У.Сувдсүрэн: Нийслэлд өмчлөх газар нэг ч байхгүй учир тодорхойлолтоор орон нутагт авч болно
2
2019/10/22

Энэ сарын 15-наас арванхоёрдугаар сарын 15-ныг хүртэл Газар өмчлөлийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдэд зөвлөгөө мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулж байгаа. Энэ асуудлыг холбогдуулан Нийслэлийн Газар зохион байгуулах албаны Газар өмчлөлийн хэлтсийн дарга У.Сувдсүрэнтэй ярилцлаа.

-Иргэдийн хувьд газар өмчлөх асуудал нэлээд чирэгдэл болдог. Танайхаас иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх ямар арга хэмжээ авч байна вэ?

-Өнгөрсөн 2008 онд Газар өмчлөлийн тухай хуульд өөрчлөлт орж, иргэн бүрт газар өмчлүүлэхээр болсон. Иргэд хуулийн мэдлэггүйгээс болж хуулийн хугацаа нь дуусах үед манай албыг бичиг цаас, өргөдөл хүсэлтээр дардаг. Хуулиа сурталчлан таниулахын тулд гарын авлагаар хангаж, иргэддээ туслая, амралтын өдрүүдээр хороод дээр сууж ажиллая гэсэн зорилготой байна. Гэр хорооллын 95 хороон дээр манай мэргэжилтнүүд хуваарийн дагуу сууж ажиллана.

-Орон сууц өмчилж авсан бол газар өмчлөх эрхгүй гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Монгол Улсын иргэн бүр нэг удаа үнэгүй газар эзэмших эрх нь нээлттэй байдаг. Орон сууц өмчилж авсан бол газар өмчилж авч болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Өмчилж авсан газар дээр байшин барьсан тохиолдолд байшин, газар хоёр тус тусдаа үл хөдлөхийн гэрчилгээтэй байна.

ИРГЭН ЭЗЭМШИЖ БАЙГАА ГАЗРАА ӨМЧЛӨХДӨӨ ГАЗРЫН ЯМАР НЭГЭН ЗӨРЧИЛГҮЙ БАЙНА

-Газраа удаан хугацаагаар эзэмшсэний дараа өмчилж болох уу?

-Үндсэндээ газрын гурван харилцаа байдаг. Тухайлбал, эзэмших, ашиглах, өмчлөх гэсэн гурван харилцааны хамгийн дээд хэлбэр нь өмчлөх. Газар өмчилж авна гэдэг бол тухайн хүний хувийн өмч болж байна гэсэн үг. Тухайн иргэн эзэмшиж байгаа газраа өмчлөхдөө газрын ямар нэгэн зөрчилгүй, хориглосон хамгаалалтын бүсэд ороогүй байх, зөвшөөрөлгүй хашаа бариагүй байх ёстой. Мөн дүүргийн газрын албанаас эзэмших гэрчилгээтэй, цэг тэмдгийн дагуу хашаа барьсан байх ёстой юм.

-Нэг иргэн хоёроос гурван газар өмчилж авч болох уу?

-Хуулиар Монгол Улсын иргэнд нэг удаа үнэгүй газар өмчлөх эрхтэй. Харин иргэн өөрөө хэдэн ч газар худалдаж авч эзэмшиж болно.

-Иргэд цахимаар газар авсан. Цахимаар авсан газраа өмчилж авч чадаж байгаа юу?

-Цахимаар 69800 иргэн газар өмчилж авсан. Харин одоо газраа ашиглаж байгаа нь нэг ч байхгүй. Дэд бүтэц, зам харилцаа хөгжөөгүй газар учраас иргэд амьдрах орчин бүрдэхгүй байгаа учраас иргэд эзэмших боломж байхгүй байгаа. Эдгээр газрын эзэмших хуулийн хугацаа нь таван жилийн хугацаатай боловч газар эзэмшүүлэх үйл ажиллагаа дуусаагүй байгаа учир хүчин төгөлдөр хэвээрээ байгаа.

 

 

НИЙСЛЭЛИЙН ИРГЭД 21 АЙМАГ БОЛОН СУМАНД ГАЗАР ЭЗЭМШИЖ, АВАХ ЭРХ НЬ НЭЭЛТТЭЙ

-Одоогоор нийслэлд 0,7 га газраа аваагүй хэчнээн иргэд байна вэ. Газраа авч чадаагүй иргэд яах вэ?

-Нийслэлийн хэмжээнд өмчлөх газрын нөөц байхгүй. Бидний зүгээс дөрвөн нэгдсэн төвөөр дамжуулан нийслэлийн иргэд газар өмчилж аваагүй гэсэн тодорхойлолт олгодог. Тодорхойлолтоо аваад төрсөн нутагт болон хөдөө орон нутагт газар эзэмших эрхтэй. Нийслэлийн иргэд 21 аймаг болон суманд газар эзэмшиж, авах эрх нь нээлттэй.

-Хөдөө орон нутагт газар эзэмших хүсэлтээ ирүүлсэн иргэд байна уу?

-Манай дээр 50 мянга орчим иргэн хөдөө орон нутагт газар өмчилж авахаар тодорхойлолт авсан байдаг. Үүнээс 12 мянган иргэн орон нутагт газар өмчилж аваад байгаа.

-Нийслэлд өмчлөх газрын нөөц байхгүй гэж байна. Хуулиар хүн бүр газар эзэмшиж, өмчлөх эрхтэй. Иймээс шинээр газар авах хүсэлтэй хүмүүс яах вэ?

-Шинээр эзэмших гэрчилгээ авч байж газар өмчлөх эрх нь нээгдэнэ. Манайх жил бүр газар зохион байгуулалтын төлөвлөгөөг НИТХ-аар баталдаг. Энэ есөн дүүргээс ирсэн санал, иргэдийн санал болон хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөг харж байж батлуулдаг. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд шинээр эзэмшүүлэн ашиглуулна гэж заасан газруудад иргэдэд шинээр газар олгодог. Жил бүр батлуулсан төлөвлөгөөг манайх өөрийнхөө вэб сайтдаа нээлттэй тавьж мэдээлдэг.

-Ярилцсанд баярлалаа

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • Xx 2019 оны 10 сарын 22 [213.162.68.227]

    гоё хэлжээ

  • lm 2019 оны 10 сарын 23 [95.142.115.28]

    илүү их үүрэг хариуцлага

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.