Banner
Д.БАТЗОРИГ: ТҮРЭЭСИЙН ЗОРИУЛАЛТААР 1562 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИГДАЖ БАЙНА
0
2019/03/12

Улаанбаатар болоод орон нутагт баригдаж буй түрээсийн орон сууцны барилга угсралтын явцын талаар Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Батзоригтой ярилцлаа. 

-Одоогийн байдлаар Түрээсийн орон сууцны барилга Улаанбаатар хотоос гадна орон нутагт баригдаж буй. Аль аймагт хичнээн айлын орон сууц баригдаж байгаа вэ? 
-Засгийн газрын 2018 оны "Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 81 дүгээр тогтоолын дагуу санхүүжилтгүйн улмаас зогсоод байсан Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдаж буй 135 айлын орон сууцны барилга угсралтын ажил, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 120 айлын орон сууцны барилга угсралтын ажил, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 315 айлын орон сууцны барилга угсралтын ажил, "Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцны барилга угсралтын ажил, Дундговь аймгийн 20 айлын орон сууцны барилга угсралтын ажлын санхүүжилтийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр тусгасан. Энэ дагуу Барилга, хот байгуулалтын яам захиалагчийн хяналт тавьж ажиллах тухай Төрийн нарийн бичгийн даргын тушаал гарч тус тогтоолын хүрээнд хэрэгжих 1562 айлын орон сууцны барилга угсралтын ажилд захиалагчийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

-Аймгуудад баригдаж буй түрээсийн орон сууцны барилгын явц ямар шатандаа явж байна вэ? 
-Дээрх ажлын хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдаж буй 135 айлын орон сууцны барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ажиллаж комиссын нийт гишүүдийн санал, дүгнэлтээр ашиглалтад оруулахаар шийдвэрлээд байна. Тус аймагт 135 айлын орон сууц ашиглалтад орж байгаа нь иргэдэд их хүлээлттэй байсан. Дээрх орон сууцыг үргэлжлүүлэн барих, төсөвт суулгаж бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх, мөн худалдан авалтын хүлээлт их байгаа талаар орон нутгийн иргэд болон холбогдох байгууллагын төлөөллүүд удаа дараа хүсэлт гаргаж байна. 

-Орхон аймагт баригдаж буй барилгын хувьд? 
-Орхон аймгийн Баян-Өндөр сумын 315 айлын орон сууцны барилга маань хоёрдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дулаан авч эхэлсэн. Харин одоо барилга угсралтын ажлыг тавдугаар сарын 31-ны өдөр дуусгаж ашиглалтад оруулахаар Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан график, төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

-"Буят-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжийн 972 айлын орон сууц хэзээ ашиглалтад орж, иргэдээ хүлээн авах вэ гэсэн хүлээлт их байгаа? Одоо ямар ажил хийгдэж байна, хэзээ ашиглалтад орох вэ? 
-"Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцны 18 барилгын хувьд нийт барилга угсралтын ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай явагдаж байна. 2019 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн дулаанаа авч, эхний зургаан блок барилгаас эхлэн дулааныг жигдрүүлэн ажиллаж байна. 

Мөн Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан график, төлөвлөгөөний дагуу тавдугаар сарын 1-ны дотор барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар Захиалагчийн хяналт хэрэгжүүлэгч "Төрийн орон сууцны корпораци” ТӨХК, Хөрөнгө оруулагч "Монгол Улсын хөгжлийн банк”, Барилга угсралтын ажил гүйцэтгэгч "Үндэсний бүтээн байгуулалтын корпораци” ХХК-тай хамтран холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, норм нормитавын баримт бичигт нийцүүлэн ажиллаж байна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.