Banner
Төрийн ЖДҮ-чин дөрвөн өндөр албан тушаалтан яллагдагчаар татагджээ
0
2019/04/19

ЖДҮХС-аас өөрийн болон хамаарал бүхий этгээддээ мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан бага хүүтэй зээл авсан дуулианы мөрөөр АТГ шалгаж, тогтоох ажлаа хийж буй. Одоогийн байдлаар таван гишүүн шалгагдаж яллагдагчаар татагдах шатандаа явж байгаа.

Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлэх саналаа прокурорт хүргүүлээд буй. Гэвч прокуророос ямар нэгэн тодорхой хариу гараагүй нам гүм байгаа аж.

Нөгөө хоёр гишүүд буюу Б.Ундармаа, Б.Батзориг нарын тухайд одоо хүртэл шалгагдаж дуусаагүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж буй юм.

Тэгвэл тэдний араас төрийн албан хаагчид болох дөрвөн хүнийг яллагдагчаар татахаар болсон байна. Тодруулбал,

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат,

-“Наму дэвжих” ХХК-ийн захирал Ш.Мөнхбаяр,

-“Топ мах боловсруулах” үйлдвэрийн Б.Мөнхтулга,

-“Жаргалант харвест” ХХК-ийн захирал Л.Батсүрэн нарыг тус тус яллагдагчаар татахаар болсон тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хэдийн онцлогдоод эхэлсэн юм.

ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод байсан Д.Энхбатыг зээл олгохдоо эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулаад байсан. Мөн түүнд хилийн хориг ч тавиад байсан юм. Тэгвэл ийнхүү АТГ-аас хэргийг шалгаж, яллагдагчаар татахаар болсон бололтой.

Мөн “Наму дэвжих” ХХК-ийн захирал Ш.Мөнхбаярыг ч яллагдагчаар татахаар болсон байна. Тэрээр “Булган буудайн түрүү”, “Наму дэвжих” ХХК-иудыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас худалдаж авсан гэгдэж буй. Гэхдээ улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр Ш.Мөнхбаяр дээрх хоёр компанийг анхнаас нь үүсгэн байгуулсан байгаа юм. Энэ бүхний учир холбогдол удахгүй шалгалтаар тогтоогдох биз ээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.