Banner
970 мянган машины дугаарыг өөрчлөх “том” бизнес хэнийх вэ?
0
2019/02/21

Зам тээврийн хөгжлийн яам болон /ЗТХЯ/  Авто тээврийн үндэсний төв /АТҮТ/ хамтран  тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын жишигт нийцүүлэн солих асуудал яригдаж эхэлжээ. Хэдийгээр энэ асуудал эцэслэн шийдээгүй  байгаа ч холбогдох байгууллагуудын ихэнх нь энэ саналыг хүлээн зөвшөөрч, дугаарын стандартыг өөрчлөхийг дэмжиж буй гэнэ.  Тодруулбал, ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн автомашины улсын дугаарыг латин үсгээр солихоор  төлөвлөжээ. Хэрэв ЗТХЯ-аас үүрэг чиглэл өгвөл АТҮТ хэрэгжүүлэхэд бэлэн гэлээ. Автомашины улсын дугаар  дөрвөн тоо, гурван үсэг байдаг бол  гурван үсэг, гурван тоо байхаар өөрчлөх  юм байна.

ДУГААРЫН ХЭМЖЭЭ, ӨНГӨ БУДГИЙН ХУВЬД ӨӨРЧЛӨЛТ ОРОХГҮЙ

АТҮТ-ийн мэргэжилтэн Б.Батцэцэгээс  энэ талаар тодруулахад ““Монгол Улс УБЯ, УБН гэх мэт дугаарын тэмдэглэгээг хэрэглэдэг. Гэвч хил даваад явахаар зарим үсгийг таньдаг улс байдаггүй. Жишээлбэл, “Ж” үсгийг ганцхан оросууд л мэддэг.  ЗТХЯ-аас үүрэг чиглэл өгвөл  хуучин хэрэглэж байсан дугаарын үсгийг 11 латин үсгийн тэмдэгтэд багтаан өөрчилнө. Дугаарын хэмжээ, өнгө будгийн хувьд өөрчлөлт орохгүй. Мөн тээврийн хэрэгслийн дугаарыг солиход одоо хэрэгжиж байгаа улсын дугаар олгох журамд заасан төлбөр хураамжийг авахаас өөр нэмэлт төлбөр авахгүй. Шинээр дугаар номер авахад болон шилжилт хөдөлгөөн хийхэд автомашины улсын дугаарын стандартын өөрчлөлтийг хийнэ” гэлээ.

Олон улсын стандартаар бол автомашины улсын дугаар нь гурван тоо гурван үсэг, дөрвөн тоо гурван үсэг хэрэглэдэг. Өндөр хөгжилтэй Европын холбооны улс, АНУ, ОХУ зэрэг оронд гурван тоо гурван үсэг хэрэглэж байна. Сүүлийн үед улсын дугаарыг хуурамчаар үйлдвэрлэх, дугааргүй машинд сольж зүүх асуудал ихээр гарах болжээ. Үүний цэгцлэх аргыг мөн л машины дугаар солих шаардлагатай уялдуулж байгаа гэсэн тайлбарыг албаны хүн өглөө

2018 оны байдлаар Монгол Улсад 970.880 тээврийн хэрэгсэл байгаагаас 537.671 нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй.  Эдгээр тээврийн хэрэгсэл автомашины дугаараа тайлж, шинээр хийлгэж, хадуулна, лацдуулна, гэрчилгээ солиулна гэхээр  нэлээд их мөнгө төсвөөс зарцуулагдах нь тодорхой. Өөрөөр хэлбэл, автомашины дугаарыг өөрчлөх нэрээр ахиад мөнгө “идэх” нь гэсэн хардлага ч байна. Нийтдээ 60 тэрбум төгрөг энэ ажилд зарцуулагдах нь гэсэн тооцоог ч зарим хүн гаргаж тавих болсон.   Улсын дугаар солих асуудал батлагдах юм бол Монгол Улсад ашиглагдаж байгаа 970 мянган тээврийн хэрэгсэлд олгох дугаарыг нэг дор солих боломжгүй. Хэдийгээр өнөөдөр нэг дор бүх автомашины улсын дугаарыг солихгүй гэж байгаа боловч аажимдаа журам дүрэм гаргаж солихоос аргагүй болгох нь тодорхой.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.