ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ЖДҮХС-д анхаарч эхлэв
0
2019/02/11

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлаа авсан өдрөө Хөгжлийн банкны бонд болон "Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой мэдээллийг өөрт нь яаралтай өгөх үүргийг ажилтнууддаа үүрэг болгосон тухай өмнө мэдээлсэн. Тэр энэ өдөр ЗГХЭГ-ын ажилтнуудтай уулзахдаа "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувь, Хөгжлийн банкны бондын мөнгөний зарцуулалт гэх мэт олон нийтэд хүлээлт үүсгээд байгаа арваад асуудал дээр төвлөрч ажиллана гэдгээ хэлсэн билээ. 

Түүний хэлсэн үг ажил хэрэг болж эхэлж байгаа бололтой. Тухайлбал, Хөгжлийн банкны ТУЗ-ийн удирдлагуудтай өнгөрөгч Баасан гарагт уулзаж, зээлийн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь зэргийг яаралтай нэгтгэж, маргааш буюу хоёрдугаар сарын 12-нд танилцуулахыг үүрэг болгохын зэрэгцээ бондуудын эргэн төлөлтийг шалгана гэдгээ мэдэгдсэн байна. 

Гэвч үүнээс илүүтэй Засгийн газрыг нэг удаа "сэгсрээд" авсан ЖДҮ-ийн зээл, мөн түүний өөрийнх нь олон нийтийн дунд дуулиан болгож амжсан "Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудал бас бий. Олон нийтийн хувьд хамгийн эхний хариулт хүлээж буй асуудал ч гэж болно. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад "ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч амралтын өдрүүдэд Эрдэнэт үйлдвэртэй холбоотой материалуудтай нэг бүрчлэн танилцаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгсөн. Мөн зөвхөн ЖДҮХС гэлтгүй бүх тусгай сангийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, дундаж давхаргад зориулагдах чиглэлд анхаарч ажиллаж байгаа" гэсэн байна. 

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.