Banner
Монголчууд Узбекстан улс руу визгүй зорчихоор болжээ
0
2019/04/11

Энэ сарын 10-ны өдөр Узбекистан Улсын Ташкент хотноо Монгол, Узбекистаны ГХЯ хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт болов. Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, узбекистаны талаас Гадаад хэргийн дэд сайд Д.Х.Ахатов нар ахалж, Монгол, Узбекистаны харилцааг улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, хүмүүнлэг, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, олон улс, бүс нутгийн талбарт уялдаа холбоотой хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Талууд худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, экспортыг дэмжих чиглэлд явуулж буй тус тусын бодлогыг танилцуулав. Узбекистан Улс аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч, тодорхой арга хэмжээ авсны дүнд ердөө нэг жилийн дотор гаднаас ирэх жуулчдын тоог нэг дахин өсгөж 5.3 саяд хүргэж чадсан туршлагаасаа танилцуулав. Хоёр улсын худалдааны эргэлт одоогоор бага хэмжээтэй боловч өсөлттэй байгааг дурдаад мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн импортлох, машин техник, автобус, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, жимс жимсгэнэ зэрэг хүнсний эко бүтээгдэхүүн Монголын зах зээл рүү экспортлох сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Дэд сайд Б.Батцэцэг Төв Азийн улс орнууд руу хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүний дотор мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, энэ чиглэлд хоёр талын мэргэжлийн байгууллагуудын хооронд хэлхээ холбоо тогтоож хамтран ажиллахыг санал болгов.

image

Талууд тээврийн коридоруудыг хөгжүүлэх талаар үргэлжлүүлэн ярилцахаар тогтов. Узбекистан Улс энэ онд гадаадын улс орнуудаас иргэд визгүй зорчих улсуудын жагсаалтад Монгол Улсыг хамруулахаар шийдвэрлэснээ мэдэгдэж, Агаарын харилцааны хэлэлцээрийг ойрын үед байгуулахыг мөн санал болгов.

Монгол Улс гадаад улс орнуудад хадгалагдаж буй Монголын түүх, соёлын өв, дурсгалуудаа бүртгэх, судлах, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэхэд ач холбогдол өгч байгаа бөгөөд энэ хүрээнд Узбекийн музей, архивт хадгалагдаж буй түүх, соёлын өвөөс олон нийтэд танилцуулахад чиглэсэн хамтарсан үзэсгэлэн зохион байгуулахыг монголын тал санал болгов. Мөн “Дэлхийд тархсан монгол өв” ном нийтлүүлэх төслийг хэрэгжүүлэх хүрээнд Узбекистан Улсын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа Рашид-Ад-Дины “Судрын чуулган” бүтээлийн перс хэл дээрх хамгийн эртний эх хувь зэргийг хувилан авч уг номонд оруулахад дэмжлэг хүсэв. Узбекийн тал эдгээр саналыг нааштай судлан үзэхээр болов.

ЭХ СУРВАЛЖ: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.