С.Эрдэнэ: Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож, давбал хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг тусгасан
0
2019/10/17

УИХ-ын гишүүн С.Эрдэнийн 2018 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг маргааш Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ.

Хуулийн төслийг өргөн барих болсон шалтгаанаа УИХ-ын С.Эрдэнэ “Гадаад орнуудад банк санхүүгийн ажиллагааг төрийн зохицуулалтаар хэрхэн зохицуулдаг судалгаа хийсний үндсэн дээр хуулийн төслийг санаачилсан. 1954 онд анх Япон улсад зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох буюу мөнгө хүүлэлтийн эсрэг хуулийг анх санаачилж өргөн барьж, батлуулж байсан юм билээ. Өнөөдөр дэлхийн 76 улсад энэ хууль хэрэгжиж байна. Манайд ч энэ хуулийг хэрэгжүүлэх нөхцөл үүссэн гэж үзсэн учраас хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулиар арилжааны банкуудын зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуульчилж өгөх юм. Хэрэв зээлийн хүүгийн дээд хязгаарыг давсан хүү тооцсон тохиолдолд мөнгө хүүлэлт гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг тусгасан. Өнөөдөр, маргааш эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэнэ. Хуулийн үр дүн гарах байх” гэсэн юм.

Хүүгийн дээд хязгаарыг тогтоосноор хадгаламжийн хүү буурч, иргэд, ААН-үүд хадгаламжаа татан эрсдэл үүсэх эсэх талаар “Цөөн тооны хадгаламж эзэмшигчдийн хүсэл зоригоор арилжааны банкууд ажиллаж байна. Жишээ нь хадгаламжийн хүү 15 хувь хүртэл байна. Тэрбумаас дээш хадгаламжтай хэдэн иргэн байгаа билээ. Судалгаан дээр тоо баримт дурдсан. Хүн амын хэдэн хувь нь арилжааны банкинд хадгаламж эзэмшиж байгаа, банкуудын актив хүчин чадал ямар байгаа гээд олон зүйлийг ярьж болно.

Өнөөдөр зөвхөн хадгаламж дээр суурилсан чадавх байвал тогтвортой байдал биш. Бусад үзүүлэлтийг харах хэрэгтэй. Олон улсын валютын сангаас арилжааны банкуудын активын чанар муу байгаа тул нэмэгдүүлэх шаардлага удаа дараа тавьсан. 700 тэрбум төгрөгийн актив нэмж, 200 тэрбумыг баталж, 500 тэрбумыг одоо хүртэл баталж чадаагүй байна. Энэ нь өнөөдөр саарал жагсаалтад орох үндэслэл болоод байна. 500 тэрбумын эх үүсвэрээ нотолж чадахгүй байгаа нь мөнгө угаалт гэсэн хардалтыг бий болгож байгаа юм билээ. Арилжааны банкуудын 30 жилийн хугацаанд монопол байдлыг төрийн зохицуулалтаар шийдэх ёстой. Зээл, зээлийн хүүнд дарлуулсан иргэд, ААН-үүдийн амьдрал өдөр ирэх тусам дордож байгаа тул зүгээр хараад сууж болохгүй.

Дээр нь ипотек болон тэтгэврийн зээл байна. Тэтгэврийн зээл хүүгээ урьдчилж тооцоод авчихдаг. Ипотекийн зээл жилийн найман хувийн хүүтэй бага мэт боловч, тооцоог нь гаргаад ирэхээр мөнгө хүүлэлт болчихож байгаа юм. Ашиг дээрээ ашиг нэмээд байдгаа боль л гэж байгаа юм” хэмээн тайлбарласан юм.

Зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох нь тэтгэврийн болон ипотекийн зээл төлж буй иргэдэд ч эерэг нөлөө авчирна гэдгийг тэрбээр онцоллоо.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.