Banner
В.АЛИМАА: ШАТАХУУНД ЗАВСРЫН БҮТЭЭГДЭХҮҮН ХОЛИОД ХИЙЧИХСЭН БАЙХ МАГАДЛАЛ ӨНДӨР
0
2019/01/07

ШӨХТГ-аас шатахууны чанарын асуудалд хийсэн шинжилгээгээр марганецийн агууламж байх ёстой хэмжээнээс их гарсан нь чанаргүй шатахуун гэдгийг нотоллоо гэж мэдээллэсэн. Уг мэдээллийн дараа шатахуун импортлогч зарим компаниуд хэт нэг талыг барьсан, байгууллагын нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр ШӨХТГ-ыг шүүхэд өгсөн юм. Мөн ГЕГ, ШӨХТГ, НМХГ-аас манай сайтад өгсөн мэдээлэл зөрөөтэй байгаа тул хөндлөнгийн эх сурвалжаас уг асуудлыг тодруулсан юм. Ингээд ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, доктор, дэд профессор В.Алимаатай ярилцлаа. 

 

-Шатахуун импортлогч компаниудын шатахуунаас дээж авч шинжлэхэд их хэмжээний марганец илэрсэн талаар ШӨХТГ-аас мэдээлсэн. Марганецийг юунд хэрэглэдэг юм бэ?

-Марганец агуулсан нэгдлийг шатахууны октан тоог дээшлүүлэхэд үйлдвэрт ашигладаг байсан. Хар тугалга, төмөр агуулсан нэгдлүүдийг  мөн шатахууны октан тоог дээшлүүлэхэд ашиглаж байсан одоо эдгээрийг Евро стандартаар хорьсон. Өөрөөр хэлбэл, 4 этилт хар тугалга нь хортой хий үүсгэх, шаталтын камерт хурдас үүсгэдэг учир хэрэглэхийг хориглосон.  Марганец, төмөр агуулсан нэгдлүүд буюу металл агуулсан октан тоог нэмэгдүүлэх нэгдлүүд нь хөдөлгүүрийн шаталтын камер, очлуур зэрэгт нагар буюу тортог, хаг үүсгэнэ, эдгээр нь эд ангийн элэгдлийг нэмэгдүүлдэг. Маргенц агуулсан нэгдлийг 50мг/л хэмжээтэй хэрэглэхийг зөвшөөрдөг байсан, октан тоог 5-6 нэгжээр нэмэгдүүлдэг. Харин одоо Евро стандартаар хориглосон. Дэлхий дахинд автомашины яндангаас ялгарах хортой хийг бууруулах зорилгоор түлш, шатахууны Евро стандартыг 1992 оноос эхлэж нэвтрүүлж эхэлсэн ба 2009 оноос Евро 5 стандартад шилжсэн. Энэ стандартаар шатахууны октан тоог оксигенатууд  буюу хүчилтөрөгч агуулсан нэгдлүүдийг өөрөөр хэлбэл эфир, спиртийн нэгдлүүдийг ашиглаж, октаны тоог дээшлүүлэх шаардлагыг евро стандартад тавьж байгаа.

-Марганецийн нэгдэл экологит сөрөг нөлөөтэй юу?. Хүний биед яаж нөлөөлөх вэ?

-Хөдөлгүүрийн шаталтын камерт тортог, хаг үүснэ гэдэг нь автомашинаас ялгарч байгаа хортой хий нэмэгдэнэ гэсэн үг. Хөө тортог өөрөө хоргүй ч гэсэн түүн дээр шаталтаас үүссэн хортой хий адсорбцлогдож, хортой хийн бохирдол нэмж үүсгэнэ. Энэ утгаараа хүний эрүүл мэнд, биед сөрөг нөлөө тодорхой хэмжээгээр үзүүлнэ. Харин хар тугалга бол хүний эрүүл мэндэд шууд нөлөө үзүүлдэг, маш хортой.

-Бензин болоогүй завсрын бүтээгдэхүүн гэж яриад байна. Ямар бүтээгдэхүүнийг завсрын бүтээгдэхүүн гэж нэрлэдэг юм бэ?

-Газрын тосыг шууд нэрлэгийн процесст оруулахад шууд нэрлэгийн фракцууд гардаг. Шууд нэрлэгийн бензиний фракц, шууд нэрлэгийн дизелийн фракц гэх мэт эдгээрийг завсрын бүтээгдэхүүн гэж хэлж болно. Мөн газрын тос боловсруулах үйлдвэр дээр олон төрлийн зориулалт бүхий давтан боловсруулалтын процесс явагддаг тэдгээрийн нэг бол алкилжуулах процесс. Гарган авсан бүтээгдэхүүн нь алкилат буюу засврын бүтээгдэхүүн, үүнийг автобензины найрлаганд нэг бүрдүүлэгч болгон хэрэглэнэ. Иймд эцсийн таваарын бүтээгдэхүүн болоогүй бүтээгдэхүүнүүдийг засврын бүтээгдэхүүн гэж хэлж байгаа юм. Энгийнээр бол газрын тос боловсруулах үйлдвэр дээр газрын тосны фракцуудыг гарган авч, тэдгээрийг цэвэрлэгээний процесст оруулж, давтан боловсруулалтын процессоор баяжуулан шаардлагатай нэгдлүүдийг гарган авч, технологи, техникийн шаардлага, стандартын дагуу автобензин, дизелийн түлшний найрлага дахь олон төрлийн бүрдүүлэгчүүдийг  хольж, эцсийн таваарын бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүдийг завсрын гэж хэлж болно.  

 

-Сүүлийн үед улсын хилээр октан тоо өндөр бензин оруулж ирэх болсон. Гэхдээ энэ нь стандартын шаардлага хангадаг гэж ГЕГ-аас тайлбарласан.  Харин дотоодод худалдаалагдаж байгаа бензины октан тоо нь хэмжээндээ хүрэхгүй байна гэж ШӨХТГ-аас шинжилгээгээр тогтоосон гэж мэдээллэсэн. Энэ яагаад ийм зөрүүтэй байгаа юм бол?

-Шинжилгээний бичгүүдийг нь харах хэрэгтэй. ОХУ-аас импортолдог шатахууны октаны тоо шаардлага хангасан болоод л гээд гаалиар нэвтрүүлдэг байх. Гэтэл дотоодод шатахуун түгээх газраас худалдан авахаар октан тоо хүрэхгүй байна гэж ярьж байна. Октан тоог зөв, алдаагүй хэмжих хэрэгтэй. Одоо ихэвчлэн янз бүрийн маркийн октанометр гэдэг багажаар хэмжиж байгаа. Евро стандартын шатахууны октаны тоог зөв зааж чадахгүй байх талтай. Учир нь ажиллах зарчим нь өөр. Энэ нь шатахууны чанар сайжруулагч нэмэлттэй холбоотойгоор багажны мэдрэх чадвар, ажиллах зарчим нь өөр болчихоор октан тоо өөр гарах магадлалтай. Хоёрдугаарт, завсрын бүтээгдэхүүнийг оруулж ирээд юу хийж байна гэдгийг тогтоож байж хэлэх хэрэгтэй. Завсрын бүтээгдэхүүн оруулж ирээд октан багатай шатахуун үйлдвэрлэж байх магадлалтай. Эсвэл хэмжигч багажийн алдаа байж болно.

-Хольцтой болон чанартай бензин гэж юуг хэлэх талаар тайлбар өгөөч?

-Үйлдвэрээс гарахад өгдөг шатахууны чанарын сертификат гэж бий. Сертификат дээр тухайн шатахууны техникийн шаардлага, стандартын бүх үзүүлэлтийг хангасан бол чанартай шатахуун. Өөрөөр хэлбэл, стандартын шаардлагыг 100 хувь хангасан бол чанартай бүтээгдэхүүн гэж үзнэ. Харин нэг, хоёр үзүүлэлтийг хангахгүй л бол чанаргүй болдог. Дэлхийн ихэнхи улс, орон шатахууны Евро стандартыг мөрдөж байгаа бөгөөд манай улсын хувьд 2017 оноос эхлэн этилжүүлээгүй автобензин, Евро стандартуудыг баталж, одоо мөрдөж байна.  Харин түлш, шатахууныг хүлээн авах, хадгалах, түгээх үед хийгдэх чанарын хяналтыг MNS4633-98 стандартын хавсралтад зааснаар хянаж байгаа. Шатахуун, түлш, тос, тосолгооны материалын чанарт тавих хяналт  гэсэн энэ стандартаар одоо хилээр орж ирж байгаа болон борлуулж байгаа шатахууны чанарыг хянахад ялангуяа хүлээн авах шинжилгээгээр үйлдвэрийн болон хуурамч хоёр ялгагдахгүй. Миний бодлоор энэ стандартыг шинэчлэх шаардлагатай, өөрөөр хэлбэл хүлээн авах үеийн шинжилгээг олон улсын стандартад нийцүүлэн шатахууны химийн найрлагыг нарийвчилсан шинжилгээний аргаар тодорхойлж, жинхэнэ үйлдвэрийн бүтээгдэхүүн, хуурамч хольцтой байна уу гэдгийг тогтоох шаардлагатай.

Гэвч Монгол Улсад одоогоор ийм лабораторийн бааз нь бүрдээгүй. Энэ асуудал хурдан шийгдэж байж шатахууны чанарын хяналтын асуудал шийдэгдэнэ.  Газрын тосны бүтээгдэхүүний чанарын шинжилгээний лабораторийн хүчин чадал, чадамжийг олон улсын түвшинд хүргэж, чанарын хяналтыг сайжруулах хэрэгтэй.

-Манай улсад евро-5 бүрэн нэвтрээгүй юм биш үү?

-Евро-5 стандартын түлш, шатахуун борлуулж байгаа гэсэн байдаг. Гэхдээ үнэхээр евро-5 эсэхийг нь шинжилж чадахгүй байгаад л гол учир байна. Хэд хэдэн гол үзүүлэлт байдаг. Тухайлбал, хүхрийн агуулга, олефин болон үнэрт нүүрс устөрөгчийн агуулга, бензол агууламжаар шинжилдэг.    

-Та шатахууны стандартын шаардлагын нэг, хоёр үзүүлэлтийг л хангаагүй бол чанаргүй гэж үзнэ гэлээ. ШӨХТГ-аас хийсэн шинжилгээгээр гурван үзүүлэлт шаардлага хангаагүй гарсан. Тэгэхээр үүнийг хольцтой бензин гэж үзэж болох уу?

-ОХУ-аас орж ирсэн чанарынх нь сертификатыг үзэх хэрэгтэй байна. Уг нь гааль дээр шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг вагоноос буулгах ёсгүй. Тэгэхээр орж ирсэн хойноо шатахуун түгээх газрын шатахуун түгээх хошуунаас чанаргүй шатахуун гарч байна гэдэг бол завсрын бүтээгдэхүүнийг холиод хийчихсэн байх магадлал өндөр. Хилээр орж ирсэн тэр завсрын бүтээгдэхүүн хаашаа ороод байна гэдэг сонирхолтой.

-Дутуу шаталттай бензин гэж яриад байдаг. Энэ нь юунаас болдог юм бол?

-Дутуу шаталт явагдана гэхээр нэгдүгээрт, шатахууны зарцуулалт нэмэгдэнэ. Хоёрдугаарт, хүнд үлдэгдлүүд нь үлдсээр байгаад хөдөлгүүрийн тосыг бохирдуулдаг. Мөн тортог, нагар үүсэх зэргээр машины эд анги, хэрэглэгч талдаа  хохиролтой. Хортой хийнүүд үүсэж, яндангаас гарах хортой хийн хэмжээ ихэсч экологит үзүүлэх сөрөг нөлөөг нэмэгдүүлнэ.  Ер нь стандартын шаардлага хангаагүй бензин дутуу шатдаг. Шатахуунаас гадна моторын ашиглалтын хугацаанаас хамаардаг.

-Танай сургуулийн лаборатори бензинд шинжилгээ хийдэг үү?

-Нарийн шинжилгээ хийх тийм боломж нь одоогоор байхгүй. Сургалт, судалгааны лабораторитой, магистр, бакалаврын шатны оюутнуудад хичээл сургалт явуулдаг.    Цаашдаа судалгаа, шинжилгээний орчин үеийн лабораторитой болох зорилттой. Уг нь лаборатори байгуулах төсөл бичээд БСШУСЯ, УУХҮЯ, АМГТГ-т ханддаг ч хөрөнгө оруулалтыг нь шийдэж өгч чадахгүй л байна. Бусад оронд нэн түрүүнд их, дээд сургуульдаа лаборатори байгуулж, судалгаа, шинжилгээ хийх боломжийг нь бүрдүүлж өгдөг. Уг нь эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, төр гурав хоорондоо нягт уялдаатай байж, улс зөв замаар хөгжих учиртай гэж боддог юм.  

-Манай улс удахгүй газрын тосны үйлдвэртэй болно. Гэтэл боловсон хүчний чадвар, чадамж хэр байдаг юм бэ?

-Газрын тосны чиглэлээр Монгол Улсад инженерүүд тодорхой хэмжээгээр  бэлтгэгдчихсэн. Харин давтан сургах, мэргэшүүлэх л хэрэгтэй. Газрын тосны чиглэлээр тэд хаана ч ажиллах боломжтой. Энэ утгаараа хүний нөөц бол тийм ч их дутагдалтай биш. Хамгийн гол нь сургалтын материаллаг бааз, лаборатори, орчин нөхцлийг нь сайжруулах шаардлагатай байна.

-Та мэргэжлийн хүний хувьд газрын тосны ирээдүйг яаж төсөөлж байна вэ?

-Бусад улс газрын тосгүй мөртлөө том том үйлдвэр байгуулж боловсруулалт хийж байна. Харин манай улсад газрын тос нь байна. Одоо хайгуулаа хийж нөөцөө тогтоогоод, олборлолтоо нэмэгдүүлж, үйлдвэр байгуулах шаардлагатай. Миний хувьд заавал том хүчин чадалтай гэж байхаар нөөцдөө тулгуурласан, тодорхой хэмжээний нөөцөөрөө тасарчихгүй байх хүчин чадалтай үйлдвэр барих нь зөв санагддаг.

-Газрын тосны үйлдвэртэй болчихвол дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадах болов уу?

-Эхлээд түүхий эдээ хайж, олборлолтоо нэмэгдүүлэх ёстой. Мэдээж дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангавал сайн хэрэг. Ингэж чаддаггүй юм гэхэд тодорхой хэсгийг нь хангаж байж л валютын урсгалыг бага боловч барих боломжтой. Мэдээж дагаад инфляц буурна гээд нийгэмд эерэг нөлөөлөл авчирна л даа.

-Газрын тосны чиглэлээр улсдаа хэрэгжүүлж болох гаднын сайн туршлага юу байна вэ?

-Дээр дурдсанаа л давтана даа. Эхлээд лабораторийн баазаа сайжруулах ёстой. Мөн тэнд ажиллах боловсон хүчнээ сайжруулах хэрэгтэй байна. Тухайлбал, БНСУ, ОХУ гэхэд дурын станц, объектоос дээж авч шинжилгээ хийж, гаргаж байна. Их, дээд сургуульд нь ч гэсэн. Хөндлөнгийн хяналтын газрууд ч бий. Манай улсад байгаа ихэнх лабораториуд хувийн компанийнх. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа лабораториудын чадамжийг сайжруулах шаардлагатай юм.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.