Banner
С.Эрдэнэ Засгийн газрыг огцрохыг шаардсан жагсаал зохион байгуулна гэв
0
2019/05/21

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ сэтгүүлчдийн сонирхосон асуулатанд хариулжээ.

УИХ-ын гишүүн асан Н.Гантулгыг чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг ҮХЦ энэ сарын 27-нд хэлэлцэхээр товлогджээ. Үүнээс улбаалаад Хэнтийн нөхөн сонгууль хоёр дахь удаагаа хойшилж магадгүй боллоо гэж үзэж байна?  

-ҮХЦ-д гаргасан энэ удаагийн гомдол их шуурхай явж байна. Цаанаа улс төрийн өнгө аястай нь харагдаж байгаа. Н.Гантулга хуулийн дагуу өргөдлөө гаргасан. УИХ өргөдлийг нь хүлээн авч, хуулийн дагуу чөлөөлсөн. Гэтэл судлаач Д.Ганхуяг "үндэслэл шалтгаан дурдалгүй, УИХ-ын гишүүнээс чөлөөлөгджээ" гэсэн байх юм. Үндэслэл шалтгаанаа дурдах, дурдахгүй байх нь хувь хүний асуудал байдаг. Билэг дэмбэрлээ ч бодсон УИХ-ын 76 гишүүн хүчингийн хэрэг шүүгээд сууж байх ёстой байсан юм уу?! Улстөрч миний мэдрэмжээр бол нөгөө талдаа үйлчлэх процесс эхэлсэн гэж харж байгаа. Эрх баригч МАН Хэнтийн нөхөн сонгуулийг хийх сонирхолгүй байна.    

-10 сая ам.долларын авлига авсан сайдын тухай? 

-Намайг алчихдаггүй л юм бол тэмцэнэ гэж байсан шударга үнэний дуу хоолой Ерөнхий сайд маань яагаад өөрийнх нь кабинетаас хүн авлигын хэрэгт холбогдоод байхад үнэн, худлыг нь хэлж чадахгүй байна вэ? Худлаа гэж хэлэхгүй байгаа биз дээ!? 10 сая ам.доллар бол эзэнтэй, хаягтай яригдаад байгаа. Катар ч бил үү, Дубайд явахдаа холбогдсон гээд. Бүр сүүлд Монгол улсын нэг сайд 1.2 сая ам.долларыг Францын компаниас авлигад авсан гэж яригдаж байна. Шударга байдлын төлөө ажиллахаар томилогдсон хууль, хяналтын байгууллагын удирдлагууд үүн дээр анхаарч ажиллах байх гэж бодож байна.   

Ард түмний амьдрал өдрөөс өдөрт уруудан доройтож байна. Маханд оочирлож байна. Хар усанд оочирлож байна. 90 он эргээд ирсэн юм уу? Ямар төр, засагтай байгаагаа бодох ёстой. 

-АН-ын дэд дарга агсан Г.Батхүүгийн цаг бусын үхлийн талаар?

-Хардлага төрөх үндэслэл байгаа учир бид мэдэгдэл гаргасан. Бид шаардлага гаргаагүй бол энэ хүний нас барсан шалтгаан ямраар гарах байсныг хэн ч хэлж мэдэхгүй. Тэгэхэд наана нь "Зүрх нь хаагдсан", "Шатнаас унасан", "Хавдартай байсан" гэхчлэн шуугисан. Миний өрөөнд архидсан гэж хүртэл бичсэн. Би тэр өдөр намын байранд байсан. 

Манай намын Удирдах зөвлөл хуралдаж, энэ сарын 30-нд жагсаал зохион байгуулахаар тохирсон. Бид нийгэмд үүсээд байгаа энэ зүй бус асуудлуудаар эсэргүүцлээ илэрхийлнэ. Бид өчнөөн дуугүй байж харлаа, хүлээлээ. Шударга ёсны төлөө гээд шударга бус зүйл хийж байгаа хүмүүсийг жинхэнэ шударга ёсны дуэльд нь дуудна. Авлигачдаар дүүрсэн УИХ-ыг тараахын төлөө тэмцэнэ. Авлигчдаар дүүрсэн Засгийн газрыг огцруулахын төлөө тэмцэнэ.  

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.