Banner
ЖДҮХС-ийн дуулиан бага хэрэг болж мэдэх дохио ирлээ
0
2019/01/07

Оны эхний долоо хоног улс төр хуудсаа УИХ-ын гишүүдийн үргэлжилсэн бойкот, тэдний даргаа огцруулах хүслээр нээлээ. Он дамжин өрнөсөн УИХ-ын даргаа огцруулах гишүүдийн оролдлого оны өмнөх үетэй харьцуулахад арай боловсон, гудамжинд гартлаа улайрсан муйхар биш зам руугаа оров уу гэсэн ч үгүй бололтой. Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан тэргүүтэй гишүүд шинэ долоо хоногт мөн л гудамжны жагсаал хийхээр төлөвлөжээ. 

Шинэ долоо хоногт 40 гишүүний хүсэлд Ерөнхийлөгч хүч нэмж, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг санаачлан УИХ-д өргөн барив. Улс төрд үүссэн бужигнааныг шийдэх ийм гарц бийг иргэд олон нийтийн сүлжээнд дэлгээд удаж байсан. Тэдний эерэг хандлага хуулийн төсөл бэлэн болоход нөлөөлсөн байж ч болох юм.  

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслүүдэд эрх баригч МАН-ын дарга, Ерөнхий сайдын хүсэл ч хамт яваа. Ерөнхийдөө МАН-ын даргын санааг Ерөнхийлөгч хуулийн төсөл болгон парламент руу орууллаа гэж үзэгсэд ч гарсан харагдаж байна. 

Өнгөрөгч долоо хоногт УИХ мөн л нэгдсэн хуралдаанаа хийж чадсангүй. Гэхдээ МАН-ын УИХ дахь бүлэг завсарлага авсан. Даваа гарагт Ерөнхийлөгчийн өргөн барьсан хоёр хуулийн төслийг хэлэлцэх учраас бүлэг дээр ярилцах зүйл гарна гэж завсарлага авсан шалтгаанаа бүлгийн дарга нь тайлбарлажээ. 

МАН-ын бүлгийн даргын энэ мэдэгдэл хэрвээ хуулийн төслүүд аль нэгэн хуулийн заалтад тулж очоод мухардчихгүй бол байнгын хороо, УИХ дээр удаан саатахгүй байх талтай.

Эрх баригч намын УИХ дахь 40 гишүүн УИХ-ын даргын асуудлаа шийдэхээр ихээхэн яарч байх шиг. Тэдний бойкот одоогийн байдлаар “УИХ-ын даргыг огцруулна” гэсэн томьёоны ард нуугдаж байгаа.  

Гэвч хэрэв УИХ хуралдах нөхцөл бүрдвэл ЖДҮ-гээс зээл авсан гишүүдийн асуудал сөхөгдөнө. Прокурор ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн нэгэн адил ЖДҮ-ийн зээлд нэр холбогдсон зарим гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг хөндөнө. Ийм отолт хүлээж байхад чуулганы танхимд орох нь гишүүдэд хэтэрхий халуун. Үүний оронд УИХ-ын даргаа огцруулахыг шаардаж, бойкот хийх нь аюулгүй бас нэрэнд цэвэр гэж үзсэн байх магадлалтай гэсэн мэдээлэл ч үйл явдлыг даган хөндөгдөөд удаж байна. 

НИЙГМИЙН ЯДУУРАЛ, АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХӨРӨНГИЙН ЭХ ҮҮСВЭР ХОЁРЫН ЯЛГААГ ТОД ХАРУУЛАХ ТЭДС-ИЙН ЗЭЭЛ 

Шинэ долоо хоног улс төрд үүссэн бужигнааныг дэврээж, Засгийн газрыг байтугай бараг бүх институцийг хөлдөө чирэх шахсан ЖДҮДС-ийн дуулиан бага хэрэг болоод өнгөрч мэдэх дохиог өглөө. Оны эхний ажлын өдрүүдэд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэвлэлийнхэнд мэдээлэл өгч, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас гарсан 132 тэрбум төгрөгийн зээл, зээлийн эргэн төлөлтийн асуудлыг сөхөн хөндөв. 

Тарилан эрхлэлтийг дэмжих санд эргэлддэг хөрөнгө, зээлийн хэмжээ ЖДҮХС-гаас их. Сангийн сайдын анхааруулсан 132 тэрбумын зээл одоо яригдаж буй ЖДҮ-ийн 64 тэрумаас хэд дахин их. 

Хэрвээ баримтууд ЖДҮ-ийн зээлийн дуулиан шиг өргөн хүрээгээгээр цацагдвал дан ганц У.Хүрэлсүхийн Засгийн газар ч биш тэрний өмнөх Засгийн газрууд, хэд хэдэн Ерөнхий сайдын чих улайх юу ч биш. Тэдний өөрийн аж ахуйн нэгжүүддээ олгосон зээлүүд ч гарч ирэх боломжтой. 

Цааш нь яривал нийгмийн ядуурал, албан тушаалтан, эрх мэдэлтнүүд хөрөнгөжсөн хоёрын тэнцвэр хаана алдагдсан бэ гэдгийг жинлэх баримтын нэг хэсгийг эндээс олох болов уу. 

ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГИЙН ЗӨВЛӨХҮҮДЭД ЯМАР ШАЛГУУР ТАВИГДДАГ ВЭ?

Хуучин оны сүүлийн өдөр мэдээллийн сайтууд ордонд Төрийн гурван өндөрлөг уулзсан тухай мэдээллийг түгээсэн. Мэдээлэлд тэднийг шинэ оны босгон дээр болсон энэ уулзалтаараа эе эвээ олсон байгаасай гэсэн санаа ч цухалзаж байв.

Гэвч Ерөнхий сайдын зөвлөх, бие төлөөлөгч гэх нэгэн хэвлэлүүдийн уулзаж эвлэрсэн байж магадгүй гэсэн үгийг ууртайгаар шүүрэн авч “гүтгэлэг, шүүхэд өгнө” хэмээн шүгэлдэж, олон нийтийн дунд эвгүй байдалд оров. 

Залуу зөвлөхийн энэ хийсгэлэн үйлдэл эхний юм биш. Ерөнхий сайдаа шүүмжлэлийн бай болгох мэдэгдлийг хэд хэдэн удаа хийж харагдсан. Ер нь Төрийн ордонд эв эеийн тухай ярих нь гүтгэлэг гэж үзсэн тэр зөвлөхөөс гадна ерөнхийдөө поп арга барилтай зөвлөх нэртэй хүмүүс цөөнгүй гүйлдэж буй. Нийгмийн нэлээд идэвхтэй хэсэг тэднийг “үлгэрийн баатрууд” хэмээн тохуурхан нэрлээд байгаа.  

Залуу зөвлөхийн энэ үйлдлээс үүдэн Төрийн өндөрлөгүүдэд хэн зөвлөдөг вэ. Зөвлөхүүдэд ямар шалгуур тавьдаг вэ. Зөвлөхүүд юу зөвлөдөг вэ. Хэдийгээр зөвлөхүүд улс төрийн томилгоотой байдаг ч хэлэх хэлэхгүй үг, ярих ярихгүй яриагаа яаж заагладаг вэ гэсэн асуултууд гарч ирж байна. 

Ямартай ч өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны доктор, профессор Ж.Бямба, Хөдөлмөрийн баатар, Геологи-эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурц нарыг уул уурхай, ашигт малтмалын асуудлыг хариуцсан орон тооны бус зөвлөхөөр томилоод авлаа. 

Нийгэмд нэг л эрүүл биш харагддаг зөвлөх багийнх нь дэргэд хэдэн тохой илүү үнэлэгдэх шинэ зөвлөхүүдийн түүний багт бага зэрэг гэрэл гэгээ нэмж байна. Гэхдээ туршлагатай доктор, геологич нарт зөвлөхийн ажлаа хийх боломж үнэхээр олдох уу, эсвэл тэд ердөө бэлэг тэмдэг төдий байх уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ. 

БОЙКОТЛОГЧ ГИШҮҮДЭД У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАР Ч СОНИН БИШ 

ЖДҮ-ийн зээлийн дуулиан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг хагархай шаазан шиг эмтэлж орхиосон байгаа. ХХААХҮ-ийн сайдын суудал эзгүйрээд сар илүү болж байна.  Дээр нь саналаараа сайдын албанаас чөлөөлөгдөх гэж байгаа БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар нарын орны томилгоо ч хүлээлтэнд байна. 

Салбаруудыг эзэнтэй болгох асуудалд Засгийн газар нэг их яарахгүй байгаа бололтой. УИХ-ын даргаа бойкотлож байгаа гишүүд ч У.Хүрэлсүхийн танхимын бүрэн бүтэн байдалд санаа тавихгүй байх шиг.

Гацаанд орсон байгаа УИХ энэ намрын чуулганаар 24 хуулийн төсөл хэлэлцэн батлах ёстой юм байна. Гэвч МАН-ын дотоод зөрчил УИХ-ын чуулган, байнгын хороодыг мөд хуралдуулах шинжгүй байна. 

Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах, Төрийн албаны зөвлөлийн бүтцийг батлах, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, УИХ, Ерөнхийлөгч, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал ч хүлээлтэнд байсаар хоёрдугаар сарын 5-нд эхлэх УИХ-ын чуулганы завсарлагатай золгож мэдэхээр байгаа юм.  

ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭ ХУУЛИЙН ДАЙСАН НЬ 60 ТЭРБУМЫН ДУУЛИАНТАЙ ТӨСТЭЙ ТӨСӨЛ

Төрийн албаны тухай шинэчлэгдсэн хууль хэрэгжиж эхэлсэн. ОУВС-ын өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдах үед нэмэхээр шийдсэн нийгмийн даатгалд төлөх хувь нэмэгдсэн. Хэрэглээний зээлийн хугацаа богиноссон зэрэг эрх баригчдын шийдсэн иргэдийн халаастай хамааралтай цөөнгүй зүйл нэгдүгээр сарын 1-нд хөдөлгөөнд орлоо. Асуудлыг нэлээд эрт ярилцаад өнгөрсөн учраас нийгэм энэ тал дээр хүлцэнгүй хандаж байна. 

Энэ дундаас сонирхож хармаар сэдэв нь Төрийн албаны шинэ хууль. Шинээр мөрдсөн хуульд энэний хүн, тэрний хүн хэмээн цоллуулж мэргэшсэн боловсон хүчнээ алдсаар сульдаатай хүүхэд шиг болсон төрийн албыг тогтвортой байлгах үндэслэлийг тавьж өгсөн гэж хууль санаачилагч нь тайлбарлажээ. 

Яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг өмнө нь яамны газрын даргаар найман жил ажилласан хүн л хийнэ. Бас Н.Алтанхуягийн Ерөнхий сайдаар ажиллахдаа жишиг тогтоосон, одоо төрийн албыг голлон бужигнуулж байгаа хамгийн гол эздийг тодорхойлсон түр орлон гүйцэтгэгч гэсэн томилгоог үгүй болгох заалт ч энэ хуульд багтжээ.

Гэхдээ энэ хууль хэр зэрэг удаан настайг 2020 оны сонгууль харуулах болов уу. Эрх баригч МАН дотоод зөрчлөө ил гаргаж, нийгмийг бужигнуулсныхаа төлөөсөнд дүнгээ тавиулаад байгаа. Ирэх оны сонгуульд МАН өнөөдөр УИХ-д сууж буй АН-ын 9 гишүүнтэй тэнцүү суудал авбал их юм. Дүр зураг одоогоор ийм л харагдаж буй.

Харин эрх мэдлийн гадна байгаа, 204 мянган гишүүнтэй гэдгээ саяхан зарласан АН 2017 оноос гишүүн бүрээс авах татвараа нэмж, Үндэсний бодлогын хороо 410 гаруй гишүүн тус бүр гурван сая төгрөгийг татвар болгон төлж буй. Нийслэлийн АН, дүүргийн, аймгийн, сумын намын хорооны гишүүд ч бүгд нэмэгдсэн татвар төлж байгаа. 

Тэдэнд АН гэдэг намын батлах чухал биш. УИХ-ын сонгуульд нам нь ялалт байгуулсан тохиолдолд Төрийн албан тушаал хаших гэж ийм татвар төлж байгаа юм. Ерөнхийдөө 60 тэрбумын дуулиантай ойролцоо төсөл АН-д гишүүдийн татвараар дамжин хэрэгжиж байгаа. 

УИХ-ын сонгуулийн тогтолцоо нь можаритар. Хэрвээ зиг загийн хууль үйлчилдэг энэ зарчмаар сонгуульдвал АН ялах нь тодорхой. Энэ тохиолдолд гишүүд нь төлсөн татварынхаа хэмжээгээр төрийн албаны аль нэгэн орон тоог горилох нь тодорхой. 

Намын удирдлага ч мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх нэрийн дор өнөөдөр хэрэгжээд долоохон хонож буй Төрийн албаны тухай хуулийг зөрчих болов уу. Энд л шинэ хууль оновчтой болсон уу, эсвэл... гэсэн асуулт хариулттай болж, хууль ч дүнгээ тавиулах биз ээ.

 

IKON.MN

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.