгол Улсын бааз Өмнөд туйлын Ливингстон гэх арал дээр байгуулна. Газрын хувьд 10:20 метр орчим, бул чулуун дээр баригдах юм.  

Өмнөд туйлд салхигүй үедээ өвлийн дундаж температур нь -74 градус, жилийн дундаж температур  нь -54 градус. Зуны үе буюу нэг, хоёрдугар сарын үед дундаж температур нь -34 орчим градустай байдаг. Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд Антарктид тивд судалгаа шинжилгээний бааз ихээр байгуулах болсон. Тухайлбал, Амундец-Скотын цэгээс 10 гаруй км зайд байрладаг АНУ-ын баазыг тэрбум ам. доллараар босгожээ. Солонгос улс 2010-2011 онд тэрбум ам.доллараар хоёр бааз байгуулсан. Хятад улс 2012 онд “Цагаан хэрэм” нэртэй баазаа байгуулахад мөн л тэрбум ам.доллар зарцуулжээ. Болгар улс өөрийн баазаа сая ам.доллараар босгосон аж. Манай улсын хувьд хэдийгээр энэ хэмжээний мөнгөөр бааз байгуулж чадахгүй ч өөрийн гэсэн судалгааны баазтай болсноор олон давуу тал үүсэх юм.

Энэ талаар туйл судлаач Л.Дүгэржав ярихдаа “Антарктик тив судлал бол шинжлэх ухааны хувьд, улс төрийн хувьд маш онцлогтой. Яагаад гэвэл манай дэлхийн сүүлчийн тив. Антарктид тив дэлхийн хуурай газрын 10, дэлхийн цэвэр усны нөөцийн 80 хувийг агуулдаг. Дунджаар 3400 метрийн зузаантай, 14,5 сая хавтгай дөрвөлжин километрийн мөс дэлхийг сэрүүцүүлэх хамгийн гол хөргөгч болдог. Манай дэлхийн бүх амьд амьтны жингийн хэмжээнээс илүү хэмжээний сам хорхой тэнд бий. Өөрөөр хэлбэл, өмнөд туйлд байгаа сам хорхой бол хүн төрөлхтний ирээдүйн хоол тэжээл байх болно. Ирээдүйд хүмүүс яаж амьдрах вэ гэдэг жишгийг тэнд тогтоож байгаа. Ер нь судалгааны ажил гэдэг чинь энэ шүү дээ. Тэнд хэн хөдөлмөрлөж, хэн хувь нэмрээ оруулж байна, тэр хүн л ирээдүйд энэ бүхнээс хүртэнэ. Монголчуудад тэнд ажиллах бололцоо бий. Яагаад гэвэл бид хүйтэнд тэсвэртэй. Эрс тэс  уур амьсгалд амьдраад сурсан улсууд. Хүн ирээдүйд экологийн цэвэр орчинд яаж амьдарч чадах вэ гэдгийн жишээ тэнд бий” гэсэн юм.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • Заяа 2019 оны 01 сарын 05 [49.0.212.229]

    Монголын төлөө цохилох зүрхтэй жинхэнэ эрдэмтэн судлаач хүн дээ Антарктидад судалгааны бааз байгуулахын төлөө сүүлийн 10 гаруй жилйин хөдөлмөр зүтгэлээ зориулж явна,ямар ч мэдрэмжгүй төр засагтай,сандал суудал булаалцалдаад утаандаа хахаад сууж байгаа үед үнэхээр гэрэлтэй мэдээ байна,танд амжилт хүсье

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.