Banner
Алтны салбарынхан 2 дахин нэмэгдээд таван хувь болсон АМНАТ-аа төлж эхэллээ
0
2019/01/04

Монголбанк 2018 оныг 22 тонн алт худалдан авсан сайхан мэдээгээр үдэв. Энэ тоо сүүлийн жилүүдэд өссөн үзүүлэлттэй байгаа. Гэвч шинэ онтой зэрэгцэн Ашигт малтмалын нөөц ашигласны татвар /АМНАТ/ 2,5-аас 5 хувь болон нэмэгдэж байгаа учраас энэ жил төвбанкинд алт тушаалт буурч болзошгүйг эдийн засагчид анхааруулж эхэлжээ.

Одоогоос таван жилийн өмнөөс буюу 2014 оноос эхлэн алтны 5 хувийн татвар буурч, 2,5 хувийн татвар төлөх болсон бөгөөд хуулийн хугацаа 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ээр тасалбар болсон. Тиймээс таван жилийн хугацаатай татварын хөнгөлөлт дуусч, хуучин үйлчилж байсан 5 хувийн татвараа төлөхөөр болж байгаа юм.

Засгийн газраас АМНАТ-ын хугацааг дахин таван жилээр сунгахаар холбогдох хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцэж эхэлсэн ч нэр бүхий 40 гишүүн хуралдаа суухгүйгээс УИХ-ын үйл ажиллагаа таван долоо хоног тасалдаж, алтны салбарынхан 5 хувийн татвар төлж эхлээд байна. 

Монгол Улс 530 сая тонн алтны нөөцтэй. Монголбанкинд 2010 онд хоёр тонн алт худалдаж авсан бол Ашигт малтмалын нөөц ашигласны татварыг 2,5 хувь болгож бууруулснаас хойш буюу 2014 онд 12 тонн, 2017 онд 20 тонн алт төв банк худалдан авчээ.

Ашигт малтмалын нөөц ашигласны татварыг 2014 оноос 2,5 хувь болгосноор:

  • 2014 онд 12.7 тонн
  •  2015 онд 15.1 тонн
  •  2016 онд 18.3 тонн
  • 2017 онд 20 тонн
  • 2018 онд 22 тонн-ыг худалдан авчээ.

Төв банк алтны нөөцөө нэмэгдүүлэх нь эдийн засагт төдийгүй хөрөнгө оруулалтад онцгой ач холбогдолтой. Гэвч одоо АМНАТ-т 2,5 хувь биш 5 хувийн татвар төлж эхэлж байгаа учраас төв банкинд алтаа тушаахаас илүү нууцаар хил давуулах нь ашигтай болно гэдгийг алтны салбарыхан хэлж буй. Мөн УУХҮЯ-ны Геологийн бодлогын  газрын дарга Б.Мөнхтөр "Ер нь алт их хэмжээгээр хил гарч байна гэдэг баттай эх сурвалжгүй мэдээлэл яваад байдаг. Баттай эх сурвалжаас авсан мэдээгээр гааль дээр энэ жил гэхэд хууль бусаар хил гаргахыг оролдсон 117 кг алтны асуудал яригдаж байгаа. Тэгэхээр 2.5 хувийн татвар хүчингүй болно гэдэг алтыг ил далд гаргана гэхээсээ илүү салбарын хөгжлийг удаашруулсан, зогсоосон үйлдэл болчих гээд байна" гэдгийг хэлж буй.

УИХ-ын чуулган хуралдаж чадахгүй байгаагаас энэ мэт олон хуулийн төслүүд гацаанд орж буй. Эрх баригчид төрийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, эв зүйгээ хэрхэн олохоос алтны салбарынхны татварын дарамт буурах эсэх шийдэгдэх нь.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.