Ж.Баярсайхан:Шороог малтаад эхэлсэн чинь өрөм цайраад гараад ирсэн. Дараа нь Улаанбаатар хот руу мэдээлэл өгсөн
2
2019/08/16

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг Хориг уулнаас 700-800 жилийн турш мөнх цэвдэгт хадгалагдан үлдсэн гурван ваар өрөм, нэг ваар шар тос олджээ. Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол Судлалын төвтэй хамтран Дархадын хотгорын сав нутагт археологийн судалгааны “Умард Монгол” төслийг 2012 оноос хойш хэрэгжүүлж, ийнхүү эд өлгийн ховор дурсгалуудыг илрүүлсэн байна.

Тус судалгааны багийг Монголын талаас удирдаж буй Монголын Үндэсний Музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхантай ярилцлаа.

-Гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос илэрсэн нь үнэхээр сонирхол татлаа. Ойролцоогоор 700-800 жил мөнх цэвдэгтээ хадгалагдсан гэдэг нь үнэн үү. Өөр ямар олдворуудыг илрүүлсэн бэ?

-АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол Судлалын төвтэй хамтран “Умард Монгол” археологийн судалгааны төсөл маань 2012 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. 2016 он хүртэл ихэнхдээ хүрэл, төмрийн түрүү үеийн бууц суурин, буган хөшөө, хиргисүүрийн талаар судалгаа хийсэн. Харин 2017 онд бид нутгийн иргэдтэй угсаатны зүйн ярилцлага хийх явцад Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн өндөр настан Баттөр гэдэг өндөр настай эгч “ “Манай хаваржааны хойно Хоригийн ам гэх уул бий. Уулан дээр  баахан хиргисүүр тоносон. Ухсан нүх, овоолсон шороогоор дүүрлээ” гэж хэлсэн. Бид тэр даруйд нь уул руу гарч үзэхэд, хэдэн арван булшийг тоноод сүйтгэсэн байсан. Хүний яс, төмөр эдлэл гээд түүхийн баримт болох эд өлгийн зүйлс хог мэт хөглөрч байлаа. Тухайн жилдээ бид уг газарт ажиллах археологийн зөвшөөрөлгүй байсан учир малтлага судалгаа хийгээгүй. Харин дараа жил нь археологийн судалгааны зөвшөөрөл авч, тэдгээр булшнуудыг дахин нягтлан шалгах, тонуулчдын овоолж хаясан шороог шигших, ухсан нүхийг нь нягтлан шалгах, үлдсэн зүйлийг цуглуулах ажлыг хийж эхэлсэн. Ингээд бид 2018 онд Хориг уулын хойд хяр дээр 26 булшийг бүрэн шигшиж, нүхийг нь шалгаж, олдворуудыг сэргээгээд, тонуулчдын ухсан нүх бүрийг сэргээсэн. Тонуулчид бол металл хайгч ашиглан, үнэ цэнэтэй бүхий л зүйлийг нь авсан байсан. Гэхдээ археологийн судалгаанд хүн, малын хугархай яс ч асар их үнэ цэнэтэй. Түүнээс асар их мэдээллийг авч болдог. Түүнээс гадна дөрөө, амгай, адуу малын тоног хэрэгсэл, торгоны тасархай зэрэг олдворыг цуглуулаад байна. Бид өнгөрсөн жил олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаагүй. Учир нь  тухайн газрыг 2019 онд үргэлжлүүлэн судлах учраас мэдээлэх нь эрсдэлтэй гэж үзсэн. Нэг булшнаас торгоны тасархай, алтны өөдөс оллоо гээд зарласан бол тонуулчид очоод сүйтгэчихдэг. Энэ жил үр дүн нь бүрэн гарсан учраас тухайн дурсгалуудыг нөхөн сэргээгээд орон нутагт тайлан мэдээгээ өгч, зохих төлөвлөгөө боловсруулаад байна. Бид өнгөрсөн хоёр жилд XIII-XIV зууны Монголын эзэнт гүрний оргил мандлын үеийн маш ховор олдворуудыг илрүүлсэн.

Хамгийн сор нь гурван ваараар дүүрэн хөлдүү өрөм, нэг ваараар дүүрэн шар тос байлаа. Энэ өрөм, шар тос  яагаад шинээрээ гарч ирэв гэхээр Дархадын хотгорын бүс нутаг маш сэрүүн уур амьсгалтай, мөнх цэвдэгтэй холбоотой. 

Хоригийн 4-р булшнаас гарсан торго

-Энэ булшнууд нь хэр гүнд байсан бэ?

-Энэ булшнууд нь ихэнхдээ метр гаруй, зарим тохиолдолд хоёр метр гүнд байна. Шаазан ваар учраас тонуулчид металл хайгчаар илрүүлж чадаагүй, булшны хананд хаяж орхисон байсан. Шар тос, өрөм зэрэг нь  Монголын төдийгүй, дэлхийн археологийн түүхэнд Монголчуудын цагаан идээ боловсруулалтын түүх, хоол хүнсний уламжлал, цаашлаад тахилгын зан үйл, булшны зохион байгуулалт, бүтцийг тодруулах судалгааны чухал эх үүсвэр болно.

Торгон эдлэлийн тасархай нь л гэхэд алтан утсаар хийсэн, маш ховор цуглуулга байна. Мөн ширэн эдлэлийн маш тансаг хийцтэй зүйл ч байна. Харамсалтай нь тонуулчид юу ч үгүй бүгдийг нь сүйтгэсэн учраас уранхай, тасархай хэсэг бусаг нь олдлоо.

-Эдгээр олдворууд нь ямар ач холбогдолтой вэ. Цаашид хэрхэн хадгалах вэ?

-Өнөөдөр бид Чингис хааныхаа түүх, XIII зууны үеийн эзэнт гүрний түүхээр музей байгуулна. Дэлхийд Монгол соёлоор гайхуулна гэж ярьж байна. Энэ цаг үед  эдгээр үзмэрүүд нь Монголын түүхийн сан хөмрөгт маш том хувь нэмэр оруулах юм. Бид хамгийн эхний ээлжид эдгээр дурсгалыг авран хамгааллаа. Одоо музейд оруулаад ирсэн байна. Цаашид нарийвчлан судална. Үүнд маш олон улсын эрдэмтдийн баг хамтарч ажиллана. Тухайлбал, Торгоны судалгаа, хүний ясны судалгаа, ДНК-ийн судалгаа гээд олон төрлийн судалгаа хийнэ. Зөвхөн нэг ясны хугархайнаас л тухайн цаг үеийн хүний идэж ууж байсан зүйлс гээд хүнтэй холбоотой олон түүхийг сэргээж харах боломжтой.

-Анх илрүүлээд, яаж тээвэрлэж музейд авчирсан бэ?

-Бид булшнаас олж гаргаад, уулнаас буулгаад хээрийн лабораторидоо авчирсан. Вааран доторх шорооноос нь “үлдэцийн анализ”-ын аргаар юу байсныг тогтоодог. Тэгээд шороог малтаад эхэлсэн чинь өрөм цайраад гараад ирсэн.  Дараа нь Улаанбаатар хот руу мэдээлэл өгсөн. Өөрсдийнхөө энгийн машинд хийгээд, хажууд нь мөс хийж, хөргүүрийн байдалтай авчирсан. Эхний ваарыг тэгж авчирсан. Дахиж очиж, судалгаа хийхэд гурван ваар олдсон. Түүнийг мөн л ийм аргаар авчирсан.

Юань гүрний үед хийсэн ваар буюу өрөмтөй ваар

Шар тостой ваар

-Та бүхнийг очиход сүйтгэсэн байсан гэж та хэллээ. Тэгвэл өрөм, шар тос нь хайлаагүй байсан хэрэг үү?

-Хэрвээ бид нэг, хоёр жил алдсан бол хайлаад дуусах байсан. Учир нь ухсан нүхний мөнх цэвдэг нь хайлчихсан байсан. Тэр торго дурданы тасархайг гаргаад хаячихсан байсан. Бид 40 гаруй хоног амралтгүйгээр  шөнө дунд хүртэл олдвороо цэвэрлэх, сэргээх, бүртгэх ажлыг хийж байлаа. Зарим нь сэргээн засалт, авран хамгаалалт, цэвэрлэгээ хийгээд, нөгөө хэсэг нь өглөө бүр өндөр уулын орой руу гарч, өдөржин хүнд нөхцөлд ажиллаж байв. Энэ жил бороо ихтэй байсныг хэлэх үү. Байгалийн хүнд хэцүү, шумуултай, хөх түрүү зэрэгтэй ноцолдож, эзэнт гүрнийхээ, өвөг дээдсийнхээ түүхийг авран хамгааллаа. Тонуулчдын гарт өртсөн ч гэсэн, үлдэж хоцорсон эд зүйлс нь дэлхийд гайхамшигтай байлаа. Хамтран ажилласан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлаж байна.

-Өмнө нь ийм төрлийн олдворууд олдсон тохиолдол гарч байв уу?

-Урьд өмнө нь Монголд хэд хэдэн газар язгууртны байж болох судалгааг хийсэн боловч 70 гаруй булшинд бүрэн хэмжээний малтлага судалгаа хийж, эд өлгийн зүйлсийг цуглуулж байгаагүй. Энэ нь Монголын умард нутаг, Дархадын хотгорын бүс нутагт тухайн үед амьдарч байсан Монголын язгууртнуудын өдөр тутмын амьдрал зан үйл, аж байдал, амьдралыг тодруулах маш чухал судалгааны ажил юм.

-Хаад язгууртан, эсвэл энгийн ард гээд ямар угсаа гаралтай хүмүүсийн булш, бунхнаас эдгээр зүйлс олдсон бэ?

 -Гарч буй эд өлгийн зүйлсээс нь харвал энгийн улсууд биш. Язгууртнуудын булш гэдэг нь тодорхой байна. Монголын түүхийн хэд хэдэн чухал сурвалжуудад Монголын язгууртнуудыг нутаглуулсан газрыг “Хориг”  хэмээн нэрлэдэг байсан гэж бичсэн нь бий. Маш сонирхолтой нь, энэ уул маань мөн “Хориг” гэх нэртэй. Үүнийг цаашид нарийвчлан судалж, он цагийн хүрээг нь тогтооно. Өнгөрсөн жил бид он цаг тогтоолгохоор АНУ-д таван дээж илгээхэд ихэнх нь XIII-XIV  зууны үед холбогдсон. Нэг булш нь XI-XII зууны үеийнх байсан. Нүүрс хүчлийн задаргаа буюу С14 гэх лабораторийн аргаар он цаг тогтоодог юм.

Энэ жилийн олдворууд буюу өрөмтэй ваар бол Юань гүрний үед хийгдсэн ваар гэдэг нь дэлхий нийтэд тодорхой. Учир нь цэцгэн хээтэй, шар өнгөтэй ваар. Дээл хувцаснаас харахад, Юань гүрний үеийн алтан утастай торгоор хийсэн байна.

-Тос, өрмөө цаашид яаж хадгалах вэ. дэлхийд ийм олдвор гарч байсан тохиолдол бий юу?

-Ваарнууд бүгд мөнх цэвдэгт байсан хөлдөж байсан учраас ваарнууд нь тодорхой хэмжээгээр хагарч ан цав гарсан байдалтай байна. Бид авчраад дэлхийн сэргээн засварлагчдаас зөвлөгөө аваад /-18/ градусын зориулалтын хөргөгчид хадгалж байна. Судалгааны үндсэн дээр төлөвлөгөө боловсруулна.  Дэлхийд ийм өрөмтэй шар тостой хөлдүү ваар гарсан тохиолдол байхгүй. Европт бяслаг, масло зэрэг хүрлийн үед тодорхой саванд хийгээд мөнх зэвдэгт  бол хадгалсан зүйл байдаг.. Монголын бүс нутгийн хүрээнд ийм олдвор илэрсэн тохиолдол байхгүй.

Алтан утсаар оёсон дээлний тасархай

-Ярилцсанд баярлалаа. Танай багт амжилт хүсье. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • Xx 2019 оны 08 сарын 16 [213.162.72.165]

    сонирхолтой

  • Ganbold 2019 оны 08 сарын 16 [185.183.106.106]

    эртний түүх

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.