Ш.Гантулга: Б.Баярмагнай генерал тулааны талбарыг орхиод зүгээр л зугтаачихсан юм
0
2019/11/14

“Монголын Үндэсний фронт” хөдөлгөөний тэргүүн, тоймч Ш.Гантулгатай ярилцлаа.

-Та аль нутгийн уугуул вэ. Нутаг ус, ээж, аавынхаа тухай яриач?

-Би Улаанбаатар хотод төрж өссөн хүн. Манай аав Сүхбаатар аймгийн хүн байсан. Өвөө минь Хэнтийнх. Аав ажилчин, өвөө уурхайчин хүн. Би эгэл жирийн л айлын хүүхэд.

Тухайн үедээ Улаанбаатар хотын Лаборатори нэгдүгээр дунд сургуулийг төгссөн. Зөвлөлт холбоот улсад мэдлэг, мэргэжил эзэмшсэн, геохимич мэргэжилтэй. Дараа нь сэтгүүл зүйд орсон. Нэг иймэрхүү л эгэл жирийн энгийн амьдралтай хүн.

Надад бусдаас илүү гарах юу ч байхгүй. Эд хөрөнгө ч байхгүй. Ерөнхийдөө ядуу талдаа хүн. Зөвхөн цалингаараа л амьдардаг.

-Одоо ямар ажил албан тушаал эрхэлж байна вэ?

-Би “ТВ 9” телевизийн олон улсын тоймчийн ажлыг хийдэг.

-Сэтгүүл зүйн салбарт хэдийнээс оров. Орох болсон шалтгаан нь юу байсан бол?

-Олон улсын байдлыг мэддэг, англи, орос хэлтэй хүн “Ийгл” телевизэд хэрэгтэй болсон юм. Тиймдээ ч би тэнд ажилд орж, олон улсын тоймчийн ажлыг хийж эхэлсэн. Аажимдаа хүмүүст миний нэвтрүүлэг таалагдаж эхэлсэн юм байлгүй цааш ажиллаад явсан. Би 2006 онд тус телевизэд ажилд орсон юм. Би “Ийгл” телевизэд 2014 он долдугаар cap хүртэл ажилласан. Үзэл бодол таарахгүйн улмаас телевизээс намайг хөөсөн. Нэг хэсэг хугацаанд “Боловсрол” телевизэд ажилласан.

-Та ямар үзэл бодол илэрхийлсэн юм бэ?

-“Ийгл” телевиз АНУ-ын телевиз байсан. Шашны ч гэх үү дээ. Би Америкийн эсрэг үзэл бодлыг илэрхийлсэн юм. Гэхдээ онц аюултай зүйл биш байсан. Эхлээд эфирт гарахааргүй болоод дараа нь ажлаасаа хөөгдсөн.

-АНУ-ыг ардчиллын эх орон гэдэг. Тэгэхээр таныг ардчиллыг үгүйсгэсэн гэж ойлгож болох уу?

-Би Америкийн эсрэг үг хэлдэг ч гэсэн үнэн хэрэг дээрээ ардчиллын төлөө байдаг юм. Үүнийг миний энэ сарын 7, 8-нд болсон эсэргүүцлийн жагсаалд оролцсон явдал баталж байгаа. Сүүлийн 20 гаруй жилийн турш Монголын ардчилал нэг замаар хөгжсөн.

Тодруулбал, монголчууд хүмүүсээ сонгож чаддаг ч эргүүлээд татаж чаддаггүй. Бидний эсэргүүцлийн жагсаал тэрхүү сонгосон хүмүүсийг буцааж, эргүүлж татах гэсэн хамгийн анхны оролдлого байсан юм.

Хэрвээ монголчууд сонгосон хүмүүсээ эргээд татаж чаддаг байсан бол Монголын ардчилал жинхэнэ ёсоороо цэцэглэн хөгжих болно. Ер нь ардчилал гэдэг Европоос манайх руу орж ирсэн зүйл шүү дээ. Европоос нэг сайхан машин орж ирээд Монголын нөхцөлд таардаггүй учраас механикчид монголчилдог. Бид ч гэсэн ингэх хэрэгтэй байгаа юм.

-Та бүхэн УИХ-ыг тараана, төрийн эрхийг авна гэж байна. Гэлээ ч хууль журмаараа дахиад л 76 гишүүн сонгогдож, УИХ-ын үйл ажиллагаа явдгаараа л явна шүү дээ. Хүн нь л солигдож байгаа энэ үйл явцад ямар ялгаа байгаа юм бэ?

-Үүнд маш том ялгаа байна. Учир нь өмнөх сонгуулиудад сум, дүүрэгт Улаанбаатар хотоос хэн ч мэдэхгүй том компанийн эзний баян тарган хүүхэд, баахан жийп машинтай найзуудтайгаа ирээд өөрийгөө нэр дэвшүүлдэг байсан. Үүнтэй адил хүн дахиад ирдэг.

Сумын иргэд огт танихгүй хоёр муу хүнээс сонголтоо хийхээс өөр аргагүй байдалд ордог. Хэрвээ та дэлгүүрт ороод онцгүй болоод ой гутам бараанаас авахаар болбол өөрт арай бага хохирол учруулах барааг л сонгож авна шүү дээ.

Монголын ардчилал иймэрхүү замаар явсан учраас хамгийн өөдгүй хүмүүсээр УИХ дүүрсэн юм. Хэрвээ бидний тэмцэл ялалтад хүрэх юм бол бид энэхүү өөдгүй хүмүүсээс төр, засгийг чөлөөлж чадна. Өөдгүй хүмүүс сонгуульд нөлөөлөөд байгаа учир сонгуулийн үр дүн буруугаар гараад байгаа юм.

Сонгуулийн үр дүн ард түмний хүсэл эрмэлзлийг илтгэж чадахгүй байгаа юм. Гаднаас нь нөлөөлсөн сонгууль шударга болж чаддаггүй. Монголын олигарх баячууд төр, засгийн мэдлийг ашиглан баяждаг учраас сонгуульд үргэлж нөлөөлж байдаг.

Сонгуулиар булхайцаж гарч ирээд төрд гарч, тэрхүү эрх мэдлээ ашиглан баяждаг. Тиймдээ ч сонгууль шударга болж чаддаггүй. Тиймээс сонгуульд гаднаас нөлөөлж буй хүчин зүйлийг аваад хаячих юм бол сонгууль илүү шударга болно гэсэн үг.

-Та бүхэн Төрийн ордонг нураана, нэвтэрнэ гэж байна. Нэг ёсондоо хүчээр төрийн эрхийг авахыг завдаж байна л даа.

-Монгол Улсад хувьсгалт өөрчлөлт шаардлагатай болсон. Монголын ард түмний ирээдүйг сайжруулж, энэхүү авлигачдаас аврахын тулд бидэнд цоо шинэ хувьсгал хэрэгтэй. Энэ бол нийгэм, эдийн засаг, улс төрийн төдийгүй хүмүүсийн оюун санааны хувьсгал байх болно. Хүмүүс өөрсдийгөө эрх чөлөөтэй, нэр хүндтэй л бол хүн гэж ойлгох ёстой.

Одоогийн хүмүүсийн ихэнх нь өөрсдийгөө нийгэмд огт хэрэггүй гээд ойлгочихсон байна шүү дээ. Ийм ч учраас бид энэхүү хувьсгалыг хийх гэж байгаа юм. Аливаа хувьсгал гэдэг өөрөө хүчирхийлэл. Ямар ч хувьсгал хуулийн дагуу болдоггүй. Учир нь эрх баригч анги өөртөө хэрэгтэй хуулийг л баталдаг юм.

Өөрийг нь засгийн эрхээс зайлуулаад, өндөр цалин, улсын мөнгийг идэх боломжоос нь тасалж болохоор хуулийг тэд боловсруулахгүй. Ийм ч учраас бид ард түмэнд хандаж энэхүү үндэсний ардчилсан хувьсгалыг эхлүүлэх гэж байгаа юм.

-Гэхдээ хуулиас гадуур үймээн самуун дэгдээн бослого хийх нь ямар үр дүнд хүргэдгийг бид долдугаар сарын 1-ний гэх үйл явдлаар харсан. Тэр байдал давтагдвал яах вэ?

-Хувьсгал гэдэг өөрөө хүчирхийлэл гэж хэллээ шүү дээ. Хоёрдугаарт, манай Жанжин Д.Сүхбаатар хэлэхдээ “Улс гэрийг төвхнүүлэхэд урсахгүй цус, алдахгүй амь гэж байдаггүй” гэсэн байдаг.

Тэгэхээр монголчууд том зорилгод хүрэхийн тулд золиос гаргахаас өөр аргагүй. Бид бүхэн зориг гаргах хэрэгтэй. Өөрсдийнхөө амь насыг золиослох, аюулд учруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмэн тэмцэлд орох хэрэгтэй. Энэ бүх үйл явдал тэмцлийн хуулиар явах болно. Түүнээс биш зүв зүгээр амаа ангайгаад, дээшээ хараад сууж байхад сайн сайхан хүрээд ирэхгүй.

Шударга ёс гэж мянган удаа хашхирлаа ч нийгэмд шударга ёс бий болохгүй. Шударга ёсыг тогтоохын тулд бид өөрсдөө ямар нэгэн зоригтой үйлдэл хийх хэрэгтэй. Зоригтой, шударга, нэр хүндтэй үйл ажиллагаа хийх ёстой. Өөрсдийгөө эрх чөлөөтэй, шударга, нэр хүндтэй хүмүүс шиг үйлдлийг хийх хэрэгтэй юм.

Түүнээс өөрсдийгөө боол мэт сэтгэхийн бол ямар нэгэн хууль тогтоомжид баригдаад Үндсэн хуулиар олгогдсон хамгийн чухал эрхээ эдэлж чадахгүй. Тэгвэл бидний ирээдүй хав харанхуй хэвээр үлдэнэ.

-Тэгэхээр дараагийн жагсаал цуглаанд хүчирхийллийг нэн тэргүүнд тавьсан, цус урсгасан тэм-цэл болох хэрэг үү?

-Дараагийн жагсаалд бид ард түмнийг нэгдэхийг хүсэж байгаа. Монголын ард түмэн өөрсдийнхөө хүсэл зоригийг зоригтой илэрхийлэх хэрэгтэй. Сүхбаатарын талбайг хүрээлээд тавьчихсан төмөр хашааг нэвтэлж, эрх чөлөөндөө хүрэх ёстой.

Үнэн хэрэг дэрээ энэ нь Үндсэн хуульд заасан ердийн л нэг зүйл шүү дээ. Энэ нь эрх баригч ангийнхны, олигархи баячуудын өөрсдийгөө хамгаалах гэж гаргасан хуулинд нь, сүүлийн хэдэн арван жил хүмүүсийн тархи, оюунд нь суусан боолын сэтгэхүйд нь харшлаад байгаа болохоор хачин аймшигтай сонсогдоод байгаа юм. Түүнээс биш бид онц юм юу ч шаардаагүй.

Зүгээр л засгийн эрхийг ард түмний гарт егөх гэсэн юм. Монгол Улсын иргэн бүр Засгийн газрынхаа ордонд орох хэрэгтэй. Учир нь Засгийн газрын ордон гэдэг олон нийтийн байгууллага. Олон нийтийн байшин.

Олон нийтийн байшинг ард түмний хөрөнгөөр, татвар төлөгчдийн мөнгөөр бий болгодог. Д.Сүхбаатарын талбай ч гэсэн яг адилхан. Д.Сүхбаатарын талбай төрийн тусгай хамгаалалтын газар, нөгөө талдаа ард түмэн зөвхөн эрх баригчдын зөвшөөрлөөр хурал, цуглаан хийдэг газар болж хувирсан.

Энэ нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн хэрэг. Үндсэн хуульд ард түмэн чөлөөтэй жагсаал хийх, эвлэлдэн нэгдэх эрхтэй гэж хуульчлан баталсан байдаг. Тиймдээ ч бид Үндсэн хуульд заасан монголчуудын эрхийг хамгаалахын төлөө тэмцэлд орсон юм.

-Ардчиллыг устгах хэрэг үү. Цаашдаа яана гэсэн үг вэ?

-Ардчиллын ачаар бид нийгмийн амьдралд идэвхтэй оролцох болсон. Зах зээлийн харилцаанд оролцож түүнээсээ ашиг хүртэж чаддаг болсон. Ийм эрх чөлөөтэй хүмүүсийн нэгдлийг л хэлдэг.

Хэрвээ бид тэр хүмүүст Засгийн эрхийг өгчих юм бол ардчилал устчих нь гэж үү. Ард түмэнд засгийн эрхийг өгөхөөр яагаад ардчилал устах ёстой юм. Ард түмэн толгойгоо өндийлгөх юм бол Монгол Улс сөнөнө гэж үү. Энэ бүхэн ердөөсөө л худлаа зүйл. Ард түмэнгүйгээр ардчиллыг байгуулах гэж оролдсоны хэрэггүй. Ардчилсан төрийн хамгийн гол тулгуур багана бол ард түмэн юм.

-Та олон улсын тоймч хүн. Энэ ч утгаараа та дотоодын хагаралдаан тухайн улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд эрсдэл учруулах боломжтойг хамгийн сайн мэдэж байгаа. Та бүхний зохион байгуулж буй жагсаал цуглаан дээрх байдалд хүргэчих вий гэх болгоомжлол байна.

-Дотоодын ямар ч хагарал байхгүй. Учир нь Монголын ард түмний дийлэнх олонх нь ядуу амьдарч байгаа. Цөөн хэдэн хүмүүс гадаадын банканд хөрөнгөтэй, тэнд гэр оронтой, хүүхдүүд нь ч мөн тэндээ суралцдаг. Тийм хэр нь төрийн эрх мэдлийг гартаа оруулчихсан.

Бид үнэн хэрэг дээрээ олонхын төлөө тэмцэж байгаа учраас ямар ч хагарлыг үүсгэхгүй. Хагарлыг үүсгэнэ гэж бодож байгаа хүмүүс биднийг эсэргүүцлийн жагсаал хийж байх үед тэр талбайд хүрч ирээд, миний хэлсэн үгийг үгүйсгээд үзэг л дээ. Өмнөх жагсаалын үеэр намайг үг хэлж байхад тэнд цугласан хүмүүс уухайлан дэмжиж байсан. Намайг буруу үг хэллээ гэсэн хүн тэр талбайд ганц ч байгаагүй.

Засгийн газрыг зөвхөн шүдээ хүртэл зэвсэглэсэн цагдаа болон тагнуулын нууц агентууд л дэмжиж байсан юм. Тиймдээ ч ард түмний дунд ямар ч хагарал байхгүй гэж хэлж чадна. Хүн болгонд өөр өөрийн гэсэн байр суурь байдаг боловч, чин үнэн нь цорын ганц л байдаг. Тэгэхээр бид энэ чин үнэний замаар л явж байна. Монголын төрд авлигачид хуралдчихсан.

Тэр хүмүүсээс Монголын төрийг цэвэрлэх шаардлага байгаа. Ямар нэгэн зүйлийг цэвэрлэхийн тулд гаднах бүрхүүлийг нь авах хэрэгтэй шүү дээ. Хашааг нь давах, хаалгыг нь онгойлгох хэрэгтэй. Авлигач этгээдүүдийг зэвсэг барьсан цагдаа нар хамгаалаад байгаа бол ард түмэн тэд нартай тулалдахаас өөр аргагүй болно.

Хувьсгал тэмцэл гэж үүнийг л хэлээд байгаа юм. Бидний тэмцлийг эсэргүүцэж, цэргийн хүчээр дарахын тулд  хэн нэгэн этгээд Онц байдал зарлаж магадгүй. Гэхдээ бид үүнээс огт айхгүй байгаа. Хэрвээ ард түмний дийлэнх олонх биднийг дэмжих юм бол бүх зүйл ёсоороо болно. Бид ард түмнийг олигарх баячуудын дарангуйллаас чөлөөлж чадна гэсэн үг.

-Энэ бүхний хариуд та бүхэн ард түмэнд юуг амлаж байгаа талаараа тодруулаач?

-Бид шударга ёсыг л амлаж чадна. Монгол Улсад шударга ёс, ардчиллыг жинхэнэ утгаар нь бий болгож чадах юм бол цаашид зөв замдаа орно. Тэр цагт эдийн засгаа хөгжүүлж чадна.

-Төрийн эрхийг авсныхаа дараа та Ерөнхийлөгч болох юм уу?

-Би өөрийгөө Ерөнхийлөгч болно гэж бодохгүй байгаа. Гэлээ ч Монголын Ерөнхийлөгч ямар байх ёстой вэ гэдэг утгаар энэ үгийг хэлсэн юм. Одоогийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд Засгийн газрын ордонд тагнуул, цагдаагаар хамгаалуулаад, 1930-аад оны муу ёрын саарал ордонд ард түмнээсээ нуугдаж байдаг. Ард түмэн тэнд орох эрхгүй.

Орсон ч иргэдийн хүлээн авах байр гэсэн үүдний умгар өрөөнд байж, доромжлолыг амсдаг юм. Жинхэнэ ард түмний Ерөнхийлөгч ажилдаа унадаг дугуй, эсвэл автобусаар очих ёстой. Ямар ч хүнтэй чөлөөтэй гар барьж мэндчилэх хэрэгтэй.

Бид УИХ-ын даргатай уулзъя гэсэн боловч төсөв хэлэлцэж байна гэсэн шалтгаанаар хүлээж авч уулзаагүй. Засгийн газрын байр гэж хэнийг ч оруулдаггүй хар хайрцаг болчихсон байхад бид түүнийг юу хийж байгааг яаж мэдэх юм. Үндсэн хуулийн Цэцийн Д.Одбаяр шиг нэг хүүхний өгзгийг тэврээд ч сууж байгаа юм билүү.

-Та дээр Үндсэн хуульд ард түмэн чөлөөтэй жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрхтэй гэж заасан байдаг тухай хэлж байна. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно гэдгийг ч Үндсэн хуульд заачихсан байдаг. Тиймдээ ч та гэмт хэрэгт холбогдох эрсдэлтэй юм биш үү?

-Ард түмний төлөө тэмцэж яваад хэрэг түвэгт орохоос айхгүй байна. Ард түмний төлөөх үйл хэрэг гэдэг хамгийн чухал. Хэн нэгэн хүн ард түмний төлөө тэмцэх, Засгийн газрыг, авлигачдыг татаж гаргаж ирээд шийтгэх ёстой.

Ард түмэнд үнэн үгийг хэлэх, шударга, ариун агуу их үйлсэд уриалах хэрэгтэй юм. Яг ийм чухал ажилд байгаа хүн өөрийнхөө тухай бодохын хэрэг байхгүй. Намайг тэгчих вий, ингэчих вий гэж айхын ч хэрэггүй. Тэртэй тэргүй бидний эсрэг эрх баригчид худал хуурмагийн бүхий л аппаратаа ажиллуулах болно.

-Гэрийнхэн тань хэрхэн хүлээж авч байгаа вэ. Шөнө орой суулт хийж, элдэв жагсаал цуглаан зохион байгуулаад явахаар тань санаа зовох юм уу?

-Хэлэлгүй яах вэ. “Энэ халзан өвгөн энэ тэрүүгээр гүйж явж байгаад сүйд болох вий” гэдэг юм. Би нэг талаас сул дорой хүн ч гэсэн миний хэлсэн үгийг хүмүүс хүндэтгэж хүлээж авдаг. Үнэн гэж хүлээн зөвшөөрдөг. Би Д.Сүхбаатарын талбайг ард түмэндээ хадгалж үлдэх гэж жагсаал хийсэн тэр шөнөдөө суулт зарлан, манаж хоносон.

Хөлдөөд үхэх боломж байсан ч жирийн ард түмэн надад халуун хоол, цай авчирч өгсөн. Тиймдээ ч би тэр шөнө хөлдөж үхэх биш бууз идсээр байгаад цатгалдаж үхэх аюулд орсон юм. (инээв) Тэртэй тэргүй би настай хүн, үхнэ гэдэг нь тодорхой. Д.Сүхбаатарынхаа хэлсэн үгийн дор, тэр талбайд үхэх нь илүү нэрд цэвэр байж магадгүй.

-“Монголын Үндэсний фронт”-ын ард хэн нэгэн эрх мэдэлтэн нуугдаж, энэ жагсаал цуглааныг явуулаад байгаа юм биш үү. Магадгүй танд ч мэдэгдэхгүйгээр хэн нэгэн ард нь захиалаад байгаа юм биш байгаа?

-Хэн нэгэн эрх мэдэлтэн гэж гадаадын банканд данстай, орд харштай, хүүхдүүд нь тэндээ сурдаг, өвчин туссан ч гадагшаа нисэж эмчлүүлдэг этгээдийг хэлээд байна уу даа.

Хэрэв бид засгийн эрхэнд гарах юм бол тийм этгээдүүдийн хөрөнгийг хурааж, хуулийн хариуцлага тооцох гэж байгаа. Тийм хүмүүс намайг дэмжих юм бол өөрийнхөө толгойг цусдах ажил хийж байна гэсэн үг шүү дээ. Тийм тэнэг амьтан байгаа гэж бодвол энэ нь ихээхэн гэнэн хэрэг болох байх.

-Хувийн хөрөнгийг хураана гэлээ. Яаж хураах юм бэ?

-Хувийн өмч гэдэг үгэнд хоёр янзын ойлголт байж болно. Хүмүүс ариун цагаан хөдөлмөрөөрөө ямар нэгэн өмч хөрөнгөтэй болсон байж магадгүй. Жишээ нь, би нэг эвдэрхий дугуйтай болсон.

Офшорын данстай хүн Лондонд орд харштай болсон. Энэ их мөнгийг ямар замаар олсон бэ гэдэг асуулт тавихад тэр хүмүүс хариулж чаддаггүй. Монгол Улс саяхан Саарал жагсаалтад орсон. Үүнд орох болсон нэг том шалтгаан бол Монголын банкуудын дүрмийн санд байгаа хөрөнгөнийхөө гарал үүслийг тайлбарлаж чадаагүйтэй холбоотой. 

-Та бүхэн Б.Баярмагнай генералыг яагаад хөөчихсөн юм бэ?

-Б.Баярмагнай генерал тулааны талбарыг орхиод зүгээр л зугтаачихсан юм. Бид дотоодын дайснуудтай тулалдана гэж бодож байсан болохоор эрс шийдэмгий байсан. Харин тэрбээр бидний тэмцлийг сааруулсан, саатуулсан. Энэ тухай нь түүнээс асуухад хариулж чадаагүй.

Бид ард түмний төлөө тэмцэнэ гэж андгай тангараг өргөсөн. “Андгайгаасаа няцвал амиа егүүтгэнэ гэх утга монгол зүйр цэцэн үгэнд байдаг. Нэр төрөө хамгаалахын тулд эрэлхэг самурайн ёсоор ямар нэгэн үйлдэл үзүүлэх үү” гээд асуучихсан чинь генералын нүүр царай нь хачин болоод тэр өдөртөө алга болсон.

Тэр хүний тавхайгаа гялалзуулаад зугтаасан нь бидэнд сонирхолтой биш. Бид үзэл санаандаа, ард түмэндээ, тангарагтаа үнэнч учраас тэмцлээ үргэлжлүүлэх болно. Энэ сарын 15-нд тэмцлээ хийх болно. Нөхцөл байдлыг ингэж л тайлбарлахаар байна.

Эх сурвалж: Ikon.mn

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.