Banner
Л.Оюун-Эрдэнэ: Төр яагаад 200 мянган айлын орон сууцыг зах зээлийн ханшаас 30-40 хувийн хямдаар барьж болохгүй гэж...
0
2019/06/19

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлаа авсны дараа төрийн сангууд болон Хөгжлийн банк зэрэг байгууллагуудад шалгалт хийсэн. Энэ шалгалтын дүнд хэд хэдэн компаниуд зээлийн төлөлтөө хийгээгүй, графикийн дагуу төлөлтөө хийхгүй байгаа учраас хуулийн байгууллагад хандана гэх мэдээллийг ЗГХЭГ-ын дарга өгсөн. Тухайлбал, “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатыг "Чингис" бондын хөрөнгөнөөс ямар ч барьцаагүй 23 сая ам.долларын зээл авсан. Ингэхдээ эхлээд 14 сая ам.долларыг, дараа нь есөн сая ам.долларын зээл авсан байна. Хамгийн гол нь Б.Эрдэнэбат уг зээлийг ямарч барьцаа хөрөнгөгүйгээр авсан хэр нь зээлийн эргэн төлөлтөө ч хийхгүй өнөөдрийг хүрчээ. Энэ асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа.


-Хөгжлийн банкнаас зээл авсан ч зээлээ эргүүлэн төлөөгүй 10 гаруй компанийн асуудлаар хуулийн байгууллагад хандана гэж та өмнө нь мэдэгдэж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Нэр бүхий 7-8 компани дээр эргэн төлөлтийн график эвдэгдсэн  асуудал байгаа. Хөтөлийн цемент, Кю Эй Си гэх мэт зээлээ огт төлөөгүй компаниуд байгаа. Тиймээс хугацааг нь сунгах эсэх эсвэл тухайн компани эргэн төлөх боломж бүрдэх эсэхийг харж, судалж байна. Заримынх нь хувьд огт төлөөгүй ч тохиолдол бий. Энэ компаниудтай холбоотой асуудлыг АТГ-т шилжүүлээд, хуулийн дагуу шалгаад явах байх.

-“Эрэл” группийн Д.Эрдэнэбат зээлийн төлөлтөө хуваарийн дагуу төлж байгаа гэдгийг өөрөө хэлээд байгаа. Гэтэл та зээлээ төлөөгүй компанийн нэг гэж хэлж байсан?

-“Эрэл” компанийн хувьд эргэн төлөлтийнх нь график эвдэгдсэн компанийн нэг бол мөн.  Гэхдээ зээлийн ерөнхий зорилго муу биш. Томоохон хэмжээний дэлхийн стандартыг оруулж ирээд блок үйлдвэрлэх, угсрах хэмжээний үйлдвэр барихаар зээл авсан. Тиймээс энэ нь стратегийн хувьд ач холбогдолтой эсэх дүгнэлт гаргаад хэрвээ ач холбогдолтой гэж үзвэл Хөгжлийн банкны зээлийг эргэн төлөх замаар төрийн өмчит үйлдвэрийн газар болгон зохион байгуулах асуудал яригдана. Аль эсвэл хугацааг нь сунгаад төлөлтөө хийх нь зүйтэй гэсэн хоёр хувилбар яригдаж байна. Гэхдээ шалгалтаас хойш  Засгийн газар Хөгжлийн банкны дотоод үйл ажиллагаанд шууд оролцохоо больсон. Бид Хөгжлийн банкинд ийм зээл олго, олгохгүй гэдэг шийдвэр гаргахад нөлөөлөхгүй болж байгаа. Бид зөвхөн стратегийн хувьд ач холбогдолтой үгүйг Засгийн газар тодорхойлно. Тухайн зээлийг хөгжлийн банк эргэн төлөгдөх боломжтой, боломжгүйг нь дүгнэх эрх мэдэлтэй болсон.

-Зээлээ төлөхгүй байгаа аж ахуй нэгжийн өмчийг төр аваад байх юм уу?

-Хөгжлийн банкнаас авсан зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудлыг нэг тийш болгох ёстой. Үнэхээр ач холбогдолтой бол төр яагаад авч болохгүй гэж. Өнөөдөр бид 200 мянган айлын орон сууцыг зах зээлийн ханшаас 30-40 хувийн хямд орон сууцыг төр барьж болохгүй гэж. Бид стратегийн ач холбогдлыг авч үзээд, зээлийн эргэн төлөлтийн график зэргийг судалж, Хөгжлийн банктай ярилцаж байгаа шийдвэрээ гаргана.

 -Засгийн газраас тусгай сангууд, Хөгжлийн банк зэрэг газарт шалгалт хийсэн дүн гарсан байхад асуудлыг хурдан шуурхай нэг талд нь гаргах боломж байхгүй юм уу?

-Хуулийн байгууллагаас очиж асуух хэрэгтэй.

-Эрдэнэт үйлдвэр Стандарт банкинд 40 сая ам.доллар төлсөн гэсэн баримт манай талд ирсэн үү. Энэ төлбөр өөр дансанд орсон гэх мэдээлэл гараад байгаа?

-40 сая ам.долларын асуудал журмынхаа дагуу шийдэгдсэн. Одоо хохирол учруулсан хүмүүсээс буцааж авах асуудал л үүссэн. Хууль хяналтын байгууллага дээр хэрэг нь явж байгаа. Шийдэгдэх байх. 40 сая ам.доллар төлсөн баримтыг би гаргаж ирж харуулъя.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.