Banner
Н.Алтанхуяг: С.Эрдэнэ УИХ дээр шившгийн зүйл хийж байна
1
2019/03/15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр /2019.03.15/ Ерөнхийлөгчид өгсөн билээ.  

Ерөнхий сайд асан, Ерөнхийлөгч Х.Баттулгын Улс төрийн бодлогын орон тооны зөвлөх өргөдөлдөө “Миний бие шударга ёсны төлөө тэмцсээр ирсэн. Цаашид ч ардчиллаа аврах, хүний эрхийг хамгаалах, эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх, нам дамнасан бүлэглэлийн хамсаатан болсон Ардчилсан намын удирдлагатай хариуцлага тооцох зэрэг хойшлуулшгүй ажлууд хүлээж байна. Эдгээр ажлуудад цаг зав гарган зүтгэх шаардлагатай боллоо. Тиймээс миний цаашид хийх ажлыг Ерөнхийлөгч таны нэр хүндэд халдаахгүй байлгахын тулд зөвлөхийн ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч байна” гэсэн байв. Түүнийг өргөдлөө өгсний дараа цөөн асуултад хариулт авсан юм.


-Та яагаад Ерөнхийлөгчийн зөвлөхөөс чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн юм бэ?

-Монголын нийгэмд шударга ёсыг сэргээн тогтоох чиглэлээр шинэ Ерөнхийлөгч гарч ирснээс хойш сүүлийн хоёр жилд цочоо үүсгэлээ. Болохгүй байсан зүйлс илчлэгдэж, зөв чиглэл рүүгээ явж байна. Би Ерөнхийлөгчтэй жил найман сар хамтарч ажиллалаа.

Уг нь надад ярих, хийх зөндөө ажил байна. Гэтэл Ерөнхийлөгчийн зөвлөх гэдэг хүн хамаагүй ярьж болдоггүй юм байна. Н.Алтанхуяг юм ярихаар Ерөнхийлөгч хэлүүлж байна гэх байдлаар мушгиж байна. Тэгэхээр Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлыг өгөөд, улс орондоо шударга ёс тогтоох ажлыг үргэлжлүүлэх, хүмүүсийг боломжийн амьдралтай болгох, газрын доорх баялгийг цөөнх нь аваад идчихдэг байдлыг зогсоох чиглэлд чөлөөтэй ажиллах боломжийг олж авахын тулд өөрийнхөө хүсэлтээр зөвлөхийн албанаас чөлөөлөгдөж байгаа юм.

Сүүлийн үед АН-ын гишүүд надад их хандаж байна. Таны ярьж байгаа шударга бус зүйл АН-д нүүрлэлээ. Ц.Элбэгдорж, М.Энхболдын гар хөл болсон хүмүүс АН-ын удирдлагад гараад ирчихсэн. Сүүлдээ “Эрдэнэт”-ийн маргаан, 60 тэрбумын хэрэгт АН-ын гишүүд үгээ хэлж чадахгүй байна. Гэтэл С.Эрдэнэ УИХ дээр шившгийн зүйл хийж байна” гэж надад хэлдэг. АН-ыг МАНАН-гийн өрөөсөн багана болгоод хаячихаж болохгүй. Тиймээс намаа цэвэрлэе. Улс орондоо шударга ёсыг сэргээхэд хамтран ажиллая. Тэр дотроо нам дотроо шударга ёсыг тогтооё. Ерөнхийлөгчийн зөвлөх хүн АН-ыг шүүмжилж болохгүй байсан. Тиймээс хийх, бүтээх, тэмцэх олон ажил байна. Түүндээ шуударлаа.

-Өргөдлийн хариуд Ерөнхийлөгч юу гэсэн бэ?

-Ерөнхийлөгч өргөдлийг аваад үлдсэн.

-Та АН-ын даргад өрсөлдөх үү?

-Хүн юм хийх гэхээр заавал дарга болох нь гээд байх юм. Би даргагүйгээр амьдраад явах боломжтой хүн. АН-ын гишүүдийн итгэл МАНАН-гийн өрөөсөн буланд үрэгдэхийг би хүсэхгүй. Би 30 жилийн өмнө Их сургуулийн багшийн ажлыг орхихдоо монголчуудаа сайхан амьдруулна гэсэн гэгээн бодолтой байснаас биш 60 тэрбумын хэргийг хаацайлна, “Эрдэнэт”-ийн хэргийг хамгаална гээгүй. МАН-ын зөрчилдөөнд АН бүлэггүй болоод хоцорно гэдэг барагтай хүний тэсвэрлэх зүйл биш шүү.

-Та ажлаа юунаас эхлэх вэ?

-АН-ын гишүүдтэйгээ ажиллахаас эхэлнэ. Гишүүдээсээ асууна. Дарга өөрийнхөө бодлыг тулган хүлээлгэхээс бүх зүйл эхэлдэг. Одоо цөөнх нь баяжиж, олонх нь ядуу байх үзэл баримтлалтай юм шиг ажиллаж байна.

-Таныг Ерөнхий сайд байхад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оюутолгой, Тавантолгойтой холбоотойгоор ямар нэгэн зүйл шаардаж байсан юм уу?

-Юм авна гээгүй. Тийм зүйлийг хий гэсэн. Тэгээд "Үгүй" гэсэн чинь Л.Гансүх маань шоронд орсон шүү дээ.

-Та “Нэгдмэл монгол” хөдөлгөөн байгуулсан. Энэ хөдөлгөөн цаашдаа нам болох уу?

-Мэдэхгүй. Миний үүсгэн байгуулж байсан нам нуран унаж байна. Удирдлага нь шүү. Тиймээс би зүгээр байж болохгүй учраас намайг хүлээд байсан албаа өглөө.

 

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • Булган 2019 оны 03 сарын 15 [43.242.243.102]

    ЭНЭ АРДЧИЛСАН НАМД ЭРДЭНЭ ГЭДЭГ ХҮНИЙГ ДАРГААРААН СОНГОЧИХООД Л ЭЛДВЭЭР ГОНГИНООД БАЙХ ЮМ.ӨӨР НАМЫН ДАРГА ХИЙХ ХҮН ОЛДООГҮЙ ЮУ.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.