СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАРЫГ ТАСЛАН ЗОГСООХГҮЙГЭЭР СҮРЬЕЭГЭЭС САЛЖ ЧАДАХГҮЙ
0
2019/05/17

2015 онд Харвардын Др. Ганмаагаар удирдуулсан MHI байгууллагын манай баг Улаанбаатар хотын төвийн болон захын сургуулиудийн 9814 хүүхдэд сүрьеэгийн халдварыг 99 хувийн нарийвчлалтай илрүүлдэг ИГРА (QFT IGRA) шинжилгээ хийсэн юм. Үүнээс 10 хувь нь буюу 946 хүүхэд сүрьеэгийн халдвартай гарч, 129 хүүхэд нь сүрьеэгээр өвдсөн байсныг ХӨСҮТ-н эмч нартай хамтран илрүүлж байв. Тухайн үед хүүхдийн сүрьеэ ийм өндөр гарна гэдгийг төсөөлөөгүй байсан тул маш хүндээр хүлээн авч УИХ, Засгийн газар, ЭМЯ, ДЭМБ, Глобал сан гээд шийдвэр гаргах бүх түвшинд хандаж хүүхдийн дундах сүрьеэ дээр онцгой анхаарах, хүүхдийн дэргэд тамхи татдаг байдлыг таслах зогсоох, сургуулийн орчны агааржуулалтыг сайжруулах, багш, сургуулийн бүх ажилчдыг сүрьеэгийн шинжилгээнд тогтмол хамруулдаг болох, хүүхдийн хоол тэжээл тэр дундаа бичил шим тэжээлийн /ийм шалтгаанаар хүнс баяжуулалтын хуулийг санаачилсан/ дутагдлыг арилгах, сүрьеэг халдварыг үнэн зөв илрүүлж сүрьеэгийн халдварын эмчилгээг 5-аас дээш насныханд ч хийдэг болох талаар баталгаа нотолгоо бүхий зөвлөмж гаргасан.

Мөн ДЭМБ-н төв оффисоос нь хүүхдийн сүрьеэгийн мэргэжилтэн Стивен Грахам гэдэг хүнийг Монголд урьж судалгааны урьдчилсан үр дүнгээ танилцуулсан ба олон улсын хэмжээний хурлууд дээр улс орнуудын буурай хөгжилтэй өндөр хөгжилтэйгээс үл хамааран 5-аас дээш насныханд сүрьеэгийн урьдчилан сэргийлэх эмчилгээг хийдэг болохыг зөвлөмжиндөө оруулж өгөхийг уриалсан мессэж өгч байв. Мөн НЭМГ-тай хамтран сүрьеэг ТЭГЛЭХ зорилготой "Сүрьеэгүй Улаанбаатар" хөтөлбөрийг санаачлан эхлүүлж байв. Азаар өнгөрсөн оны 3 сараас эхлэн ДЭМБ сүрьеэгийн урьдчилан сэргийлэлтийн эмчилгээг 5-аас дээш насныханд зөвлөсөн төдийгүй тухайн улс орны санхүүгийн боломж хүрдэг бол дэвшилтэт технологийн ИГРА шинжилгээг ч практикт нэвтрүүлэхийг зөвлөсөн байдаг. Гэтэл манай оронд одоог хүртэл СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАРЫН ЭМЧИЛГЭЭ нэвтрээгүй байна. Эм нь бүртгэгдэж байгаа гэх боловч хэзээнээс ямар хэлбэрээр хэрэглээнд нэвтрэх нь бас л бүрхэг.

Агаар дуслын замаар халдварладаг энэ өвчин хэнийг ч ялгахгүй, яг л ханиад шиг халдварладаг. Сүрьеэгийн халдвар авсан гэдэг нь сүрьеэгийн бактер биед орсон боловч унтаа хэлбэртэй байдаг ба дархлаа муудангуут идэвхжин сүрьеэгээр өвдөх нөхцөлийг бүрдүүлдэг. Идэвхитэй сүрьеэгээр өвдсөн хүн 6 сарын турш 3-5 ширхэг антибиотик тасралтгүй хэрэглэдэг ба эмчилгээгээ тасалдуулбал эмэнд тэсвэртэй сүрьеэ даамжраад маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвддөг. Тэр тохиолдолд 2 жилийн турш өдөрт 10-12 ширхэг антибиотик ууж бас тариа тариулдаг. Хамгийн аюултай нь энэ төрлийн сүрьеэтэй хүн энэ төрлийн сүрьеэгийн халдвар тараадаг. Энэ нь маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвдсөн хүнтэй хамт амьдарч байгаа болон өдөр тутмын харилцаанд орж байгаа хүмүүс маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн халдвар авна гэсэн үг юм. Агаарын бохирдолтой, хоол шим тэжээлийн дутагдалтай, стресс ядаргаа түгээмэл орчинд амьдарч байгаа бидний хувьд дархлаа муудах эрсдэл өндөр байдаг ба энэ нь сүрьеэгийн халдвар сүрьеэгийн өвчлөлд хүргэх замыг хурдасгаж байдаг.

Шийдэл:

1. Идэвхитэй сүрьеэгийн бүх кэйсийг илрүүлж эмчлэх /цаашид халдвар тараахаас сэргийлэх/
2. Сүрьеэгийн халдвар авсан иргэд сүрьеэгээр өвдөх эрсдэлтэй тул урьдчилан сэргийлэлтийн эмчилгээг хийх /ирээдүйд өвдөхөөс сэргийлэх/
3. Сүрьеэтэй хүнтэй амьдарч байгаа хүмүүс буюу хавьтлуудыг бүгдийг нь оношилгоо шинжилгээнд хамруулж эмчлэх
4. Сургуулийн орчны агааржуулалтыг сайжруулах
5. Багш, сургуулийн ажилчдыг сүрьеэгийн шинжилгээнд тогтмол хамруулах. 
6. Хүүхдийн дэргэд тамхи татдаг байдлыг таслан зогсоох
7. Олон нийтийн газар нус цэр шүлсээ хаядаг байдлыг журмаар зохижуулж бодит байдал дээр хэрэгжүүлэх
8. Хүүхдүүд төдийгүй нийт ард иргэдийн дундах бичил шим тэжээлийн дутагдлыг арилгах зорилгтой хүнс баяжуулалтын хуулийг тодорхой стандарт шаадлагын дагуу амьдралд хэрэгжүүлэх
9. Хүн амын дундах эрүүл мэндийн боловсролыг сайжруулах. Ялангуяа урьдчилан сэргийлж болдог сүрьеэ өвчний талаар мэдлэг мэдээлэл олгох компанит ажлуудыг тогтмол хийх

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.